Monday, November 12, 2012

Сэдэв 1. Арьсны өвчин судлалын тухай ерөнхий ойлголт, түүхэн хөгжил, арьсны бүтэц, үүрэг, өвчин үүсгэх шалтгаан арьсны дайвруудын тухай


Арьсны бүтэц
Хүний биеийг гаднаас нь бүрхэн хучиж, ам хамрын хөндий, шулуун гэдэс, бэлэг эрхтний орчимд салстад шилждэг, маш нарийн бүтэц, зохион байгуулалтай, хамгаалах, дулаан зохицуулах, шүүрэл ялгаруулах, дархлалын ба бодисын солилцоонд оролцох зэрэг олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг хүний биеийн нэг чухал эрхтэн бол арьс (cutis) юм. Биеийн жингийн 5 орчим хувийг, арьсан доорх өөхөн эдтэйгээ хамтдаа бол 16-17 хувийг арьс эзэлдэг байна. Насанд хүрсэн хүний арьс 1.5- 2м2 талбайтай, 0.05-5 мм хүртэл зузаантай байдаг. Биеийн хэсгүүдэд арьсны зураглал, өнгө, зузаан нь харилцан адилгүй байна. Гарын алга ба хөлийн улны арьс хамгийн зузаан (4мм) байх бөгөөд түүнд өнгөн хөрс голлох үүрэг гүйцэтгэдэг.
Түүний гадаргуу дээрх олон тооны ховил, нугалаа, атираа нь арьсанд өвөрмөц хээ зураглалыг үүсгэдэг. Энэ нь дактилоскопийн үндэс болдог. Гарын алга нь арьсны зураглал хамгийн сайн хөгжсөн биеийн хэсэг юм.
Арьс өөрийн гэсэн өнгөтэй. Гэхдээ арьсны өнгө биеийн хэсгүүдэд өөр өөр байдаг. Тухайлбал хөх, хуйхнаг, шулуун гэдэсний амсрын арьс гүн бараан өнгөтэй байдаг бол дээд мөчдийн тэнийлгэгч гадаргуугийн арьс, нугалагч гадаргуугаасаа арай боровтор байна. Хүний бие нэлэнхүйдээ үстэй гэж үздэг боловч алга уланд үс байдаггүй. Үр хөврөлийн эхний долоо хоногоос арьсны анхны эх үүсвэр бий болно. Эктодермээс арьсны өнгөн хөрс, мезодермээс жинхэнэ арьс ба арьсан доорх өөхөн давхар үүсч хөгждөг. Ургийн хөгжлийн 3 дахь долоо хоногт арьс зөвхөн нэг эгнээ хучуур эсээс тогтсон байх ба 4 дэх долоо хоногт энэ нь хоёр эгнээ болно. Үр хөврөлийн 7 дахь сард арьсны өнгөн хөрсний бүх давхрууд бүрэн хэлбэржин хөгжиж, жинхэнэ арьсны уян болон цавуулаг ширхэг, хумс, үс, үсний хүүдий үүсч, суурийн мембраны эх үүсвэр тавигдана. Үр хөврөлийн дараагийн сард арьсны бүтэц бүрэн хэмжээгээр хэлбэржин, олон төрлийн үүрэг гүйцэтгэх нэгдмэл нэг эрхтэн болж хөгждөг.
Өнгөн хөрс нь хэлбэр хэмжээ ба гүйцэтгэх үүргээрээ өөр хоорондоо ялгаатай, эвэрлэг, тунгалаг, үрлэг, өргөст, суурийн гэсэн таван давхартай. Биеийн зарим хэсэгт тунгалаг давхар үл мэдэг байдгаас үүдэн сүүлийн үед зарим судлаачид арьсны өнгөн хөрсийг 4 давхартай гэж тодорхойлох болжээ. Өнгөн хөрс ба жинхэнэ арьсыг суурийн мембран холбоно
Өнгөн хөрсний хамгийн доод давхар болох суурийн давхар (stratum basale seu germinativum) нь суурийн мембран дээр байрлана. Суурийн давхар нэг эгнээ бортгон эсээс тогтдог
Бортгон эсүүд өөр хоорондоо   десмосом, харин суурийн мембрантайгаа хагас десмосом холбоогоор холбогдоно. Суурийн давхрын эс цитоплазм ба рибосом, митохондрий зэрэг ДНХ, РНХ агуулсан бүтцээр баялаг байна. Иймээс эдгээр эсүүд митоз хуваагдлаар идэвхитэй хуваагддаг. Эдгээр эсийн хуваагдлаас өнгөн хөрсний дээд           давхрын            эсүүд хэлбэржин хөгжинө. Хучуур эдийн эс 26-42 хоногт суурийн давхраас мөхлөг давхарт, 14 хоногт мөхлөг давхраас эвэрлэг давхарт шилждэг. Иймээс өнгөн       хөрсний нөхөн төлжилт 56-65 хоног үргэлжилнэ.
Суурийн давхрын эсийн цитоплазм дахь тонофиламент нь бөөмөө тойрч байрлах ба эсийн мембраны зүг чиглэн десмосомын багц дээр төгсдөг. Суурийн давхрын кератиноцит нь усанд уусдаггүй уургийг нийлэгжүүлдэг бөгөөд түүнийг өнгөн хөрсний үндсэн уураг болох кератины эх үүсвэр гэж үздэг юм.
Меланоцит. Меланин хэмээх нөсөө нийлэгжүүлэгч эс болох меланоцит нь суурийн давхрын бортгон эсүүдийн дунд оршдог. Меланоцит нь сэртэнт эс бөгөөд түүний сэртэн нь өргөст ба мөхлөгт давхар хүртэл үргэлжилсэн байдаг. Меланиныг нийлэгжүүлэн, меланосомыг үүсгэх нь энэ эсийн гол үүрэг юм. Хэт ягаан туяаны үйлчлэлээр меланины нийлэгжил идэвхижнэ.
Лангергансийн эс. Энэ нь 2-5 сэртэнтэй, далавч маягийн бөөмтэй, том хэмжээтэй эс бөгөөд түүний сэртэн арьсны өнгөн хөрсний мөхлөгт давхар ба жинхэнэ арьсанд нэвтэрч орсон байдаг. Лангергансийн эс арьсны дархлалын үйл ажиллагаанд чухал үүрэгтэй өөрөөр хэлбэл арьсанд макрофагийн үүрэг гүйцэтгэнэ.
Меркелийн эс. Хэмжээгээрээ кератиноцитоос том, дугираг, зуйван хэлбэртэй, сэртэнтэй эс юм. Үүнийг мэдрэхүйн мэдрэлийн ширхгийн төгсгөл гэж үздэг. Меркелийн эс нь өнгөц хүрэлцэхүйн мэдрэхүйг мэдэрч хүлээн авна.
Суурийн давхрын бортгон эсийн дээр өргөст давхар (stratum spinosum) оршдог. Өргөст давхар 3-8 эгнээ олон өнцөгт эсүүдээс тогтоно. Энэ давхрын эсүүд суурийн давхрын эсүүдийг бодвол тонофибрилл ихтэй байдаг. Эдгээр эс нь тонофибрилл, тонофиламентээс бүрдсэн цито- плазмын олон сэртэнтэй байдаг. Өргөст давхрын эсүүдийн энэхүү цитоплазмын сэртэн (десмосом холбоо) нь эсүүдийг хооронд нь холбохоос гадна тэдгээрийн дундуур эс хоорондын шингэн эргэлдэх нөхцлийг хангана.
Түүнчлэн өргөст давхрын эсүүдийн десмосом холбоо нь механик гэмтлээс хамгаалах эсийн дотоод тулгуур болж өгдөг юм. Лангергансын эсүүд ч мөн өргөст давхарт байрласан байдаг. Үүний зэрэгцээ эдийн макрофагийн нэг төрөл болох Гринстейны эс суурийн ба өргөст давхарт байрладаг.
Өргөст давхрын дээр 1-3 эгнээ, ээрүүл хэлбэрийн эсээс тогтсон мөхлөг давхар (stratum granulosum) байрлана. Биеийн хэсгүүдэд мөхлөг давхар жигд бус зузаантай байх ба алга уланд мөхлөг давхрын эс арай олон (3-4 эгнээ) эгнээтэй байдаг онцлогтой. Мөхлөг      давхрын эс хоорондын зай бага байх ба эсийн бөөмд  ДНХ, РНХ-ийн агууламж үлэмж багасах боловч эс нь бөөм, митохондри, рибосомтой байна.
Мөхлөгт давхрын эсэд филагрин нийлэгшинэ. Энэхүү филагрин нь кератогиалины      мөхлөгийн үндсэн уураг юм. Мөн эсийн цитоплазмд Орландын биенцэр буюу кератиносом бий болдог. Түүний найрлаган гликолипид,гликопротейд, чөлөөт стерин, усгүйжүүлэгч ферментүүд орно. Орландын биенцэр эс хоорондын завсарт ялгарснаар ялтаслаг, цементлэг бодис бий болдог. Мөхлөг давхрын эсэд кератогиалины мөхлөг бий болсноор эсийн хуваагдлыг идэвхижүүлэгч шүүрэл багасч, харин эсийн хуваагдлыг саатуулагч хүчин болох кейлон ба полипептидийн хуримтлал бий болно. Ийнхүү кератиноцитийн хуваагдал энэ давхарт зогсдог юм.
Гэхдээ энэ байдал хувь хүний наснаас хамаарна. ухайлбал: 5 хүртлэх насны хүүхдэд мөхлөг давхрын эс хуваагдлын идэвхээ алдаагүй байдаг.
Арьсны өнгөн хөрсний суурийн, өргөст, мөхлөг давхрыг үржлийн буюу Мальпигийн давхар гэж нэрлэдэг.
Эвэршлийн үйл ажиллагааны дүнд мөхлөг давхрын кератогиалины мөхлөг нь элейдин хэмээх уурагт шилжсэнээр тунгалаг давхар (stra¬tum lucidum) үүсч бий болно. Арьсны өнгөн хөрс сайн хөгжсөн биеийн хэсэг болох алга, уланд тунгалаг давхар хамгийн тод байдаг. Харин биеийн бусад хэсэгт үл мэдэг илэрнэ. Эвэршлийн үйл ажиллагааны цаашдын явцад элейдинээс кератин үүссэнээр эвэрлэг давхар (stratum corneum) бий болно. Энэ давхар олон давхар эвэрлэг ялтсуудаас тогтох бөгөөд эдгээр эвэрлэг ялтсууд үелж байрлан бие биедээ шигдэн орсон сэртэнгүүдээрээ (десмосом холбоо) өөр хоорондоо холбогдоно. Эвэрлэг ялтас нь усанд уусдаггүй кератин уургийг агуулсан байдаг. Өнгөн хөрсний зузааны 10%-ийг эвэрлэг давхар эзэлдэг гэж үздэг. Ер нь эвэрлэг ялтсын зузаанаар арьсны зузаан нимгэний байдалд үнэлгээ өгдөг байна.
