Tuesday, April 24, 2012

Монголын уламжлалт анагаах ухааны идээ ундааны эмчилгээний онолын үндэслэл


Монголын уламжлалт анагаах ухаанд идээ ундаа нь эмчилгээний дөрвөн ерөндөгийн нэг бөгөөд өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг эмчлэхэд чухал байр эзэлдэг (4, 5). “Анагаах ухааны дөрвөн үндэс” зохиолд “… хий болоод бадган нь хүйтэн тул усны чанартай, цус болоод шар нь халуун тул гал мэт. Хорхой шар ус нь халуун хүйтэн ерөнхийд нь оршино. Иймээс өвчнийг хэдий олон ялгавч халуун хүйтэн хоёрт багтана…” хэмээсэн байдаг.3 Өвчнийг үүсгэх дөрвөн нөхцлийн илүүдэх, дутуудах, буруудах хувиралт нь биеийн гурван махбодод нөлөөлвөл халуун хүйтэн тэнцвэрт байдал алдагдан өвчин үүсгэдэг тул өвчнийг анагаахдаа халуун хүйтнийг тэнцвэржүүлэх зарчмыг баримталдаг. 



Үүнээс үүдэн өвчин анагаах ерөндгийг халуун чанартай, хүйтэн чанартай гэж 2 төрөлд хураангуйлж халуун өвчнийг хүйтэн ерөндгөөр, хүйтэн өвчнийг халуун ерөндгөөр зохицуулан анагаадаг.3.4 УАУ-ы сурвалж бичгүүдэд “…шарын халуун тослогийн эсрэг хүйтэн тослог, бадганы хүйтэн тослогийн эсрэг халуун тослог идээ ундаа, эм засал, явдал мөрийг хэрэглэнэ…адуу, тарваганы мах, гүүний саам, айраг, үрийн тос нь шарыг арвидуулах халуун чанартай, үнээ ямааны мах, сүү нь бадганыг ихэсгэдэг хүйтэн чанартай” гэж бичсэн байдаг.3.5.6.7 Нийгмийн хөгжлийг даган хүмүүс байгалийн гаралтай идээ ундааг илүү хэрэглэх болсон өнөө үед УАУ-ы идээ ундааны эмчилгээний талаар судлан цааш улам хөгжүүлэх нь хүмүүст идээ ундаагаа тохируулан хэрэглэхэд чухал ач холбогдолтой онолын үндэс суурийг тавьж өгөх явдал юм. Бид судалгааны ажилдаа УАУ-нд халуун хүйтэн чанартай гэж тодорхойлогдох идээ ундааны эмчилгээний үйлдлийн шинжлэх ухааны үндэслэлийг тогтоох зорилго тавин ажиллаж дараах зорилт дэвшүүллээ. Халуун чанартай адууны мах, хүйтэн чанартай ямааны махны эмчилгээний үйлдлийг шар давамгай эрхтэнд халуун шар өвчин үүсгэсэн амьтны загвар дээр in vivo аргаар судлах Халуун чанартай адууны мах, хүйтэн чанартай ямааны махны эмчилгээний үйлдлийг бадган давамгай эрхтэнд эмгэг загвар үүсгэсэн амьтны загвар дээр in vivo аргаар судлах.
Судалгааны хэрэглэгдэхүүн, аргазүй
Элэгний эмгэг загвар үүсгэсэн судалгаанд 180-220 гр жинтэй Wistar үүлдрийн цагаан харх 40 толгой, уушигны хурц хавагналт үүсгэсэн судалгаанд үүлдрийн бус цагаан хулгана 40 толгойг авч ашиглав. Судалгаанд монгол үүлдрийн адууны мах, ямааны махыг судалгааны материал болгон дээжийг MNS 3201-1981 стандартын дагуу гулуузын тодорхой хэсэг буюу гуяны хэсгийг I зэргийн цул махыг дээж хадгалах ба тээвэрлэх ерөнхий зааврын дагуу тус тус бэлтгэсэн болно. Маханд дулааны аргаар боловсруулалт хийх ажиллагааг УАШУТҮК-ийн эм судлалын лабораторид гүйцэтгэв. Бид судалгаандаа туршилтын цагаан харханд 50%-CCL4-ийн тосон уусмалаар (Н.П.Скакун. 1984) элэгний хурц үрэвсэл үүсгээд адуу ямааны махыг шар махбод хөдлөх намрын улиралд нийт 14 хоногийн хугацаатай өгч явууллаа. Мөн туршилтын 20-30 гр жинтэй цагаанд хулганад адуу, ямааны мах 0.3 мл/20 гр хэмжээтэй 14 хоног, мөн Эуфиллинийг 2.14 мг/кг тунгаар өдөрт 2 удаа, нийт 5 өдөр зондоор уулгаж хэрэглэсний дараа уушигны хурц хаванг Адреналин гидрохлорид 0.25 мл/10 гр тунгаар сүүлийн венийн хураагуур судсаар аажим тарьж үүсгэв. Дурьдсан хугацаанд судалгааны амьтдыг тэжээж, халуун хүйтэн чанартай идээ ундааны эмчилгээний үйлчлэлийг УАШУТҮК-ийн ЭШТ-ийн фармакологийн лаборатори болон ШНКЭ-ийн клиник биохимийн лаборатори, Монос АУДС-ийн Эрдэм судлалын лабораторид хийж үр дүнг туршилтын амьтдын цусандах биохимийн үзүүлэлт, уушигны сурфактантын тогтворт чанар зэрэг үзүүлэлтээр тооцов. 



