Friday, October 26, 2012

Тархины цус харвалтын эсрэг өдөрлөг

 Нийгмийн Эрүүл Мэндийн Тэнхим болон Уламжлалт Анагаах Ухааны Тэнхимийн багш нар хамтран өнгөгрөгч 2012 оны 10 сарын 20 ны өдөр Тархины цус харвалтын эсрэг өдөрлөг ийг амжилттай зохион байгуулж явууллаа.


Ингээд үйл ажиллагааны үеэр авахуулсан зургийг та бүхэнд сонирхуулж байна.

























Thursday, October 25, 2012

Артерийн даралт буулгах эмийн бус арга

Артерийн гипертензи буюу цусны даралт ихдэлт нь манай улсад төдийгүй, дэлхий нийтийн насанд хүрэгчдийн дунд хамгийн их түгээмэл тархсан архаг эмгэг юм. Цусны даралт ихдэлтийн эмчилгээ нь өвчтөн, эмч, сувилагч, бусад эрүүл мэндийн мэргэжилтэн зэрэг олон хүнийг нэг баг болж, хүчин чармайлтаа нэгтгэхийг шаардсан, урт удаан хугацаанд үргэлжлэх, тухайн өвчтөний хувьд насан туршийн үйл явц билээ.

 Таны хувьд энэ багийн гишүүн нэгэнт болжээ. Иймд өөрийн эрүүл мэндийн байдлаа мэдэж, амьдралын буруу хэв маягаа нэн даруй өөрчилснөөр, шаардлагатай бол эмчийн зааврын дагуу эм хэрэглэх, цусны даралтаа хянах зэргээр тухайн эмгэгийн улмаас ирээдүйд гарч болзошгүй хүндрэлээс өөрийгөө урьдчилан сэргийлж чадна.
Цусны даралт ихдэлт нь бүрэн эдгэрдэггүй ч түүнийг хянах боломжтой. Хэдийгээр таниас ихээхэн хүчин чармайлт шаардах боловч амьдралын чанар буюу эрүүл мэндийн байдлын тань үзүүлэлт болох юм.