Алга, ул биеийн хамгийн зузаан арьстай хэсэг гэгдэх бөгөөд энд эвэрлэгийн зузаан бООмкм байдаг бол зовхи, нүүр, бэлэг эрхтэн орчимд хамгийн нимгэн байна. Эвэрлэг давхрын доод ба дунд эгнээний ялтсууд хоорондоо бөх бат нягт холбогдсон байдаг. Харин дээд эгнээний десмосом холбоо эвдэрч, эвэрлэг ялтсууд хоорондоо зайтай, хөвсгөр сийрэг байрлах тул амархан гуужих боломж олгодог. Ийнхүү арьсанд физиологийн гуужилт явагдана.
Эвэрлэг давхрын гуужилт нь өнгөн хөрсний үржлийн давхрын эсийн митоз хуваагдлаар нөхөгдөж, эдгээр эсийн уургийн азот нь хүхрийн атомоор солигдон, усгүйжилт болж кератины солилцоо явагддаг. Арьсны өнгөн хөрс ба жинхэнэ арьсыг суурийн мембран зааглаж байдаг. Суурийн мембран нь 40-50нм зузаантай ба өнгөн хөрсний сэртэнг дагаж, жинхэнэ арьс руу түрж байрласан байна. Суурийн мембран нь арьсанд уян тулгуур болж хучуур эдийг холбогч эдийн коллаген ширхэгтэй бөх холбож өгөхийн зэрэгцээ өнгөн хөрсийг жинхэнэ арьс РУУ түрж ургах нөхцлийг бүрдүүлнэ. Энэ холбоо нь филамент ба хагас десмосом холбоо, холбогч эдийн ширхгийн багцаас тогтоно. Энэ нь эсрэгтөрөгч, эсрэгбие, тэдгээрийн нэгдэл, бусад биологийн идэвхит медиатруудыг арьсанд нэвтрэхээс хамгаалах үүрэг гүйцэтгэдэг юм. Түүнчлэн арьсны өнгөн хөрс ба жинхэнэ арьсан давхрын хоорондох солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Өнгөн хөрс нь цусны судасгүй тул нягт наалдаж байрласан, жинхэнэ арьсан дахь цусны судаснаас нэвчүүлэх замаар тэжээлээ авна.
Жинхэнэ арьс-Дерм
Арьсны бүтцийн нэг чухал хэсэг нь холбогч эдээс тогтсон жинхэнэ арьсан давхар юм. Жинхэнэ арьсны зузаан 0.49-4.75мм байдаг. Дерм нь өөр хоорондоо тодорхойгүй зааглан оршдог хөхлөг (stratum papillarae) ба торлог (stratum reticularae) гэсэн хоёр давхартай байна.
Хөхлөг давхарт хөвсгөр холбогч эд давамгайлан орших бөгөөд түүний бүтцэнд үндсэн бодис, уян, цавуулаг, торлог ширхгийг агуулсан тодорхой бүтэцгүй хэсэг ба тэдгээрийн завсраар      фибробласт-ширхэг төрүүлэгч эс, фиброцит, гистиоцит, тарган эс, нөсөөт эс-меланофор зэрэг олон тооны эсүүд байдаг. Мөн өнгөн хөрс ба дермийг тэжээгч цусны судас, тунгалгийн судас, гөлгөр булчин, мэдрэлийн ширхэг ба мэдрэлийн төгсгөлүүд, үс, тосны булчирхай, хөлсний булчирхайг агуулна. Арьсны хөхлөгийн тоо алга, уланд хамгийн олон бөгөөд өндөр, нүүрэнд цөөн бөгөөд намхан байдаг байна.
Жинхэнэ арьсны үндсэн хэсгийг торлог давхар гэж үздэг. Энд холбогч эдийн үндсэн бодис, цавуулаг ширхгийн багц, түүнийг тойрч уян ширхгийн тор, тэдгээрийн завсраар цөөн тооны эс байрласан байна. Арьсны бөх бат чанар жинхэнэ арьсны торлог давхрын бүтцээс хамаардаг. Хүний биеийн янз бүрийн хэсгүүдэд арьсны бөх бат байдал харилцан адилгүй.
Нүүрний арьсанд дерм нь булчинтайгаа нягт холбоотой байдаг тул нүүрний арьс булчингийн агшилтаар хөдөлж, түүний дүр төрхийг өөрчлөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Арьсан доорх өөхөн давхар Гиподерм
Энэ нь өвөрмөц үүрэг бүхий холбогч эд юм. Арьсан доорх өөхөн эд нь сүлжилдэн байрласан холбогч эдийн ширхгийн багц, олон тооны, бөмбөлөг хэлбэрийн өөхний эсүүдийн бөөгнөрлөөс тогтоно. Гиподермид цусны судас, мэдрэлийн ширхэг, мэдрэлийн төгсгөл, хөлсний булчирхай, үсний хүүдий байрлана. Арьсан доорх өөхөн эд нь фасци хүрч төгсөнө. Арьсан доорх өөхлөг эдийн зузаан биеийн хэсгүүдэд өөр өөр байдаг. Тухайлбал хуйханд 2мм зузаан байдаг бол өгзөгт Юсм хүрнэ. Харин зовхи, хумс, тээрхийн уг, бэлгийн бага уруул, хуйхнаг зэрэг биеийн хэсгүүдэд арьсан доорх өөхлөг давхар огт байдаггүй.
Арьсны булчин
Цусны судас, үсний хүүдий ба холбогч эдийн эсийг тойроод гөлгөр булчингийн ширхгийн сүлжээ арьсанд байна. Үсэнд бэхлэгдсэн гөлгөр булчин нь үсний хөдөлгөөнийг нөхцөлдүүлж байдаг ба үүнийг үс өргөгч булчин (mm.arrectores pilorum) гэж нэрлэдэг. Толгойн хуйх, хацар, дух, гар, хөлийн нугалагч хэсэгт гөлгөр булчин, нүүрэнд хөндлөн судалт булчин байрлана.
Арьсан дахь цусны ба тунгалагийн судас
Арьсыг тэжээж буй цусны судас арьсан доорх өөхөн давхрын дор байрладаг фасцийн цусны судасны сүлжээнээс эхлэлтэй байна. Энэ сүлжээнээс эхэлсэн цусны судас нь жижиг салаалж, хоорондоо анастомоз үүсгэн жинхэнэ арьсны доорх артерийн сүлжээг үүсгэнэ. Жинхэнэ арьсны доорх артерийн сүлжээ нь цааш салаалж, анастомоз үүсгэн, эгц ба ташуу чиглэлээр дээш салаалж жинхэнэ арьсны хөхлөг ба торлог давхрын заагаар арьсны цусан хангамжийн өнгөц сүлжээг үүсгэдэг. Артериол нь арьсны цусан хангамжийн өнгөц сүлжээнээс эхлэлээ авах ба артериолын төгс- гөлийн гогцоорсон бүтэц нь жинхэнэ арьсны хөхлөгт үүснэ. Арьсны хөхлөг давхрын 1мм2 талбайд байх капиллярийн тоо нь биеийн хэсгүүдэд өөр өөр буюу дунджаар 16- 66 байдаг. Арьсны дайвар эрхтэнүүд болох үсний хүүдий, тос ба хөлсний булчирхай нь гүн сүлжээний хэвтээ салаанаас цусан хангамжаа авна.
Арьсны венийн судасны сүлжээ нь хөхлөгт, капиллярийн дараах судаснаас эхлэх ба артерийн сүлжээг дагасан 4 том сүлжээ арьсан доорх өөхөн давхарт байрлана. Арьсан дахь нэгэн төрлийн ба өөр төрлийн судас хоорондоо анастомоз үүсгэх нь арьсны цусан хангамжийн нэг онцлог юм. Мөн арьсан дахь судас нь гломус хэмээх нэгэн өвөрмөц холбоо өөрөөр хэлбэл артериол ба венул нь капилляргүйгээр хоорондоо богино холбоо үүсгэдэг. Энэ нь биеийн дулаан зохицуулах ба капилляр, булчин, мэдрэлийн төгсгөл үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай дотоод хүчдэлийг нэгэн түвшинд барьж байхад оролцоно.
Арьсны тунгалагийн сүлжээ нь арьсны цусан хангамжийн өнгөц ба гүн сүлжээний дээр байрласан хоёр сүлжээнээс бүрдэнэ. Тунгалагийн судас нь өөр хоорондоо хавхлаган анастомоз үүсгэн арьсан дорх өөхөн эдээр дамжин булчингийн фасции ба апоневрозын заагт Plexus Lymphaticus cutaneus хэмээх сүлжээг үүсгэнэ.
Арьсны мэдрэлжүүлэлт
Арьс нь гадаад, дотоод орчинг тусгаарлах ба бүх төрлийн цочруулыг хүлээн авна.
Арьс нь төв ба вегетатив мэдрэлийн системээр мэдрэл- жүүлэгдэх боловч мэдрэхүйн өвөрмөц рецептортой байдаг. Арьсанд хөлс, тосны булчирхай, үсний хүүдий ба судсыг мэдрэл- жүүлдэг, мод хэлбэрээр салаалсан болон түүдгэнцэр хэлбэрийн ердийн мэдрэлийн төгсгөл, бүрхүүлтэй биенцэр ба мэдрэлийн төгсгөл байдаг. Мэдрэлийн гол сүлжээ нь арьсан доорх өөхөн давхарт байрлана. Мэдрэлийн гол сүлжээ нь дээш салаалж, хөхлөг давхрын доод хэсэгт, мэдрэлжүүлэлтийн өнгөц сүлжээг үүсгэнэ. Өнгөц сүлжээ нь хөхлөг ба өнгөн хөрсөнд тэнхлэгийн цлиндр хэлбэрээр салаалж, өнгөн хөрсний үрлэг давхар хүртэл явахдаа миелин бүрхүүлээ орхин, энгийн өргөсөл ба нарийсал болж төгсөнө.
Арьсанд чөлөөт мэдрэхүйн төгсгөлөөс гадна янз бүрийн цочролыг мэдэрдэг өвөрмөц мэдрэхүйн төгсгөл байна. Жишээлбэл: Мейс- нерийн биенцэр нь хүрэлцэх мэдрэхүйн үүрэг гүйцэтгэнэ. Краузийн лонхонцор нь хүйтнийг мэдэрдэг бол дулааныг мэдрэхэд Руффины биенцэр оролцоно. Хүний биеийн орон зайн байрлал, даралтыг Фатер Пачины биенцэр хүлээн авдаг юм. Арьсны өнгөн хөрсөнд байрладаг чөлөөт мэдрэхүйн төгсгөлүүд нь өвдөх, загатнах, хорсох мэдрэхүйг мэдэрнэ. Нимгэн холбогч эдэн бүрхүүлтэй, дотроо мэдэрхүйн өвөрмөц эс агуулсан өнгөц мэдрэхүй биенцэр нь хөхлөг давхарт оршино.