Энэ судалгааны арга зүйг ЭМШУИС-ийн Биоанагаахын ёс зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн зохих зөвшөөрлийг авч судалгааг эмнэлэг биологийн судалгааг явуулахад хамаарагдах олон улсын Хельсэнгийн тунхаглал болон Монгол улсад баримталдаг ёсзүйн зарчмыг баримтлан явуулсан. Судалгааны ажлын үр дүн, хэлцэмж 1. Цагаан харханд үүсгэгдсэн элэгний хурц үрэвслийн үед эсийн задрал сэдээгдэх байдал, түүнд халуун чанартай адууны мах, хүйтэн чанартай ямааны махны үзүүлэх нөлөө УАУ-ы сурвалж зохиолуудад “…элэг бол шарын ерөнхий оронд байрлаж байх бөгөөд эрүүл цус, шарын орших орон болохоор барахгүй, дүр урвасан шарын гүйх мөр болно. Иймээс орны эрхээр цус, шар дийлэнхүй халууны гэмээр өвчлөх нь үлэмж байдаг. Бадган хийн хүйтнээр өвчилсөн ч дээрх орны онцлогоос болж, хялбархан цус, шар хавсарч, цус шарын тэмдэг холилдон илэрнэ” гэж тэмдэглэсэн байдаг. 3.5.7 УАУ-ы онолоор “элэгний шарын халуун” гэж томьёолсон эмгэгийг орчин үеийн анагаах ухаанд дүйцүүлэн судлахдаа гадаад, дотоодын судлаачдын гол загвар болгон авч байсан хүчтэй прооксидант нэгдэл болох дөрвөн хлорт нүүрстөрөгчийн (CCl4) гаралтай элэгний эсийн хурц үхжлийг сонгон авлаа.1.2.11.13 Дөрвөн хлорт нүүрстөрөгч нь элэгний эсийн мембранд альфа шингэн төлвийг нэмэгдүүлж хэт исэлдэлтийг ихэсгэн эсийн хүчтэй гэмтэл задрал, элэгний хурц үрэвслийн загвар үүсгэдгийн хувьд уламжлалт анагаах ухаанд элэгний шарын халуун өвчний үед хэрэглэгдэх идээ ундааны эмчилгээний үйлдлийн механизмыг судлахад тохиромжтой загвар гэж үзэж байна. Судалгааны ажилдаа элэгний хурц үрэвслийн эмгэг загвар үүсгэсэн туршилтын амьтны элэгний эсийн задралын эрчимжих байдлыг цусны ийлдэс дэх АсаТ, АлаТ ферментийн концентрацийн өөрчлөлтөөр тодорхойлов. Туршилтын амьтанд үүсгэсэн элэгний хурц үрэвслийн үед эм хэрэглээгүй хяналтын бүлгийн амьтдын цусны ийлдэс дэх АсаТ ферментийн хэмжээ эрүүл амьтдынхтай харьцуулахад 2.05 дахин (Р<0.001), АлаТ ферментийн идэвх 2.46 дахин (Р<0.001) тус тус нэмэгдэж элэгний эсийн үхжил задрал хүчтэй явагдсан нь тогтоогдсон юм. Зураглал 1. Туршилтын амьтанд үүсгэсэн элэгний хурц үрэвслийн үед халуун чанартай адууны мах, хүйтэн чанартай ямааны махны