Цусны даралтын тухай
Таны зүрх цохилох тоолонд биеийн эд эрхтэн бүрт цус шахагдана. Цусны эргэлт явагдахын тулд тодорхой хэмжээний даралт буюу хүч шаардагддаг. Цусны даралт гэдэг нь зүрхнээс шахагдан урсаж буй цус артерийн (тараагуур) судасны дотор ханыг дарах хүч юм. Иймээс цусны даралтыг эмнэлгийн мэргэжилтнүүд артерийн даралт хэмээн нэрийддэг. Цусны даралт ихдэх үед зүрхнээс шахагдан цусны эргэлтийн системээр эргэлдэж байгаа цусны урсгалаас судасны хананд өгөх ачаалал нь илүү байдаг.
Цусны даралт ихдэлт гэж юу вэ?
Цусны урсгалаас судасны хананд, өөрөөр хэлбэл артерийн судасны дотор хананд үзүүлж буй даралт ихсэхийг артерийн гипертензи буюу цусны даралт ихдэлт гэнэ. Цусны даралт ихдэлттэй байна гэдэг нь та сэтгэл санааны хэт их хямралтай гэсэн үг биш боловч сэтгэл зовнил, түгшүүр нь цусны даралтыг ихэсгэхэд хүргэдэг. Цусны даралт ихдэхэд нэн даруй илрэх шинж тэмдэг гэж ихэвчлэн байдаггүй. Тиймээс 18-аас дээш насныхан цэрэгт явах, сургуульд элсэх, эмэгтэйчүүдийн үзлэгт хамрагдах, жирэмсний хяналтад орох, жолооны үнэмлэх авах, ажилд орох зэрэг урьдчилан сэргийлэх үзлэгээр цусны даралтын түвшин хэвийн байсан бол 2-5 жил тутамд, 40-өөс дээш насныхан жилдээ нэг удаа даралтаа заавал хэмжүүлж, хянаж байх шаардлагатай (насанд хүрэгсдийн АГ-ийн Монголын үндэсний удирдамжаас, 2010).
Цусны даралт хэмжилт
Цусны даралт хэмжилт нь даралт ихдэлтийг оношлох, эмчлэхэд нэн тэргүүнд шаарддаг гардан үйлдэл юм. Хэмжилтийг зөв хийх нь тохирсон онош, эмчилгээг эрт, зөв хийх үндэс болдог. Иймд дараахь зүйлийг мөрдлөг болгох хэрэгтэй. Үүнд:
  • Хэмжилт хийхээс 30 минутын өмнө юм идэхгүй, кофейн агуулсан зүйл уухгүй, дасгал хийхгүй байх
  • Бугалгыг чөлөөтэй байлгах богино, эсвэл дээш шуухад хялбар ханцуйтай хувцас өмсөх
  • Даралт үзэхийн өмнө бие засах, аль болох давсаг дүүрэн бус байх
  • Таван минутын турш тайван суусны дараа даралтаа үзэх
  • Анх удаа цусны даралтаа хэмжиж байгаа бол хоёр гараа хэмжин, аль өндөр талыг нь цаашдын хэмжилтэндээ байнга ашиглах
  • Цусны даралтыг хэмжих явцад юм ярихгүй, чимээгүй, хөлөө ачихгүй, шалан дээр хөлийн тавхайгаа бүрэн нааж, тайван суух
Цусны даралтын хэмжилтийг унших нь:
Цусны даралт бүхий л хугацааны туршид нэг түвшинд байдаггүй. Таны бие махбодийн хэрэгцээгээр хэлбэлзэж байдаг. Цусны даралт дээд болон доод хязгаартай байх бөгөөд тэдгээрийг мөнгөн усны баганын (МУБ) миллиметрээр (мм) хэмжиж, “ммМУБ” хэмээн тэмдэглэдэг.
Дээд хязгаар буюу дээд даралтыг зүрх агших үед цуснаас судасны хананд үзүүлж буй даралт (систолийн даралт) гэнэ. Доод хязгаар буюу доод даралтыг зүрх сулран тайван байх үеийн артерийн судасны дотор хананд цуснаас үзүүлж буй даралт (диастолийн даралт) гэнэ.
Хэрэв “АД 120/80 ммМУБ” гэж тэмдэглэсэн байвал:
  • АД - артерийн даралт буюу цусны даралт
  • 120 – дээд буюу систолын даралтын түвшин
  • 80 – доод буюу диастолын даралтын түвшин
  • ммМУБ – миллиметр мөнгөн усны багана гэж тайлж уншина.
Хэрэв таны эмч эхний үзлэгээр хоёроос дээш удаа таны цусны даралтыг хэмжээд “өндөр байна” гэж үзвэл дахин хэд хэдэн удаа давтан үзэхийг хүсэж, үнэхээр “цусны өндөр даралттай байна уу” гэдгийг батлах шаардлага гардаг. Хэдэн удаагийн эмчийн давтан үзлэгт таны даралт 120/80-140/90 ммМУБ байвал эмч 1-2 жилд цусны даралтаа хэмжүүлж байхыг зөвлөнө. Харин 140/90 ммМУБ-аа их байвал “цусны даралт ихдэлт буюу артерийн гипертензи”-тэй гэсэн онош тавьж, эмчилгээгээ таньтай зөвлөлдөхийг хүсэх болно. Таны эмчид цусны даралт ихдэлт гэдэг оношийг баталгаажуулахад хоёр ба түүнээс дээш удаагийн үзлэгийн даралтын түвшин хэрэгтэй байдаг. Хэрэв таны артерийн даралт хэт өндөр, ялангуяа доод даралт буюу диастолын даралт 120-130-иас өндөр байвал нэн яаралтай, хойшлуулшгүй эмчилгээ шаардаж байна гэсэн үг. Энэ үед тун яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй.
Доорхи хүснэгтэд АД-ын түвшингээр ангилсан байдлыг харуулжээ. Систолын даралт 140 ммМУБ-аас, диастолын даралт 90 ммМУБ-аас их байвал цусны даралт ихдэлт буюу артерийн гипертензи үүссэн хэмээн үзнэ.
Цусны даралт ихэдсэнийг хэрхэн мэдэх вэ?
Цорын ганц найдвартай арга бол артерийн даралтаа хэмжих! Гэхдээ гипертензи үүсэх эрсдэл байгааг илтгэх зарим шинж тэмдэг байх бөгөөд ойр ойрхон давтагдаж байгаа бол онцгой анхаарах шаардлагатай. Үүнд:
  • толгой өвдөх, эргэх
  • нүд “эрээлжлэх”
  • нойронд муу болох
  • дотор муухайрах
  • бөөлжих
  • зүрх дэлсэх, өвдөх, амьсгаадах зэрэг болно.