Хөхлөгийн дор орших Краузийн лонхонцорын дугуй зууван хэлбэртэй дээд төгсгөл нь хөхлөг рүү чиглэсэн байрлалтай байдаг. Жинхэнэ арьсны гүн хэсэг ба арьсан доорх өөхөн давхрын дээд хэсэгт Руффины биенцэр оршдог. Энэ нь холбогч эдэн бүрхүүлтэй бөгөөд түүнд мэдрэлийн тэнхлэгийн цлиндр олон салаанд хуваагддаг. Фатер Пачины биенцэр бүрхүүлэн бүтэцтэй бөгөөд арьсан дорх өөхлөг давхарт байрладаг.
Мөн судасны гадаргуугаар байрласан олон тооны вегетатив мэдрэлийн ширхгүүд арьсанд байдаг. Эдгээр ширхэг нь арьсны хэвийн байдлыг хангадаг судасны үйл ажиллагааг зохицуулна.
Арьсны дайвар эрхтэн
Арьсны дайвар эрхтэнд үс, хумс, хөлс ба тосны булчирхай багтдаг. Эдгээр дайвар эрхтэн нь үр хөврөлийн гадна давхраас үүсч хөгждөг.
Үс Pili
Үр хөврөлийн хөгжлийн 2 дахь сарын сүүлч, 3 дахь сарын эхээр үс үүсэх анхны эх үүсвэр тавигддаг. Арьсны өнгөн хөрсний суурийн давхарт үүссэн сэртэн цаашдаа үсний хүүдийн эхлэл болно. Үр хөврөлийн 4-5 дахь сард анхдагч үс нь шар үс (Lamigo) болон хөгжиж алга, ул, уруулын улаан, хөхний толгой, бэлгийн бага уруул, тээрхий, тээрхийн арьсны дотор хэсгээс бусад биеийн бүх хэсэгт үүснэ.
Үсний арьсны гадаргуугаас дээш нүдэнд харагдах хэсгийг үсний ил хэсэг, арьсан дотор байрлах хэсгийг үсний уг гэж нэрлэнэ. Үс арьсны өнгөн хөрснөөс гарах хэсэгт бага зэргийн цүлхэн байдаг. Үсний угийн хэсэг нь фолликулд байрлана. Үсний фолликулд үс өргөгч булчин бэхлэгддэг. Үс нь тархилаг, холтослог ба кутикул гэсэн 3 давхартай. Тархилаг бодис нь үсний угт байрладаг бол бие биедээ нягт хүрэлцэж байрласан эвэршсэн эсүүд нь үсний ил хэсгийг бүрдүүлнэ. Үсний угийн төгсгөлийн өргөссөн хэсгийг булцуу гэнэ. Булцууны төвд, арьсан доорх өөхөн эдээс түрж орсон цусны судас, мэдрэлийн ширхгүүдтэй хөхлөг байх ба энэ нь үсний ургалтыг хангаж байдаг. Үсний фолликулын дээд хэсэгт байгаа цүлхэн нь 1-3 эгнээ хучуур эсээр хучигдана. Тэдгээр эсүүд нь гликоген, тонофибрилл, кератогиалин, кератосомоор бая- лаг байдаг. Мөн үсний хүүдийн цүлхэнгийн хэсэгт тосны булчирхайн цорго нээгдэнэ. Үсний өнгө түүний тархилаг хэсэгт агуулагдаж байгаа ДОФА (дезоксифенилаланин) эерэг меланоцитын нөсөөнөөс хамаардаг.
Үсийг гадаад байдлаар нь шар үс, ширүүн үс, урт үс гэж ангилна. Шар үс нь бүх биеийн гадаргууг хучиж байдаг. Толгойн үсийг урт үс, сахал, сормуус, хөмсөг, бэлэг эрхтэний үсийг ширүүн үс гэнэ. Үс аажим алгуур ургадаг. Хоногт үс ойролцоогоор 0.3-0.5мм ургадаг гэж үздэг. Хавар ба зуны улиралд үсний ургалт арай хурдан байдаг.
Хүүхдийн үсний булцуу нь арай өнгөц байрлалтай өөрөөр хэлбэл арьсан доорх өөхөн давхарт хүрэхгүй, зөвхөн жинхэнэ арьсанд байрладаг. Насанд хүрсэн хүний үсийг бодвол хүүхдийн үс нь ус ихтэй, уян ба зөөлөн кератин ихээр агуулсан байна. Хүүхдүүд арьсны мөөгөнцөрт өвчинд их өртөмхий байдаг нь үсний биохимийн ба физиологийн онцлогтой холбоотой юм.
Хумс Ungues
Үр хөврөлийн гурван сараас эхлэн хумсны анхны эх үүсвэр үүсч бий болдог. Эхлээд хумсны хэвтэш үүснэ. Улмаар хэвтэшний хучуур эд нь зузаарч, холбогч эдээр хүрээлэгддэг. Цаашдаа түүний хучуур эдийн хэсгээс нягт, хатуувтар бүтэц болох хумсны уг үүснэ. Ингээд эвэршлийн процесстой нягт холбоотойгоор эвэрлэг ялтас-хумс үүсдэг байна. Иймээс хумс нь хэвтэш дээр байрлаж байгаа, гялалзсан гадна бүрхүүлтэйгээ (lamina externa) нягт хүрэлцсэн, эвэрлэг ялтаснаас тогтоно. Хумс хажуу ба угийн хэсгээрээ арьсаар хучигдсан байдаг. Үүнийг хумсны этэр гэнэ. Хумсны угийн этэр нь нум хэлбэртэй бөгөөд хумсны их биеийн төгсгөлийн хэсгийг хучиж улмаар нимгэн эвэрлэг хальс (eponichium) үүсгэн хумсыг хучиж байна. Хумсны угийн этэрээс ил гарсан өчүүхэн бага, цагаан өнгөтэй, хагас саран хэлбэртэй хэсгийг хумсны "cap" гэдэг. Арьсны өнгөн хөрсний бүтэцтэй (гэхдээ эвэрлэг ба үрлэг давхар байхгүй) хумсны угийн хэсгээс түүний ургалт явагдана.
Хөлсний булчирхай
Үр хөврөлийн хөгжлийн 2 дахь сараас хөлсний булчирхайн анхны эх үүсвэр бий болно. Хүүхэд төрөхөд хөлсний булчирхай бүтцийн хувьд бүрэн хэлбэржин тогтсон байдаг хэдий ч үйл ажиллагааны идэвхигүй байдаг. Хөлс ялгаруулах үйл ажиллагаа нь хүүхдийг 2 нас хүртэл аажим алгуур нэмэгдэнэ. Хүүхдэд ялангуяа 1 хүртлэх насанд хөлс ялгаралт нь үл мэдэгдэм (рег- spiratio insensibilis) байдалтай байна. Бэлгийн бойжилтын наснаас эхлэн хөлс ялгаралт насанд хүрэгчдийн адил болно.
Хөлсний булчирхайг шүүрэл ялгаруулах байдлаараа энгийн хөлсний булчирхай буюу мерокрин (эккрин), шүүрэл            ялгаруулах байдлаараа өвөрмөц буюу апокрин хөлсний булчирхай гэсэн 2 төрөл болгон авч үздэг.
Энгийн хөлсний булчирхай Glandulae sudoripare
Энэ нь энгийн гуурст бүтэцтэй, мерокрин (эккрин) байдлаар хөлсөө ялгаруулна. Хөлсялгаруулах эсийн үйл ажиллагаа, осмосийн ба диффузийн процессийн дүнд хөлс ялгардаг. Хөлсний булчирхайн төгсгөлийн, түүдгэнцэр хэлбэртэй тахиралдсан хэсэг нь жинхэнэ арьс, арьсан доорх өөхөн давхрын заагт байрлана. Харин хөлс дамжуулах хэсэг нь арьсанд тэгш хэмтэй байрлан, хөлс ялгаруулах цорго нь арьсны гадаргууд нээгддэг.
Хөлсний булчирхай биеийн гадаргууд тархмал байрлана. Арьсны 1 см: талбайд 200-800 хөлсний булчирхай байдаг гэж үздэг. Гэхдээ гарын алга, хөлийн уланд хөлсний булчирхай хамгийн олон тоотой байх ба тээрхий, тээрхийн арьсны дотор тал, бэлгийн их, бага уруулд огт байдаггүй. Завсрын тархины III ховдлын эсэд байрладаг хөлсний булчирхайн үйл ажиллагааг зохицуулах төв, өвөрмөц түүдгэнцэрт байгаа захын мэдрэлийн төгсгөлүүд энэ булчирхайн үйл ажиллагааг зохицуулдаг.
Апокрин булчирхайн Glandulae apocrinicae
Түүний ялгаруулах шүүрэлд уг булчирхайн эсийн бүтэц оролцдог тул эккрин булчирхайнаас ялгаатай байна. Энэ булчирхай нь гуурсан бүтэцтэй хэдий ч хэмжээгээрээ том ба өвөрмөц байрлалтай. Апокрин булчирхай нь бэлэг эрхтэн, шулуун гэдэс, хөхний толгой ба суганд байрлан, цорго үсний хүүдийд нээгдэнэ. Апокрин булчирхай хүүхдийг 1 нас хүрэхэд бүрэн хөгжиж гүйцэх боловч үйл ажиллагаа нь бэлгийн бойжилтын насанд эхэлдэг. Гэхдээ энэ булчирхайн үйл ажиллагаа нь бэлгийн булчирхайн шүүрлийн фазтай давхцан цикл маягаар явагдана. Иймээс бэлгийн бойжилтын хоёр дахь шинжийн нэг гэж үздэг.
Тосны булчирхай Glandulae sebacea
Үр хөврөлийн хөгжлийн 2-3 долоо хоногоос эхлэн тосны булчирхайн эх үүсвэр бий болж улмаар ураг эхийн хэвлийд байхад түүний үйл ажиллагаа маш идэвхитэй байдаг тул хүүхэд төрөхдөө тосорхог, тосон бүрхүүлтэй байна. Үүнийг vernix саseosa гэж нэрлэдэг.
Тосны   булчирхай нийлмэл цулцант бүтэцтэй, шүүрлийн эсүүдийн       эвдрэлийн улмаас Голокрин байдлаар шүүрлээ ялгаруулдаг арьсны дайвар эрхтэн юм. Уг булчирхайн эсийн ялгаран хөгжилт захаасаа төв рүү чиглэлтэй байх бөгөөд эсэд тосны цэврүүнүүд тасралтгүй ихэснэ. Үүний улмаас эс бүтцээ алдан, эсийн бүрхүүл задарч, тос ялгардаг. Тосны булчирхайн ерөнхий цоргоны хананы бүтэц арьсны өнгөн хөрсний бүтэцтэй адил байдаг. Харин цоргоны салаалсан хэсэгт эвэрлэг ба мөхлөгт давхар байдаггүй.
Тосны булчирхай үсний хүүдийн эргэн тойронд байрлан, үсний хүүдийн дээд хэсэгт буюу өнгөн хөрсний дор цоргоо нээдэг. Ер нь нэг үсний хүүдийг тойрч 6-8 тосны булчирхай байрлана. Ийм учраас хэвийн байхдаа арьсны үстэй хэсгүүд тосон бүрхүүлтэй байна. Тосны булчирхай нүүр, нуруу, толгойн үстэй хэсэг, бэлэгт эрхтэнд олноороо байрласан байдаг.