АСАТ, АЛАТ ферментийн хэмжээнд үзүүлсэн нөлөө GI-Эрүүл бүлэг, GII-Хяналтын бүлэг, GIII-Адууны махан хоолтой бүлэг, GIV-Ямааны махан хоолтой бүлэг, GV-Харьцуулах/актовегин/бүлэг. Адууны махан хоолтой бүлгийн амьтдыг хяналтын эмчлээгүй бүлгийн амьтадтай харьцуулахад АсаТ ферментийн идэвх 1.77 дахин (Р<0.001), АлаТ ферментийн идэвх 1.34 дахин (Р<0.01) тус тус буурч байна. Харин ямааны махан хоолтой бүлгийн амьтдыг хяналтын эмчлээгүй бүлгийн амьтадтай харьцуулахад АсаТ ферментийн идэвх 1.28 дахин, Алат ферментийн идэвх 1.48 дахин (Р<0.05) тус тус буурч байна. УАУ-д хүйтэн чанартай гэж томьёологдох ямааны мах нь элгэнд хамгийн их агуулагдах аланинаминотрансферазийн идэвхийг буулгах идэвхээр илүү байна. 2. Цагаан хулганад адреналинаар уушигны хурц хавагналт үүсгэсэн эмгэг загварын үед халуун чанартай адууны мах, хүйтэн чанартай ямааны махны үзүүлэх нөлөөг судалсан туршилтын дүн УАУ-ы сурвалж бичигт ”…уушиг бол дотоод түшмэл цул бөгөөд бадганы орон юм. Иймээс уушгины биеийн зүйн үйл ажиллагаа болон өвчний хувиралт нь бадгантай холбогдолтой. Өвчилсөн үед цэр арвин болох зэрэг бадган, салс арвидсан шинж үзэгдэнэ. Уушигны өвчний хувиралт нь голдуу бадганаар шалтгаалж үүснэ. Учир нь уушги бол бадганы оронд байрлаж эрүүл бадганы орон ба урвасан бадганы гүйх мөр тул бадганаар өвчлөх нь дийлэнхүй.. хэмээн өгүүлсэн байдаг. 3.5.7 Туршлагын амьтдад адреналин тарих замаар уушигны хаван үүсгэх нь уушигны артери хэт хүчтэй агшиж цусны бичил эргэлт алдагдах, ӨХИП хүчтэй сэдээгдсэнээс 1 ба 2-р хэлбэрийн альвеолоцит эсүүд хүчтэй ишеми, гипоксид орсноос сурфактантын хурц дутагдалд хүргэдэг тухай эрдэмтдийн судалгааны материалаас үндэслэн уушигны хурц хавагналт үүсгэсэн эмгэг загварын үед халуун чанартай адууны мах, хүйтэн чанартай ямааны махны үзүүлэх нөлөөг судлах зорилтын хүрээнд дараах туршилтыг явууллаа. Судалгааны дүнгээс үзэхэд уушигны сурфактантын тогтворт чанарын үзүүлэлт адууны махны эмчилгээний бүлэгт хяналтын бүлгийн амьтдын үзүүлэлттэй харьцуулахад 54.73%-иар (Р<0.01)ихэссэн байгаа нь илэрлээ. Харин ямааны махны эмчилгээний бүлгийн амьтдад уг үзүүлэлт хяналтын бүлэгтэй ойролцоо байсан бол эуфиллин эмчилгээний бүлэгт 