Артерийн гипертензийн эхний шатанд дээрх шинж тэмдгээс илрэхгүй ч байж болохыг анхаарах хэрэгтэй. Иймээс уг өвчний хор уршиг илүү бөгөөд “чимээгүй алуурчин” гэж нэрлэдэг юм. Өвчин үүсэж, даамжрахаас сэргийлж, биеийн байдал хэвийн байсан ч артерийн даралтаа тогтмол хэмжиж байх нь зайлшгүй шаардлагатай.
Артерийн даралт нэгэнт ихэсдэг бол хуанли дээр өдөр бүр даралтаа тэмдэглэж бай. Доорх хүснэгтийг ашиглан артерийн даралтаа тэмдэглэж болно.

Артерийн даралт буулгах бариаг өөрөө өөртөө хэрхэн хийх вэ?





Артерийн даралт ихдэх янз бүрийн шалтгаан байж болно. Үүнд:

  • илүүдэл жин- биеийн жин нэмэгдэх тусам даралт ихэсдэг. Нэмэгдэл нэг кг тутамд артерийн даралт 1-2 ммМУБ-аар өснө. Үүнд цээж, бэлхүүсний өөх их нөлөөтэй;
  • шорвог, тостой хоол- тостой, ялангуяа шорвог хоолыг хэтрүүлэн хэрэглэх нь артерийн даралт ихдэхэд нөлөөлнө. Ийм өвчтэй хүмүүсийн ихэнхи нь хэвийн даралттай хүмүүсээс гурав дахин их давс хэрэглэдгийг судалгаагаар нотолжээ;
  • тамхи татах- тамхи татахад тамхины утааны хорт бодисууд судасны ханыг гэмтээдэг. Энэ нь цусны даралтыг ихэсгэх дам эрсдэл юм. Зарим тохиолдолд ганц тамхи татахад л артерийн даралт 10-30 ммМУБ-аар нэмэгддэг байна. Зөвхөн тамхи татагч өөрт нь бус, түүний дэргэд байгаа хүмүүст мөн нөлөөлдөг;
  • хөдөлгөөний дутагдал- суугаа амьдралтай, эсвэл спортоор хичээллэдэггүй хүмүүсийн хувьд гипертензи үүсэх эрсдэл нь амьдралын идэвхтэй хэв маягтай хүмүүстэй харьцуулахад 20-50 хувиар өндөр байдаг;
  • сэтгэлзүй, нийгмийн шалтгаан- бухимдал, мэдрэлийн ядаргаа нь артерийн даралтыг ихэсгэнэ. Энэ нь ялангуяа хотын оршин суугчдад онцгой хамаатай;
  • удамшил- цусны даралт ихдэлтийн үндсэн шалтгаануудын нэг нь удамшил;
  • чихрийн шижин- бас нэгэн томоохон хүчин зүйл;
  • нас- өвчин үүсэх, даамжрах эрсдэл нь хүний настай шууд хамааралтай; Нас ахих тусам цусны даралт ихдэх эрсдэл нэмэгдэнэ.
  • хүйс – эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдээс илүү уг эмгэгт өртөх эрсдэл ихтэй.
Хэрэв танд дээрх зүйлсийн аль нэг нь байгаа бол цусны даралт ихдэлт үүсэх эрсдэл ихээхэн нэмэгдэнэ. Зүрх судасны өвчний томоохон эрсдэлт хүчин зүйл бол чихрийн шижинтэй, өмнө нь зүрх судасны өвчнөөр (ялангуяа зүрхийг тэжээгч титэм судасны эмгэгээр), харвалтаар, бөөрний өвчнөөр өвдөж байсан тохиолдол юм. Хэрэв даралт ихдэх өвчтэй хүнд эдгээр эмгэгээс хавсарсан бол ойрын 10 жилд зүрх судасны шинэ өвчнөөр өвдөх магадлал өндөр байна.
Зүрх судасны өвчнийг үүсгэх дөрвөн гол хүчин зүйл байдаг: цусны даралт ихдэх, цусны холестерин их байх, сахар их байх, тамхи татах. Танд ойрын 10 жилд зүрхийг тэжээгч титэм судасны өвчнөөр өвдөх, тархинд цус харвах эрсдэл хэр байгаагаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан эрсдэлийн түвшинг үнэлэх хүснэгтийг ашиглан тодорхойлж чадна. Эрсдэлийн түвшингээ тогтоохдоо:
  • Эхлээд чихрийн шижинтэй эсэхээ тогтоогоод, чихрийн шижинтэй, шижингүй гэсэн хоёр хүснэгтийн аль нэгийг сонгоно.
  • Сонгосон хүснэгт дээрээ өөрийн нас, хүйс, тамхи татдаг эсэх, цусны холестерины түвшин, артерийн даралтын түвшингээ тохируулан тавьж, өнгөөр ялгасан хүснэгтийн талбайгаас тохирсон өнгийг олно.
  • Сонгосон талбайн тэр өнгө нь таны эрсдэлийн түвшинг зааж өгнө.
Цусны даралт ихдэлт таны эрүүл мэндэд нөлөөлөх нь
Цусны даралт удаан хугацаагаар, тогтмол ихдэх, эмчилгээнд үр дүнгүй байх нь дараах гол чухал эрхтэнүүдэд нөлөөлдөг. Үүнд:
  • зүрх – зүрхний зүүн ховдлын булчингийн томрол, зүрхний булчингийн тэжээлийн дутагдал, эсвэл үхжил, зүрхний үйл ажиллагааны дутагдалд хүргэх;
  • тархи – тархины цусан хангамж хомсрох, эсвэл цус харвах
  • бөөр – бөөрний үйл ажиллагаа муудах
  • нүд – нүдний торлогт цус харвах, мэдрэлийн диск нь хавагнах, нэвчдэс хурах
  • захын судсанд эмгэг үүсэх зэрэг болно.
Таны цусны даралт өндөр байхын хэрээр тархинд харвалт үүсэх, зүрхний өвчнөөр өвдөх эрсдэл улам өндөрсөнө. Эрсдэл зөвхөн артерийн даралтын түвшин хэр өндөр байгаагаас хамаарахгүй үргэлжилж буй хугацаа нь чухал байдаг.
Хэрэв та артерийн даралтаа хянаж чадаж байгаа бол, өөрөөр хэлбэл даралт бууруулах эмчилгээ үр дүнтэй бол харвалт, зүрхний шигдээс, нүд, бөөрний хүндрэлийн эрсдэлийг бууруулж чадна.
Артерийн гипертензитэй өвчтөний артерийн даралтын зорилтот түвшин (даралт буугаад хүрэх ёстой зохимжит түвшин) нь систолын даралт 140 ммМУБ, диастолын даралт 85 ммМУБ-аас тус тус бага байх явдал юм.
Бөөрний өвчтэй, шээсэнд нь уураг илэрдэг артерийн гипертензитэй өвчтөний артерийн даралтын зорилтот түвшин нь систолын даралт 130 ммМУБ, диастолын даралт 80 ммМУБ-аас тус тус бага байх юм.
60 ба түүнээс дээш насныханд 140/90 ммМУБ, 80-ас дээш насныханд систолын даралтыг 150 ммМУБ хүргэх зорилт дэвшүүлнэ.
Цусны даралт ихдэлтийн үед авах арга хэмжээ
  • Эмчийн зааврыг заавал дагаж мөрдөх
Хэрэв эмч эмийн жор бичиж өгсөн бол жорын дагуу эмчилгээ хийлгэх. Эмчтэйгээ эмнээс шалтгаалан гарч байгаа аливаа нэгэн гаж нөлөө, хэвийн бус байдлын талаар ярилцаж, зөвлөгөө авах. Эмчтэйгээ зөвлөхгүйгээр хэрэглэж байгаа эмээ зогсоож болохгүй.
  • Гэрийн нөхцөлд хувийн даралтын аппаратаар хэмжилт хийх
Энэ тохиолдолд хэмжилт хийх зааврыг мөрдөж, аппаратаа зөв ажиллаж буй эсэхийг хянуулж байх. Хэрэв даралтын аппаратын талаар асууж тодруулах зүйл байвал эмчээсээ лавлах. Гэрээр даралт хэмжихэд тохиромжтой аппаратыг эмийн сангуудаас авах боломжтой.
  • Хяналтад байх шаардлагатай гэсэн эмчийн зөвлөмжийг дагах