Гэхдээ арьсны гадаргууд шууд цоргоо нээдэг, бие даасан байдлаар оршдог тосны булчирхай ч бас бий. Ийм булчирхай нь нүүр, тээрхий, бэлгийн хөвч, бэлгийн бага уруул орчмоор тархмал байрлана. Харин гарын алга, хөлийн уланд тосны булчирхай огт байдаггүй. Хүүхдэд тосны булчирхай нь том хэмжээтэй байдаг онцлогтой. Хөлс, тосны булчирхай нь арьсны дархлалын ба биохимийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй юм.
Aм ба уруулын салст бүтэц
Арьс ба салстыг бүрдүүлж буй бүтэц төстэй боловч тэдгээрийн хооронд тодорхой ялгаа бий Амны хөндийн салстын гадаргуу гөлгөр, арьс шиг тод зураглалгүй, өнгө нь нилээд улаан ягаан байдаг. Салст нь үс болон хөлсний булчирхайгүй бөгөөд цөөн тооны тосны булчирхайтай байдаг. Харин амны хөндийн салст нь шүлсний булчирхайтай байдаг тул шүлс нь түүнийг байнга чийглэг байх нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ амны хөндийд хоол хүнсэн дэх нүүрс усыг боловсруулахад оролцоно.
Амны салст нь хучуур эдэн давхар эпители, үндсэн давхар (lam¬ina propria mucosae), салстын доорх давхар гэсэн 3 давхраас тогтоно. Амны салстын хучуур эдэн давхар нь суурийн ба өргөст давхартай байдаг. Гэхдээ өргөст давхрын өнгөн хэсэг нь хэдэн эгнээ хавтгай эсээс тогтох боловч амны хөндийн даралт үрэлт ихтэй хэсгүүдэд эдгээр эс нь кератогиалины мөхлөгийг агуулсан байдаг.
Мөн суурийн ба өргөст давхарт сэртэнт хэлбэрийн эс болох Лангергансийн эс оршдог. Амны салстын холбогч эдийн бүтцэд салстын үндсэн давхар (lam¬ina propria mucosae) ба салстын доорх давхар хамрагдана. Үндсэн давхар нь нягт холбогч эдээс тогтож, хучуур эд рүү гүн түрсэн хөхлөгүүдийг үүсгэдэг. Энэ хэсэгт уян ба цавуулаг ширхэг, цусны судас, лимфийн судас, мэдрэлийн ширхэг, мэдрэлийн төгсгөл, шүлсний булчирхай оршдог. Салстын доорх давхар хөвсгөр холбогч эд, цусны судас, тунгалагийн судсаар баялаг ба өөхний эсүүд, олон жижиг шүлсний булчирхайн төгсгөлүүдтэй байна. Тухайн хэсгийн үйл ажиллагаанаас хамаарч амны салстын янз бүрийн хэсэг харилцан адилгүй зузаантай байдаг. Тагнай, хэл, буйлны салстын тодорхой хэсэгт гуужилт явагддаг.  Хэлний утаслаг хөхлөгийн оройн хэсэг, хатуу тагнайн хуниас нугалаанд хэдэн эгнээ бөөмгүй эсүүд байдаг нь эвэршлийн үйл ажиллагааг тодорхойлно. Амны салст хавтгай улаан үлд, улаан чонон яр, лейкоплакии зэрэг архаг үрэвсэлт өвчнүүдийн үед үрлэг ба эвэрлэг давхар үүсгэх байдлаар эвэршдэг. Энэ үед салстад бүүдгэр цагаан өнгөтэй өнгөр тогтсон голомт үүсч, энэ нь амархан хусагддаггүй онцлогтой байна. 
Хатуу тагнай
Хатуу тагнайн салст жигд биш гадаргуутай бөгөөд тагнайн заадас, түүний сэртэнгийн орчим буйлны салсттай адил, нягт, цайвар ягаан, салстын доорх давхаргүй, тагнайн заадасны хоёр талаар салстын доорх давхартай байдаг. Голын үүдэн шүдний ард байгаа тагнайд хөхлөг үүссэн байдаг. Уран тагнайн урд хэсэгт 2 тал руугаа 3-4 үрчлээтэй, тагнайн арын хэсгээр салслагийн булчирхай элбэг байна.
Зөөлөн тагнай
Зөөлөн тагнайн салстын үндсэн болон салстын доорх давхрын зааг дээр холбогч эдийн уян ширхгүүд сайн хөгжсөн байдаг бөгөөд хучуур эдэн давхар нь олон давхар эвэршдэггүй хучуур эдээс тогтдог байна.
Хэл
Хэл нь булчинлаг эрхтэн бөгөөд зажлах, залгих, хөхөх, амтлах үйл ажиллагаанд оролцдог. Хэлний уг ба ард хэсэг нь Ү хэлбэрийн ховилоор зааглагддаг. Хэлний доод гадаргуу нь гөлгөр байх ба олон давхар, эвэршдэггүй хучуур эдээс бүрдэнэ. Хэлэнд салстын доорх давхар байдаггүй харин утсан, мөөгөн, хуудсан ба шигтгээн зэрэг хэд хэдэн төрлийн хөхлөгтэй байдгаараа амны хөндийн бусад хэсгийн салстаас ялгаатай. Хэлийг баруун зүүн хэсэгт хуваасан шугамын дагуу 0.3 мм урт, олон тоотой, хэлний дээд талыг хучсан утсан хөхлөг байдаг. Утсан хөхлөг нь нарийн шовх үзүүртэй, орой нь ялимгүй эвэршиж гууждаг учир хэл ерөнхийдөө цайвар харагддаг. Харин хоол боловсруулах эрхтний эмгэг, үрэвсэлт ба халдварт өвчний үед утсан хөхлөгийн хэвийн гуужилт алдагдаж хэл өнгөртөнө. Мөөг шиг шилбэ, малгайнаас тогтох мөөгөн хөхлөгүүд хэлний урд хэсгээр энд тэнд таруу байрладаг. Эвэршдэггүй хучуур эдээр хучигдсан учраас цусны судсууд гэрэлтэж, хөхлөгүүд тод улаан өнгөтэй байх бөгөөд улаавтар цэг мэт харагдана. Дэлгэсэн номын хуудас шиг харагдах хуудсан хөхлөг нь хэлний уг ба хажуугаар 15-20 ширхгээр бөөндүү байрлана. Ү хэлбэрийн заагийн дагуу 6-16 ширхгээр байрлах давхар хүрээтэй, дугуй хэлбэртэй, шигтгээн хөхлөгийн үүсгэсэн хүрээнд шүлсний жижиг булчирхайнууд байрлана.
Уруул
Уруул нь цагираг булчингаас тогтох бөгөөд гадна талаараа арьсаар, дотроосоо салстаар хучигдана. Салстын гүнд олон жижиг холимог булчирхай байдаг тул уруул нь хөвсгөр, зөөлөн байдаг. Уруулын улаан нь арьс салстын зааг бөгөөд уруулын улаан ба салстын заагийг Клейны шугам гэнэ. Уруулын салст нь салстын доорх давхаргүй. Уруу- лын салст бүрхүүл, булчингийн зааг дээр олон тооны жижиг шүлсний булчирхайнууд байрлана. Уруулын улаан олон давхар эвэршдэг хучуур эдээр, амны хөндийн үүдэвч тал нь олон давхар эвэршдэггүй хучуур эдээр хучигдсан байдаг.
Хүүхдийн арьсны бүтцийн онцлог
Нярай үеэс бэлгийн бойжилтын \е хүртэл бүх хугацаанд хүүхдийн бие махбод өсөн торниж, байнга еөрчлөгдөх зүй тогтолтой. Насны байдал нь хүүхдийн хэвийн өсөлт торнилтын нөхцлийг бий болгодог учир янз бүрийн өвчнийг эмчлэх ба >рьдчилан сэргийлэх боломжийг олгодог. Хүүхэд ахуй цагийн бүх явцад гардаг онцлог өөрчлөлтүүд нь эрүүл үү, эмгэг өөрчлөлт бий болж байна уу? гэдгийг дүгнэх боломж өгдөг.
Ургийн анхны долоо хоногт үр хөврөлийн хоёр давхраас арьсны анхны эх үүсвэр тавигддаг байна. Арьсны өнгөн хөрс үр хөврөлийн эктодермээс, жинхэнэ арьс ба арьсан доорх өөхлөг эд нь мезодермээс үүснэ. Ургийн 2 дахь сарын сүүлчээр өнгөн хөрс 2 эгнээ олон өнцөгт эсээс тогтдог бол жинхэнэ арьсанд уян ба цавуулаг ширхэг, үсний хүүдий, тос, хөлсний булчирхай үүсч бий болдог.
Харин ургийн хөгжлийн 4 дэх сарын сүүлч, 5 дахь сарын эхэн болоход өнгөн хөрсний бүх давхар үүсч, уян ба цавуулаг ширхэг бүрэн хэлбэржин, хумс, үс, өөхний эсийн бөөгнөрөл үүсч эхэлдэг. Тосны булчирхайн эх сурвалж 2-3 дахь долоо хоногт эхэлж, 3-4 сард бүрэн хэлбэржинэ. Иймээс хүүхэд төрөхдөө тосон бүрхүүлтэй (Vernix caseosa) байдаг. Харин хөлсний булчирхайн эх үүсвэр ургийн 2 дахь сард, апокрин булчирхай 2-3 дахь сард бий болно. Үсний анхны эх сурвалж ургийн 2-3 дахь сард эрүүний орчимд бий болох бөгөөд 4-6 дахь cap гэхэд бүх биеийн үсний эх үүсвэр тавигддаг. Энэ анхдагч үс нь тархилаг бодисгүй байх бөгөөд амархан унадаг. Ургийн 3 дахь сараас хумсны эх үүсвэр тавигдах боловч хумс харьцангуй удаан боловч ургасаар жирэмсний хугацаа дуусахад хумс хурууны үзүүрт хүрдэг юм. Иймээс ургийн хөгжлийг үнэлэх нэг шалгуурт хумс ордог байна.
Ийнхүү арьсны бүтцийн үндсэн хэсгүүд жирэмслэлтийн хоёрдугаар хагаст бүрэлдэн тогтдог байна.
Хүүхэд ахуй цагийн янз бүрийн шатны насанд харьцангуй төлөвшилтийг хялбарчлан хуваахын тулд хүүхдийн хөгжлийг үндсэн 6 үед хуваан авч үздэг. Үүнд:
1.         Нярай үе. Хүүхэд төрөөд 4 долоо хоног хүртлэх хугацааг нярай үе гэнэ
2.         Хөхүүл нас. Хүүхдийн 4 долоо хоногоос 1 нас хүртлэх хугацааг хөхүүл нас.
3.         Бага нас буюу 1-3 нас.
4.         Сургуулийн өмнөх нас буюу
5.         7 нас.