64.55%-иар (Р<0.01) ихэссэн байна. Зураглал 2. Халуун чанартай адууны мах, хүйтэн чанартай ямааны махны уушигны хурц хавангийн үед уушигны сурфактантын тогтворт чанарт үзүүлэх нөлөө Туршилтын дээрх үр дүнгээс харвал адууны мах нь туршилтын амьтдад адреналинаар үүсгэсэн уушигны хавагналтын эмгэг загварын үед уушигны алвеолын шалчийлтыг багасган, уушигны сурфактантын тогтворт чанарыг нэмэгдүүлсэн үр дүн үзүүлж байгаа нь “..уушигны өвчнийг бүлээн тослог чанартай идээ ундаа, явдал мөр, эм заслаар эмчлэх“ тухай УАУ-ы томьёололтой тохирч байна. Адууны махны уушигны хавагналтын эсрэг үйлдэл нь стандарт бэлдмэл болох эуфиллинээс дутахааргүй гэдэг нь харагдаж байна. Халуун шар гэгдэх альфа хэлбэрийн өвчин, хүйтэн бадган гэгдэх бетта хэлбэрийн өвчний хооронд тэнцвэр тогтооход идээ ундаа нь өөрийн халуун (альфа) буюу хүйтэн (бетта) бэлэг чанараар халуун, хүйтэн генераторын үйлдэл үзүүлж нөлөөлдөг тухай шинжлэх ухааны мэдлэг эрт бий болсон байна(М.Амбага.2000). Идээ ундааны халуун, хүйтэн, бүлээн, сэрүүн буюу биед халуун хүйтэн урвал явуулах шинж чанарыг таньж мэдсэнээр эрүүл хоол хүнсний үзэл баримтлал, идээ ундааны эмчилгээний үйлдлийн талаар зарчмын шинэ үзэл баримтлал бий болно гэж үзэж байна.
Дүгнэлт
Халуун чанартай адууны мах, хүйтэн чанартай ямааны махны туршилтын амьтанд үүсгэсэн элэгний хурц үрэвслийн үед үзүүлэх нөлөөг үзэхэд хяналтын бүлэгтэй харьцуулахад адууны махан хоолтой бүлэгт АсаТ ферментийн идэвх 1.77 дахин, ямааны махан хоолтой бүлгийн амьтдад АлаТ ферментийн идэвх 1.48 дахин тус тус буурч байна. Халуун чанартай гэж тодорхойлогдох адууны мах нь цагаан хулганад адреналинаар уушигны хурц хавагналт үүсгэсэн эмгэг загварын үед уушигны сурфактантын тогтворт чанарыг нэмэгдүүлэх болон уушигны хавагналтын эсрэг үйлдэл үзүүлж байна. Талархал Уг судалгааг гүйцэтгэхэд гүн туслалцаа үзүүлсэн УАШУТҮК-ийн ЭШТ-ийн фармакологийн секторын хамт олон, Монос АУДС-ийн багш АУ-ы доктор Ц.Мөнхтуяа нарт талархлаа илэрхийлж байна.




Нийтэлсэн тэнхимийн багш Я.Баасансүрэн

1 comment:

  1. Маш сонирхолтой судалгааны ажлаа нийтэлсэнд тань баярлалаа. Үүнтэй ижил судалгааны ажлуудыг хаанаас уншиж болох вэ?

    ReplyDelete