Зөвлөмжийн дагуу эмчид давтан үзүүлэхээр ирэхдээ артерийн даралтаа хэмжсэн тэмдэглэлээ, хэрэглэж байгаа эмийн жагсаалтаа хамт авч ирэх хэрэгтэй. Учир нь зарим эм, бэлдмэл нь цусны даралтын түвшинг нэмэгдүүлдэг. Тиймээс эмч тань хэрэглэхэд хамгийн тохиромжтой эмийн бүтээгдхүүний талаар зөвлөгөө өгөх болно.
Эмчилгээг зүй ёсоор хийхгүй бол ямар хүндрэл гарах вэ?
Цусны даралт ихдэлтийн эмчилгээнд эмэн ба эмэн бус эмчилгээг хавсруулан хийнэ. Эмэн эмчилгээ хийлгэдэг эсэхээс үл хамааран амьдралын хэв маягийг өөрчлөх арга хэмжээг заавал авна. Эмчилгээ нь эмч болон өвчтөний зүгээс урт удаан хугацааны уйгагүй хөдөлмөр, чармайлтыг шаардах ба нэгэнт цусны даралт ихсэх эмгэгтэй болсон бол насан туршдаа эм уух хэрэгтэй болдог. Хэрэв эмчилгээг зүй ёсоор нь, зөв оновчтой хийхгүй, артерийн даралтаа хянахгүй бол өвчин даамжирч, амьдралын чухал эрхтэнүүдийн гэмтэл улам даамжран, хөдөлмөрийн чадвар алдах, улмаар үхэлд ч хүргэх аюултай.
Иймд эмчийн заавраар эмээ тогтмол ууж, ажил, амралтаа зөв зохицуулж, хангалттай унтан, биеийн тамираар хичээллэж, цэвэр агаарт идэвхтэй амарч чадвал амьдралын болон ажлын чадвараа удаан хугацаанд хадгалан, эрүүл урт наслах болно.
Цусны даралт ихдэлтээс хэрхэн сэргийлэх вэ?
Зөв хооллолт
Давсны хэрэглээг хязгаарлах: хоногийн давсны хэрэглээг 6 гр (натрийн агууламж 2,4 грамм) болтол нь хязгаарлах. Давсыг хэт их хэрэглэх нь цусны даралтыг ихэсгэх гол шалтгаан болохоос гадна даралт буулгах зарим эм бэлдмэлтэй харшилж, эмийн үйлчилгээг сулруулдаг. Хоол хүнсэндээ, ялангуяа цайндаа давс нэмэхгүй байх нь ач тустай. Түргэн хоол, давс ихтэй хагас болон бүтэн боловсруулсан бэлэн бүтээгдхүүний хэрэглээг хязгаарлах нь зохистой.
Эрүүл хоолны дэглэм тогтоох: жимс ногоо, тослог багатай сүүн болон бусад хүнсний бүтээгдхүүнийг хоолны дэглэмдээ ахиухан оруулах нь чухал. Өөх тос бага агуулсан хоол хүнс түлхүү хэрэглэнэ. Зөв хооллолт биеийн жинг хэвийн хэмжээнд барина. Биеийн илүүдэл жингээс сэргийлж, дараах зарчмыг баримтлах шаардлагатай. Үүнд:
  • хэт их идэхгүй байх- зөвхөн бие махбодийн энергийн зарцуулалтыг нөхөх хэмжээнд хоол хүнс хэрэглэх;
  • тогтмол хооллох- өдөрт олон удаа (4-6 удаа), бага хэмжээгээр, тогтмол цагт хооллох нь зохистой. Унтахын өмнө хэт их идэхээс зайлсхийх хэрэгтэй. Оройн хоол нь унтахаас хамгийн багадаа 2-3 цагийн өмнө байх шаардлагатай;
  •  хоол хүнсний зохистой тэнцвэрийг хангах- өдөр тутмын хоолонд 15 хувийн уураг, 30 хувийн тос, 55 хувийн нүүрс-ус агуулагдсан байх;
  • шинэхэн хүнс хэрэглэх- жимс, ногоо түлхүү хэрэглэж, хүнсийг ууранд, эсвэл хэт богино туяат болон энгийн зууханд жигнэн, чанаж болгох нь зохистой;
  • өөх тос, давс, чихрийн хэрэглээг багасгах.
Тамхинаас татгалзах