6.         Сургуулийн бага нас буюу 7-12 нас.
7.         Өсвөр нас буюу 12-18 нас.
Хүүхэд ахуйн өсөлт бойжилтын дээр дурдсан насны харьцуулалт нь хүүхдийг зүй зохистой зөв арчлах, тэжээж хооллох, насны онцлогт тохируулан хүүхдийг хүмүүжүүлэх, аливаа өвчнийг зөв эмчлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зэрэгт эмч нарт маш ач холбогдолтой юм.
Төв мэдрэлийн тогтолцоо, дархлалын үйл ажиллагаа, бодисын солилцоо гүйцэт хөгжөөгүй, харь- цангүй тогтвортой бус, хангалтгүй байдал 3 нас хүртэлх хүүхдэд тод ажиглагддаг.
Үүний зэрэгцээ хүүхдийн арьс судсаар баялаг, хөвсгөр, ус ихтэй, судасны хананы нэвчимтгий чанар их байдаг тул 0-7 нас хүртлэх хүүхдэд харшлын урвал илрэх нь элбэг бөгөөд илрэл нь хүчтэй байдаг байна. Нярай хүүхдийн арьсны өнгөн хөрс нь маш нимгэн, арьсны хээ, зураглал бараг мэдэгдэхээргүй, зөвхөн алга, уланд нь гүйцэт хөгжсэн байх боловч түүний зузаан нь том хүнийхээс 3 дахин нимгэн байдаг.
Харин жинхэнэ арьсны хөхлөг давхар нь гүйцэт хөгжөөгүй байна. Өнгөн хөрсний эвэрлэг давхрыг үүсгэж буй эвэрлэг ялтсуудын хоорондох холбоо сул учраас амархан гууждаг атлаа амархан нөхөн төлждөг байна. Өөрөөр хэлбэл суурь ба өргөст давхрааны эсүүдийн шинээр ургаж төлжих нь маш сайн байна. Харин үрлэг ба тунгалаг давхар туйлын сул хөгжилтэй. Нярай хүүхдийн арьс нь маш зөөлхөн, улцгархан булбарай, өнгө нь ягаавтархан танан өнгөтэй байна. Жинхэнэ арьсны хөхлөг давхраа хөгжөөгүй эсүүдийн язгуур эд, завсрын дүрсгүй бодисуудаар баялаг байна. Мөн гүйцэд сайн хөгжөөгүй холбогч эд бас байдаг. Нярай хүүхдийн арьсан доорх өөхлөг давхар харьцангуйгаар сайн хөгжсөн бөгөөд энэ нь онол, практикийн чухал ач холбогдолтой. Энэ нь биеийн жинтэй нь харьцуулж үзэхэд том хүнийхийг бодоход 5 дахин их байна. Нярай хүүхдийн цусны судас өргөн, дүүрэнги байдаг онцлогтой.


Арьсны  үйл ажиллагаа
Арьс, салст нь хүний биеийг гаднаас нь бүрхэн хучиж, гадаад орчноос ялган тусгаарлаж, хүний биед олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг. Арьс ба түүний дайвар эрхтнүүд хүний биеийн олон үйл ажиллагаанд эерэг нөлөөг үзүүлнэ. Арьс нь гадаад орчны олон төрлийн нөлөөлөл болон дотор эрхтэн тогтолцооны өөрчлөлтөд зохмцох чадвартай ба бие даасан эрхтнийхээ хувьд гадаад орчин ба дотор эрхтнүүдтэйгээ байнгын уялдаа холбоотой байна. Арьс хүний бие махбодитой холбог-доход мэдрэлийн тогтолцоо, цусны эргэлт, дотоод шүүрлийн үйл ажиллагаа чухал үүрэгтэй бөгөөд нүүрс ус, уураг, өөх тос, амин дэм, эрдэс давсын солилцоонд арьс оролцдог.
Хамгаалах үйл ажиллагаа
Арьс ба түүний дайвар эрхтэн нь арьсан доор орших эд, эрхтнийг өвчин үүсгэгч олон төрлийн гадаад хүчин зүйлээс хамгаална. Арьсны бүтцэнд байгаа холбогч эдийн бүтэц, уян ба цавуулаг ширхэг, арьсан доорх өөхлөг эд нь цохилт, даралт, үрэлт зэрэг механик үйлчлэлд тэсвэртэй байдлыг бий болгоно.
Арьсны өнгөн хөрсний эвэрлэг давхар дулааныг муу дамжуулах, арьсны гүн давхрыг хатахаас сэргийлнэ. Эвэрлэг давхар хичнээн л зузаан байна төдийчмнээ цахилгаан гүйдлийг эсэргүүцэх чадвартай байдаг. Харин арьсыг чийглэхэд цахилгаан гүйдлийг эсэргүүцэх чадвар нь эрс буурна. Эвэрлэг давхар бөх бат байхад түүний бүтцэнд байгаа уураг, өөх тос, уян хатан байхад уураг, өөх тос, эвэрлэг давхрыг хатаахгүй байхад оролцдог кератогиалины задралын бага молекулт нэгдэл чухал үүрэгтэй. Арьсны өнгөн хөрс, жинхэнэ арьсны хоорондын холбоо сул байдаг ба арьсны цэврүүт өвчний үед хөхлөг давхрын цавуулаг ширхгүүд амархан гэмтдэг. Арьс уян хатан байдаг нь түүний бүтцэн дэх цавуулаг ширхэг тэнхлэгээ дагаж сунах ба эргэж анхныхаа байдалд амархан шилждэгтэй холбоотой.
Цавуулаг ширхгийн бүтцийн өөрчлөлтийн улмаас арьс сунамтгай болно.
Арьсны эвэрлэг давхар нь нил улаан туяаг бүрэн, харин хэт ягаан туяаг хагас нэвтрүүл-дэггүй. Хэт ягаан туяаг долгионы уртаар нь "А" буюу 320-400нм, "В" буюу 290- 320нм, "С" буюу 200-290нм долгионы урттай хэт ягаан туяа гэж ангилдаг. Хэт ягаан "В" туяа нь арьсны өнгөн хөрсний түвшинд үйлчилж, наранд түлэгдэх, цагаас эрт хөгшрөх, арьсны хорт хавдрын урьтал ба хорт хавдрын шалтгаан болдог. Хэт ягаан "А" туяа нь жинхэнэ арьсны гүнд үйлчилж, наранд хэт мэдрэг байдлыг ихэсгэх, хөгшрөлтийн явцад голлох үүрэг гүйцэтгэдэг.
Арьсны өнгөн хөрсний меланоцит ба эвэрлэгийн уураг нь арьсыг туяаны гэмтээх үйлчлэлээс хамгаалахад оролцоно. Арьсны нөсөө болох меланин нь 200-2400нм хүртэл долгионы урттай туяаг өөртөө шингээж, түүний гэмтээх үйлчлэлээс хамгаална. Меланоцит нь өнчин тархины меланин идэвхижүүлэгч дааврын нөлөөгөөр меланиныг нийлэгжүүлж, мелано-сомд нөөцлөнө. Наранд шарахад үйл ажиллагааны идэв- хитэй меланоцитийн тоо олширч, нийлэгжих меланины хэмжээ ихсэн, өнгөн хөрсний эсүүдэд мелано-сомын дамжуулалт хурдсан, өнгөн хөрсөн дэх гистидины солилцооны завсрын бүтээгдэхүүн болох уроканины хүчил хуримтлагдсанаар нарнаас хамгаалах урвал өрнөдөг байна.
Арьсны өнгөн хөрсний эвэрлэг давхар нь хэвийн байхдаа түүний бүтцэн дэх кератины оролцоотойгоор зөвхөн эвэрлэг давхрыг гэмтээгч химийн цочроогчоос хамгаална. Мөн янз бүрийн химийн нэгдэл арьсны өнгөн хөрсөн дахь тосоор дамжин түүний гүн давхар, цусны ба тунгалагийн судсаар дамжин бүх биеэр тархахаас ч хамгаалах үүрэгтэй.
Арьсны гадаргуу дахь уураг, өөх тос нь нян, мөөгөнцөр, вирус (Staphylococcus epidermidis diphteroidus, Propionobacterium acnes, Pityrosporum) зэрэг олон төрлийн бичил биетэн оршин амьдрах таатай орчин болж байдаг хэдий ч арьсанд нэвтрэх боломжийг бүрдүүлдэггүй байна.
Арьсны ус-тосон бүрхүүл (pH 3.5-6.7) нь хөлс, тосны булчирхайн шүүрлийн химийн найрлагатай холбоотойгоор арьсны гадаргуу дахь нянг устгах нөлөө үзүүлнэ. Түүний найрлага дахь гликофосфолипид, чөлөөт өөхний хүчил зэрэг доод молекулт өөхний хүчил нь өвчин үүсгэгч тодорхой нянг устгах үйлчилгээтэй байна.
Арьсны бүрэн бүтэн байдал алдагдах ба түүнийг хэт гуужуулах нь нян нэвтрэх боломжийг бүрдүүлнэ. Эрүүл хүний 1см2 арьсны гадаргууд 115 000- 32 000 000 нян оршдог гэж үздэг бөгөөд тэдний дийлэнх нь байнга оршиж, өвчин үүсгэгч бусад нянгаас хамгаална гэж үздэг юм. Арьс гэмтэх нь түүний нянгаас хамгаалах чадварыг эрс бууруулж олон төрлийн өвчинг үүсгэнэ.
Тухайлбал арьс гэмтсэнээр A бүлгийн стрептококк түүнд нэвтрэн орж ёломын халдварыг үүсгэдэг бол арьсны бүрэн бүтэн байдал алдагдахад улны мөөгөнцөрт өвчин, маажсаны улмаас үүссэн зулгархайд өнгөц түүхий үүсэх нь атопийн дерматитийн үед элбэг тохиолддог зэрэг эмгэг өөрчлөлтийг дурдаж болно. Даарч хөрөх, арьс бохирдох, ядрах, бэлгийн булчирхайн үйл ажиллагааны дутагдал, арьсны өвчнүүдийн үед ба хүүхдийн арьсны нянгийн эсрэг хамгаалах үйл ажиллагаа сул байна. Хөхүүл хүүхдийн арьс булбарай, эвэрлэг давхар нь хөвсгөр, холбогч эдийн ширхгүүд гүйцэт хэлбэржээгүйн улмаас механик, хими, туяа ба дулааны цочруулд амархан өртөм- хий байдаг. Түүнчлэн хүүхдийн арьсны ус-тосон бүрхүүл нь сул шүлтлэг, саармаг орчинтой, чөлөөт өөхний хүчлийн бага молекулт нэгдэл хангалтгүй байдаг зэрэг нь олон төрлийн нян үржиж олшрох, амьдрах тааламжтайй нөхцлийг бүрдүүлнэ.
Дархлалып үйл ажиллагаа
Арьс нь хүний биеийн дархлалын үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Лангергансийн эс, хучуур эдийн эсүүд, Т лимфоцит нь арьсны дархлалын үүргийг нөхцөл- дүүлнэ.