Хэрэв та тамхи татдаг бол түүнээс татгалзах хэрэгтэй. Энэ нь янжуур, сигар, гаанс зэрэг бүх төрөлд хамаатай юм. Тамхи татах нь зүрх судасны өвчин үүсэх тэргүүлэх шалтгаан болдог. Та тамхи татдаггүй ч тамхичин хүний хажууд байдаг бол өөрийгөө “дам тамхичин” хэмээн тооцож, тамхичны адил зүрх судасны өвчинд өртөх эрсдэлтэй гэж үзнэ. Иймд аль болох тамхи татаж байгаа хүний дэргэд байхгүй байхыг хичээнэ.
Архины хэрэглээгээ хязгаарлах
Архийг зохисгүй хэрэглэх нь цусны даралт ихдэхэд нөлөөлөх бөгөөд биеийн жин нэмэгдэх, цусны даралт ихдэлтийг хянах үйл явцыг хүндрэлтэй болгодог. Таны цусны даралт ихэсдэг бол архи хэрэглэхээс аль болох зайлсхийх, хэрэв архи уудаг бол архины хэрэглээгээ багасга
Биеийн хөдөлгөөн
Өдөр тутмын амьдралдаа идэвхтэй хөдөлгөөнтэй байх нь артерийн даралтыг 10-20 ммМУБ-аар бууруулдаг. Үүнээс гадна биеийн тамирын дасгал хийснээр биеийн жинг багасгаж, илүүдэл жингээс ангижрахад тусална. Биеийн дасгал хөдөлгөөн тун энгийн байхад л хангалттай. Тухайлбал:
  • явган явах- цахилгаан шат, нийтийн тээврээр зорчихоос аль болох татгалзах;
  • өглөөний дасгал хийх;
  • эрүүлжүүлэх биеийн тамираар хичээллэх- явган алхах, гүйх, усанд сэлэх, дугуй унах, цанаар гулгах;
  • цэвэр агаарт биеийн хөдөлмөр эрхлэх- тухайлбал, зуслан дээрээ ногоо тарьж, арчлах;
  • спортоор хичээллэх - гар бөмбөг, агаарын болон газрын теннис тоглох;
  • цэвэр агаарт гарах- ой мод, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах зэрэг болно.
Жингээ хасах ба барих
Илүүдэл жин нь цусны даралт ихдэлтийн шалтгаан болдог. Хэрэв илүүдэл жинтэй бол жингийнхээ 4-8 хувийг хасахад л цусны даралт 3-4 ммМУБ-аар буурна. Жин хасах үед таны хэрэглэж буй даралт бууруулах эмийн үр дүн сайжраад зогсохгүй, цусан дахь холестерин, өөх тос, чихрийн хэмжээ багасдаг.
Бухимдалтай тэмцэх
Бухимдлыг хэзээ ч тамхи татах, архи уух байдлаар тайлах гэж оролдсоны хэрэггүй. Энэ нь байдлыг улам хүндрүүлэх болно. Хамгийн үр дүнтэй арга бол бухимдал тайлах зөв аргачлалд суралцаж, биеийн эсэргүүцэх чадварыг сайжруулах юм. Үүнд бясалгал, өөрийгөө ятган тайвшруулах, йог, биеийн тамирын дасгал хөдөлгөөн онцгой нэмэртэй байдаг.
Хамгийн чухал нь!
  • Эмнэлгийн үзлэгт тогтмол орж байх нь зүйтэй.
  • Артерийн даралт, цусан дахь холестерины хэмжээг хянаж, эрсдэлийн бусад хүчин зүйлийг мэргэжлийн эмч нараар шинжлүүлэх нь өвчнийг эрт үед нь оношлох, түүнээс сэргийлэхэд тустай.
  • Нас ахих тусам зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэл улам нэмэгддэгийг санаж явах хэрэгтэй. Тиймээс 40-өөс дээш насны хэвийн артерийн даралттай хүмүүс жилд нэг удаа даралтаа эмнэлгийн ажилтнаар хэмжүүлж байх шаардлагатай юм.

Гэрийн нөхцөлд хэрхэн артерийн даралт хэмжих вэ