Арьс ба сэрээ булчирхайн хучуур эдийн эс нь ижил бүтэц, үйл ажиллагатай байна гэдгийг сүүлийн үеийн судлаачид тогтоожээ. Арьсны хучуур эдийн эсүүд нь IL-1 ,IL-3,IL-6, IL-8, GM-CSF, M-CFS, TNFa, TNFp зэрэг цитокинүүд ялгаруулна. IL-3 нь Лангергансийн эсийг идэвхи-жүүлэх, эсийн үржлийг эрчим-жүүлэх, шигүү мөхлөгт эсийг татан оролцуулж дархлаа дарангуйлах цитокины (IL- 10, TNFP) ялгаралтыг идэвхижүүлнэ.
Дезоксинуклеотидилтрансфераза ферментийн нөлөөгөөр арьсны хучуур эдийн эсүүд Т лим- фоцитын боловсролтонд орол- цоно. Идэвхижсэн Т лимфоцит интерлейкин 2 ялгаруулна. Арь- сан дахь Т лимфоцитын дийлэнх нь хөхлөг давхрын цусны судас ба арьсны дайврыг тойрч байрлах бөгөөд түүний 10 орчим хувь нь л өнгөн хөрсөнд байрлана.
Лангергансийн эс нь антиген илчлэгч эс юм. Лан-гергансийн эс нь ясны чөмөгнөөс гаралтай бөгөөд гадаргуу дээрээ CD1, МНС II ангийн молекул, эсрэг биеийн FcR хавсаргын рецепторуудыг илрүүлдэг. Лан-гергансийн эсүүд моноцитээс илүү эсрэгтөрөгчийг илрүүлэх үүрэг гүйцэтгэх чадвартай байна. Лангергансийн эсүүд гаптентай холбогдсон уургуудыг пиноцитозын замаар цито-плазмдаа оруулж, арьсны хучуур эс болон бусад эсээс ялгарах IL-1 ба TNF-ийн нөлөөгөөр боловсруулж, гадаргуугийн эдийн тохирооны ба бусад хам эрчим- жүүлэгч молекулыг таньж ирүүлж, улмаар ойр байгаа тунгалагийн зангилаа руу нүүн шилжүүлнэ.
Жинхэнэ арьсанд байрлах сэртэнт эсүүд нь Лангергансын эсийн адил антиген илчлэгч эсийн үүргийг гүйцэтгэж харийн анти- генийг таньж, залгин боловсруулж ойролцоох тунгалгийн зангилаанд нүүдэллэн улмаар дархлааны хариу урвалыг өрнүүлнэ.
Мэдрэхүйн үйл ажиллагаа
Арьс нь өвдөлт, хүрэлцэхүй, температурын зэрэг олон цочруулыг хүлээн авах мэдрэхүйн рецептортой байна. Арьс нь төв ба вегетатив мэдрэл ийн А ширхэг буюу миелинтэй, С ширхэг буюу миелингүй мэдрэхүйн мэдрэлийн ширхгээр дамжуулан гадаад орчин, дотор эрхтэн, төв мэдрэлийн тогтолцооноос ирж буй янз бүрийн цочруулд тогтмол хариу өгөх үүргийг гүйцэтгэдэг. Мэдрэлийн төгсгөл нь арьсны гадаргуугаар харилцан адилгүй тархаж байрлах ба тэдгээрийг механорецептор, терморецептор, өвдөлтийн рецептор гэж ангилж үзнэ. Эдгээр рецепторууд нь үйл ажиллагааны хувьд өөр хоорондоо ялгаатай байдаг ч бүтцийн хувьд төстэй. Тэдгээрийг арьсны үстэй хэсэгт үсний хүүдийн рецептор, үсгүй хэсэгт хөхлөг давхрын дээд хэсэгт байрладаг, хурдан хариу урвал өгдөг Мейснерийн биенцэр, удаан хариу өгдөг Меркелийн эс, жинхэнэ арьсан давхар ба арьсан доорх өөхлөг давхарт орших Руффины биенцэр, Краузын лонхонцор, халуун, хүйтнийг мэдэрдэг терморецептор гэх мэтээр ялган авч үздэг.
Хүний биеийн арьсны гадаргууд орших рецепторийн тоо харилцан адилгүй байдаг. Арьсны 1см2 талбай 100-200 өвдөлтийн, 25 хүрэлцэх мэдрэхүйн, 12-13 хүйтний, 1-2 халууныг мэдрэх рецептортой байна.
Хүйтний рецептор 1-20°С хэмд, халууны рецептор 32-35°С хэмд идэвхиждэг байна. Харин 45°С- ээс их хэмийг халууны рецептор бус, ноцирецептор хүлээн авна. Өвдөлт ба загатнааг ноцирецептор мэдэрч хариу урвал өрнүүлнэ. Ноцирецептор нь механикийн, температурын ба олон төрлийн цочруулыг мэдрэх гэх мэтээр хэд хэдэн янз байна. Тухайлбал хурц ирмэгтэй зүйлээр үйлчлэхэд эхлээд хатгаж байгаа мэтээр тэр хэсэгт өнгөц мэдэрч дараа нь нэлэнхүйдээ хорсох буюу аажим өвдөх мэдрэмж үүснэ. Халууны мэдрэхүйгээс өвдөлт болох зааг нь 45С хэм юм. Загатнаа нь өвдөлтийн нэг адил гадаад ба дотоод шалтгаантай цочруулд төв мэдрэлийн тогтолцооны орол- цоотой ноцирецепторын мэдэрч буй сэрэл юм. Загатнаа хэдийгээр өвдөлттэй нягт холбоотой ч зөвхөн арьсанд үүсдэг, дотор эрхтэнд үүсдэггүйгээрээ онцлог. Иймээс зарим судлаачид загатнааг өвдөлтийн дүрсээ хувиргасан хэлбэр гэж нэрлэх нь ч бий. Загатнаа ба өвдөлт нь арьс, салстын хөхлөгт давхрын дээд хэсгийн мэдрэлийн "С" буюу миелингүй ширхгээр дамжина. Ийнхүү загатнаа нь ямар нэг цочруулыг, захын ба төвийн мэдрэлийн систем, тэдгээрийг холбосон дамжуулах хэсэг гэсэн 3 хэсгээс бүрдсэн мэдрэлийн тог- толцоо мэдэрч байгаа их тархины үйл ажиллагаа юм.
Өвдөлтийн мэдрэхүй ихсэхийг гиперальгезии,  багасахын гипальгезии, өвдөлт мэдрэхгүй болохыг анальгезии гэнэ.
Дулаан зохицуулах үйл ажиллагаа
Арьс дулааныг шингээх ба ялгаруулах байдлаар хүний биеийн дулаан зохицуулалтанд оролцдог. Арьсны гадаргуугаар дулаан алдах үйл ажиллагаа нь дулааныг цацаргах, дамжуулах, ууршуулах байдлаар хэрэгжинэ. Нил улаан туяаг энерги байдлаар цацаргах, гадаад орчинтой хүрэлцэх үед арьсны цусны эргэлтэнд өөрчлөлт орох байдлаар дамжуулах меха-низм явагдана. Арьс судсаар баялаг эрхтний хувьд орчны температур ихсэхэд судас өргөсч, түүгээр урсах цусны хэмжээ эрс ихэссэнээр дулаанаа ихээр алдана. Харин орчны температур багасахад судас нарийсч, их хэмжээний цус дотор эрхтнээр эргэлдэж, дулаан алдалт багасдаг. Дулаан зохицуулахад түгээгүүр ба хураагуур судасны хоорондын шууд холбоо (шунт) ихтэй ялангуяа зах хязгаарын тухайлбал гар, хөл, уруул, хамар, чихний дэлбээ г.м. цусны судас чухал үүрэгтэй. Арьс гадаад орчноосоо илүү халуун болохоор дулаан алдалт ихсэж, арьсанд хүрэлцэж буй агаар халан улмаар дээш хөөрч хүйтэн агаараар солигддог.
Дулаан алдалтын нилээд үр дүнтэй хэлбэр нь хөлс ялгаруулж, ууршуулах хэлбэр юм. Хөлрөх нь төв мэдрэлийн тогтолцоо болон холин идэвхит симпатик мэдрэлийн ширхгээр зохицуулагдаж байдаг. Иймээс ацетилхолин, пилокарпины нөлөөгөөр хөлс ялгаралт ихэснэ. Харин атропин энэ үйлчлэлд хориг үүсгэдэг тул хөлрөлт багасна. Өнчин тархи төвийн ба захын терморецептороос сэрлийг хүлээн авч хариу үйлдэл үзүүлнэ. Халуун ба хүйтний рецептор биеийн гадаргуугаар жигд бус тархаж байрласан байдаг.
Хөлөргөх хамгийн хүчтэй сэдэл нь халууралт байдаг бол арьсны терморецептор нь түүнийг 10 дахин бага мэдэрнэ. Арьсан дахь терморецептор нь биеийн хэмийн өөрчлөлтөнд ямар нэг нөлөө үзүүлдэггүй. Иймээс даарсан үед дулаан хувцас өмсөх, өрөө тасалгааны халаалтыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авдаг байна.
Дулаан алдалтын үйл ажиллагаа нь арьсан дахь температурын рецептор цочирсноос рефлексийн замаар ба дулаан зохицуулах төвийн үйл ажиллагаагаар зохицуулагддаг.
Хайрст үлд, хордлого харшлын дерматит, мөөгөн үлд, Сезарийн хам шинж зэрэг арьсны хэд хэдэн өвчний үед үрэвслийн улмаас арьсны судас тархмалаар өргөссөний улмаас нийт эргэлдэх цусны 10-20 хүртэл хувь арьсанд эргэлдэж, улмаар дулааны солилцоо алдагдана.

Бодисын солилцооны үйл ажиллагаа
Арьс нь уураг, нүүрс ус, өөх тос, амин дэм, эрдэс давсын солилцоонд оролцоно. Арьсан дахь ус, эрдэс, нүүрс усны солилцоо нь элэг, булчинд явагддаг эдгээр солилцоотой бараг адил байдаг талаар судлаачид дурджээ. Энэ нь бусад эрхтнийг бодоход нилээд хурдан, хөнгөн явагдах бөгөөд их хэмжээний усыг хуримтлуулах ба гадагшлуулдаг. Хүний биеийн бодисын солилцоо ба хүчил шүлтийн тэнцвэрт байдалд хоол хүнс шууд нөлөөлнө. Хэрвээ хүчиллэг хүнс их хэрэглэдэг бол арьсанд натрийн хэмжээ эрс багасна. Арьс нь хүний биед хоол хүнсийг нөөцлөн, өлссөн үед зарцуулна.
Шимэгдүүлэх үйл ажиллагаа
Арьсны эвэрлэг давхар 10 мкм, өсөлтийн давхар 100мкм, хөхлөг давхар 100-200мкм зузаантай тул арьсны шимэгдүүлэх чанар өөр өөр байна. Ус ба тосонд ууссан химийн нэгд-лүүдийн молекул жин, арьсны эвэрлэг давхрын зузаан, арьсан дахь усны тэнцвэрт байдал, тосон бүрхүүл, түүний найрлага, биеийн аль хэсгийн арьсаар нэвтэрч байгаа зэргээс хамаарч арьсны шимэг- дүүлэх чадвар өөр өөр байдаг. Ихэнхи химийн нэгдлүүд арьсны эвэрлэг давхрыг нэвтэрч чаддаггүй. Харин молекул жин багатай химийн нэгдлүүд үсний хүүдий ба тос, хөлсний булчирхайн цоргоор дамжин арьсаар нэвтэрдэг. Харин арьсыг ацетон, хлороформ зэрэг органик уусгагчаар цэвэрлэсний дараа арьсны шимэгдүүлэх чадвар ихэсдэг. Учир нь тэр хэсэг арьсан дахь тосны хэмжээ багасна. Угаахад арьсны ус-тосон бүрхүүл өөрчлөгдөн, түүний шимэгдүүлэх үйл ажиллагаа нь сайжирна. Тос ба тосонд ууссан бодис арьсанд сайн нэвтэрдэг.
Шүүрэл ялгаруулах үйл ажиллагаа
Арьсны дайвар эрхтэн болох тос, хөлсний булчирхай нь арьсны шүүрэл ялгаруулах үйл ажиллагааг нөхцөлдүүлнэ. Тосны булчирхайн шүүрэл болох тос нь нийлмэл бүтэцтэй, хагас шингэн байдалтай, найрлагандаа чөлөөт дээд, доод өөхний хүчил, холестрины эфир ба бусад стеаринууд, глицерин зэрэг холбогдсон өөхний хүчил, их биш хэмжээний нүүрс ус, чөлөөт холестрин, өчүүхэн бага азот ба фосфорын нэгдлийг агуулсан байна. Тосны ариутгах үйлчилгээ нь түүний найрлаган дахь чөлөөт өөхний хүчилтэй холбоотой байна. Тосны булчирхайн үйл ажиллагаа нь мэдрэлийн тогтолцоо, өнчин тархи, бэлгийн ба бөөрний дээд булчирхай зэрэг дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагаагаар зохицуулагдана.
Эккрин хөлсний булчирхайн ялгаруулж буй хөлс сул хүчиллэг урвалтай, 1.004-1.008 хувийн жинтэй бөгөөд түүний 98-99% нь ус, 1-2% нь түүнд ууссан фосфат, сульфат, натри хлор, кали, кальцийн давс зэрэг органик бус, шээсний хүчил, мочевин, креатинин, креатин, аммиак, аминхүчил, нүүрс ус зэрэг органик бодис байна. Хэвийн үед арьсаар ялгарч буй хөлс, түүний ууршилт нь жигд бөгөөд хүнд үл анзаа-рагдам байдаг. Үүнийг Perspi- ratio insensibilis гэнэ. Их хөлрөхөд эхлээд ус эдээс, дараа нь цусны сийвэнгээс ялгарна.
Апокрин хөлсний булчирхайн шүүрэл саармаг буюу сул шүлтлэг урвалтай, түүний найрлаганд гликоген, холестрины эфир, төмөр агуулагдах ба дотоод шүүрлийн тэр дундаа бэлгийн булчирхайн үйл ажиллагаатай холбоотой ялгардаг.
Арьсны гадаргууд ялгарсан тос нь хөлстэй нэгдэн ус-тосон бүрхүүлийг үүсгэн арьсны хэвийн байдлыг хангахад чухал ач холбогдолтой байна. Хүний нас, хүйс, оршин буй газар нутгийн байршил зэргээс хамаарч тос ба хөлсөөр ялгарч байгаа органик ба органик бус бодис, эрдэс давс, нүүрс ус, амин дэмийн солилцооны бүтээгдэхүүн, дааврын хэмжээ өөр өөр байдаг. Элэг ба бөөрний үйл ажиллагааны дутагдлын үед түүгээр ялгарах ёстой, ацетон, цөсний нөсөө зэрэг бодисууд арьсаар дамжин хүний биеэс гадагшилна.
Амьсгалах үйл ажиллагаа
Арьс хүчилтөрөгчийг өөртөө шингээж, нүүрс хүчлийн хийг ялгаруулна. Гадаад орчны хэм ихсэх, биеийн хүчний ажил хийх, хоол боловсруулах, арьсны цочмог үрэвслийн үед энэ үйл ажиллагаа ихэсдэг. Энэ үйл ажиллагаа нь бие организм дахь исэлдэн ангижрах процесс, хөлсний булчирхайн үйл ажиллагаатай салшгүй холбоотой явагддаг.
Ийнхүү хүний биеийг бүхэлд нь бүрхэн хучиж, гадаад, дотоод орчныг тусгаарладаг, хүний биеийн хамгийн том эрхтэн болох арьс нь хүний биед дээр дурдсан олон төрлийн үйл ажиллагааг гүйцэтгэдэг байна. Сүүлийн үед эрдэмтэд арьсны үйл ажиллагаа нь алдагдахыг "арьсны дутагдалд” орох хэмээн тодорхойлох болжээ. Өөрөөр хэлбэл арьсны дулаан зохицуулга, уураг, ус эрдэсийн солилцоо, дархлал, хамгаалах тогтолцоо алдагдана. Лайеллийн хам шинж, Стивенс- Джонсоны хам шинж, хайрст үлдийн улайрал ба идээт хэлбэр, жинхэнэ цэврүүтэх өвчин гээд олон өвчний үед арьсны дутагдалд орж, өвөрмөц арчилгаа, сувилгаа, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай болдог.
Арьсны биохими
Арьсны бүтцэнд олон төрлийн химийн бодис ордог. Хүний арьсны 69-73 хувь нь ус байдаг хэдий ч арьсанд агуулагдах усны хэмжээ арьсны давхар тус бүрт өөр өөр, тухайлбал өнгөн хөрсний 10, жинхэнэ арьсны хөхлөг давхрын 71- 72, торлог давхрын 61 орчим хувь нь ус байдаг байна. Аливаа эсийн амьдралын хэвийн үйл ажиллагаа нь ионы бүтцийн тогтвортой нөхцөлд (pH) явагддаг.
Ус нь туйлт бүлгээрээ устөрөгчийн холбоо (-ОН, -NH, С=0) үүсгэн химийн нэгдлүүдийг сайн уусгадаг ба түүний туйлт бус бүлэг нь аливаа химийн нэгдлийг уусгадаггүй юм.
Эрдэс давс арьсны хуурай жингийн 0.7-1 хувь, арьсан дорхи өөхлөг давхрын 0.5 хувийг эзэлдэг. Арьс нь натри, кали, кальци, магни зэрэг эрдэс бодисын нөөц болдог. Натри нь эсийн гаднах катион болдог тул калийн ионтой хамтран ус, эрдэс давсын солилцоо, хүчил шүлтийн тэнцвэрт байдлын зохицуулагад оролцоно. Натрийн катион ихэвчлэн арьсны эс хоорондын завсарт, калийн катион эсийн цитоплазмд байдаг.         
Кальци нь жинхэнэ арьсанд байрлаж, простогландины нийлэгжилтийг идэвхижүүлэхэд, магни нь арьсны өнгөн хөрсний эсэд илүү ихээр агуулагдаж, улмаар фосфоржих урвалд оролцдог. Фосфор нь фосфолипид, нуклеопротейд, аденизинфосфат зэрэг органик            нэгдэл байдлаар эсэд оршдог. Хүхэр нь цистейн, метионин зэрэг аминхүчлийн найрлаганд орж өнгөн хөрсний эвэрлэг давхар, хумс, үсний эвэршлийн үйл ажиллагаанд оролцоно.
Арьс судлалд түүний ферментийн найрлаганд орж, биологийн үйл ажиллагааг нь идэвхижүүлдэг зэс, цайр, төмөр зэрэг эрдэс давс, витаминууд чухал байр эзэлдэг. Зэс нь тирозиназаар дамжуулан меланины солилцоонд, лизилоксидазын тусламжтайгаар эластин, коллагены солилцоонд, тиолоксидазаар уламжлан эвэрш- лийн үйл ажиллагаанд оролцдог бол төмөр нь эсийн амьсгалах үйл ажиллагааг хангаж байдаг гемо- глобин, миоглобин, пероксидаза, цитохромын бүрэлдэхүүн хэсэг болно.
Арьсны химийн бүтцийн бас нэг чухал хэсэг нь аминохүчлээс үүсч байгаа уураг-полипептид юм. Арьсанд коллаген, ретикулин, эластин, кератин зэрэг бүтцийн уураг агуулагддаг. Тэдгээрээс голлох нь жинхэнэ арьсан дахь коллаген уураг юм. Харин эластин ба ретикулин жинхэнэ арьсны уян ба торлог ширхэг, хөлс, тосны булчирхайн холбогч эдэн бүрхүүл, үсний хүүдийн бүтцэнд бага хэмжээгээр орсон байдаг.
Арьсны эвэрлэг давхрыг үндсэндээ кератин бүрэлдүүлнэ. Түүний нийлэгжил нь суурийн давхрын хучуур эсэд прекератин үүсэх байдлаар эхэлдэг. Кератиныг бодвол прекератин нь молекул жин багатай уураг юм. Прекератин кератин болж хөгжихөд өвөрмөц фермент ба филагрин хэмээх өвөрмөц уураг тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Филагрины нийлэгжлийн улмаас арьсны өнгөн хөрсний үрлэг давхарт кератогиалины мөхлөг үүсэх ба эвэрлэг давхарт филагрин чөлөөт аминхүчил болтлоо задарч, кератин үүсдэг.
Нүүрс усны солилцооны 20 орчим хувь нь арьсанд явагдана. Хүний биед явагдаж буй нүүрс усны солилцооны дүнд нүүрс хүчлийн хий (С02), ус (Н.О), энерги бий болно. СО, нь гадагш ялгарах, хийн солилцоонд оролцох ба идэвхижиж тосны хүчлийн нийлэгшилд оролцоно. Харин Н,0 нь бие явагдах урвалын орчин болно. Энерги нь аденизин три фосфатаза (АТФ), аденизин ди фосфатаза (АДФ) болж нөөцлөгдөх ба зарцуулагдах ажлын энерги болнс. Ажлын энерги болохдоо никотинамид аденин динуклеотид фосфат (НАДФ) ба фосфамидамид аденин динуклеотид фосфат (ФАДФ) байдлаар зарцуулагдана.
Арьсны өнгөн хөрсөнд глюкоз 30-60мг%, гликоген 70-80мг% агуулагддаг. Арьс нөхөн төлжих, эс хуваагдах ба эвэршлийн үйл ажиллагаанд зарцуулах энергийн эх сурвалж нь гликоген болно. Г эхдээ энэ үйл ажиллагаанд арьсны гликогены дөнгөж 0.1% нь зарцуулагддаг. Гликоген нь насанд хүрсэн хүний арьсны өнгөн хөрсний өргөст ба суурийн давхарт агуулагддаг. Гликозаминогликан буюу мукополисахарид нь наалданги шинж чанараараа эсүүдийг хооронд нь холбож байдаг. Гиалуроны хүчил, хондроитинхүхрийн хүчил, гепарин зэрэг хүчиллэг мукополисахарид нь арьсны бүтэц, үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Эдгээр мукополисахаридын      задарлын улмаас (тухайлбал гиалуро- нидазын идэвхи ихсэх) түүний наалданги чанар буурч, элдэв нян, хорт бүтээгдэхүүнийг арьсаар нэвтрүүлэх боломж ихэснэ. Арьсанд үүссэн гепарин нь аварга залгигч эсэд хуралдаж, бичил эргэлтийн зохицуулгад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Арьс протеогликанаар баялаг. Энэ протеогликаны 95% нь нүүрс ус, 5% нь уураг байдаг. Жинхэнэ арьсны бүтцийн үндсэн хэсэг нь протеогликан юм. Түүнчлэн арьс олон төрлийн липид агуулдаг. Өнгөн хөрсний липидийн 20% нь чөлөөт өөхний хүчил, 17% нь триглицерид, 6% нь моно ба диглицерид, 16% нь холестрин байна. Арьсан доорх өөхлөг давхар үндсэндээ саармаг өөхнөөс тогтоно. Түүний 70 хүртэл хувийг триолеин хэмээх амархан хайламтгай триглицерид эзэлдэг. Иймээс хүний өөх хайламтгай чанар хамгийн багатай байдаг. Стерин, стеройд, фосфолипид зэрэг бусад липид нь өнгөн хөрсний эс, холбогч эд, судасны хана, гөлгөр булчин, тосны булчирхайн шүүрэлд байна. Бэлгийн бойжилттой холбоотойгоор арьсанд өөх тосны хэмжээ ихсэх бөгөөд нас ахих тутам хэмжээ нь багасдаг.
Хүний   арьсанд амилаза, фосфорилаза, альдолаза, сүүний хүчлийн дегидрогеназа, янтарийн хүчлийн дегидрогеназа, цитохромоксидаза, трансаминаза, аргиназа, липаза, тирозиназа зэрэг олон төрлийн фермент агуулагддаг. Үүний зэрэгцээ хүний арьсанд олон төрлийн эсрэгтөрөгч байна. Арьсны өвчний оношлогоо, эмчилгээ,  тавиланг            үнэлэхэд эсрэгтөрөгч, эсрэгбиеийг илрүүлэх нь ач холбогдолтой байдаг юм. 
Арьсны бүтцийн эмгэг өөрчлөлт
Арьсны бүтцийн үндсэн хэсэг болох өнгөн хөрс, жинхэнэ арьс, арьсан доорх өөхлөг давхрын бүтцийн өөрчлөлтийн улмаас арьсан лээр янз бүрийн тууралт гарах бөгөөд энэ нь өвчин бүрийн хувьд өвөрмөц, тухайн өвчний оношлогоонд чухал ач холбогдолтой юм. Арьсны өвчний үед бүтцийн өөрчлөлтийг судлахын тулд арьснаас эл авч шинжилнэ. Биопси авахдаа голомтыг зөв сонгох асуудал эцсийн дүгнэлт үнэн зөв            болоход шийдвэрлэх үүрэгтэй байдаг. Арьсны зарим өвчнүүд тухайлбал цэврүүтэх өвчний үед шинэ гарсан тууралтыг, гемодермийн үед хуучин тууралтыг сонгон эдийн шинжилгээнд эд авах хэрэгтэй. Мөн нэг зэрэг хэд хэдэн өөрөөр хэлбэл шинэ ба хуучин тууралтаас биопси авах тохиолдол ч байна.
Халдварт гранулемын үед туберкулойд өөрчлөлт байхын зэрэгцээ саркойдозын шинж ч мөн болно. Мөөгөн микозын үед шннэ тууралтаас ямар нэг өөрчлөлт илрэхгүй. Харин шинжилгээнд эд авахдаа арьсны давхрыг бүрэн хамарсан байх нь чухал. Зарим арьсны өвчний үед эмгэг голомт арьсны зөвхөн гүн хэсэгт байрласан байдаг.
Тухайлбал васкулит, Базены улайрал, ланникулит, дерматомиозит зэрэг өвчний үед эмгэг голомт арьсны гүн хэсгийг хамарсан байдаг. Иймээс эмч нар биопсийн шинжилгээ авах голомтыг заах нь чухал байдаг. Арьсны өвчний үеийн бүтцийн эмгэг өөрчлөлтийг байрлалаас нь хамааруулан өнгөн хөрсний ба жинхэнэ арьсанд гарах өөрчлөлт гэж ангилна. Өнгөн хөрсний эмгэг эсийн өөрчлөлтийг түүний шинж чанараас хамааруулан өнгөн хөрсний эсийн өсөлт хөгжил (гиперкератоз, гранулез, акантоз), боловсролт (паракератоз, дискератоз), эс хоорондын холбоо болон эсийн өөрчлөлтийн (акантолиз, спонгиоз, эс доторх хаван) улмаас үүсэх эмгэг эсийн өөрчлөлт хэмээн авч үздэг.
Гиперкератоз - арьсны өнгөн хөрсөнд кератины хэмжээ эрс ихсэн, эвэрлэг давхар хэт зузаарахыг гиперкератоз гэнэ.  Хучуур эдийн эсийн үйл ажиллагаа хэт идэвхижсэнээс эвэрлэг давхар зузаарч байвал үржлийн, эвэрлэг давхрын гуужилт удааширсны улмаас эвэрлэг давхар зузаарч байвал зогсонгишлын гиперкератоз гэдэг. Өнгөн хөрсний эвэрлэг ялтсуудыг хооронд нь наалдуулж байдаг гликозаминогликан ихэссэнээс түүний гуужилт зогсонгишилд орно. Хавтгай улаан үлд, нейродермит зэрэг өвчний үед үржлийн гиперкератоз үүсдэг бол төрөлхийн загасан хайрсжлын үед зогсонгишлын гиперкератоз тохиолдоно.
Гранулез - өнгөн хөрсний үрлэг давхар олшрохыг гранулез гэнэ. Энэ нь өнгөн хөрсөнд нэлэнхүйдээ буюу хэсэгчилсэн байдлаар тохиолдоно. Хавтгай улаан үлд өвчний үед үрлэг давхар хэсэгчилсэн байдлаар олширно.
Акантоз-өнгөн хөрсний эсүүдийн хуваагдал болон бодисын солилцоо ихэссэнээс өргөст давх- рын эсүүд олшрохыг акантоз гэнэ. Намарс, хайрст үлд, хавтгай улаан үлд зэрэг арьсны олон өвчний үед акантоз илэрнэ
Паракератоз - өнгөн хөрсний эсүүдийн кератогиалин ялга-руулах үйл ажиллагаа нь алдагдсаны улмаас бүрэн бус эвэршил болж улмаар паракератозыг үүсгэнэ. Энэ үед эвэрлэг давхарт савханцар хэлбэрийн бөөмүүд бий болж, өнгөн хөрс үрлэг давхаргүй болно. Өнгөн хөрсний эсэд цАМФ (циклический аденозин-монофосфат) багасч, цГМФ (циклический гуанозин- монофосфат) ихсэх нь тэдний үржлийг хурдасган, ялгаран хөгжих үйл явцыг удаашруулдаг
Дискератоз - өнгөн хөрсний тодорхой бүлэг эсүүдэд эвэршлийн үйл ажиллагаа алдагдахыг дискератоз гэнэ. Энэ үед хучуур эс хэмжээгээрээ нилээд томорч, бөөм нь их тодорч, цитоплазмдаа мөхлөгтэй болно. Улмаар эдгээр эсүүд бусадтайгаа холбоогүй болж, өнгөн хөрсний аль ч хэсэгт эмх замбараагүй оршино. Ийм өөрчлөлтөнд орсон эс арьсны гадаргууд ойртох тусам дугуй хэлбэртэй, нэгэн төрлийн нил бие болж харагддаг.
Иймээс "дугуй биенцэр" хэмээн нэрлэх болжээ. Хөгшрөлтийн кератоз, халдварт моллюск, арьсны хорт хавдрын үед дискератоз тохиолдоно. 
Акантолиз - өнгөн хөрсний өргөст давхрын эсүүдийн десмосом холбоо хайлж, эс хоорондын шингэнээр дүүрсэн хөндий зай үүсэхийг акантолиз үүснэ. Үүний дүнд үүссэн буюу холбоо нь тасарсан өргөст давхрын эсийг "акантолитик" буюу "Тцанкийн" эс гэнэ. Энэ эс нь дугуй хэлбэртэй, том бөөмтэй, цитоплазмын нарийхан хүрээтэй байдаг Жинхэнэ цэврүүтэх өвчний эмгэг эдэд илрэх үндсэн өөрчлөлт нь акантолиз юм.
Спонгиоз - хөхлөг давхрын өргөссөн цусны судаснаас ялгарсан шингэн өнгөн хөрсний өргөст давхрын эсхоорондын зайд хуралдан, эс хоорондын хаванг үүсгэнэ. Намарс, харшлын дерматитийн үед спонгиоз илэрнэ.
Эс доторх хаван - үрэвслийн улмаас эсийн дотор шингэн хуралдан эс доторх хаванг үүсгэх бөгөөд энэ нь эсийн цитоплазмд хөндий зай үүсэх байдлаар илэрнэ. Зарим тохиолдолд эс дотор хаван үүссэний улмаас эсийн бүтэц өөрчлөгдөн улмаар эс мөхөлд хүрнэ. Улаан чонон яр, энгийн герпес, бүслүүр үлд гээд олон өвчний үед дээрх шинж илэрнэ.
Бичил буглаа - Арьсны өнгөн хөрс болон жинхэнэ арьсны хөхлөг давхарт хуралдсан эсийн бөөгнөрлийг бичил буглаа гэнэ. Гурван төрлийн бичил буглаа байдаг. Үүнд: Арьсны өнгөн хөрсний эвэрлэг давхарт нейтрофил эсүүд хуралдахыг Мунрогийн бичил буглаа  гэх бөгөөд энэ нь хайрст үлд өвчний үед илэрнэ. Мөөгөн үлд өвчний үед өнгөн хөрсний өсөлтийн давхарт цуллаг бөөмт ба микозын эсүүд хуралдахыг Потрийн бичил буглаа гэнэ. Харин герпес хэлбэрийн Дюрингийн дерматитийн үед жинхэнэ арьсны хөхлөг давхарт зонхилон нейтрофил эсээс тогтсон бичил буглаа үүсдэг. Үүнийг хөхлөгийн бичил буглаа гэнэ.
Жинхэнэ арьсанд илрэх эмгэг эдийн өөрчлөлтийг папилломатоз, арьсны цусны эргэлтийн өөрчлөлт, хаван, үрэвслийн болон хавдар гэх мэт өвөрмөц эсийн нэвчдэс, холбогч эдийн бүтцийн өөрчлөлт, арьсны дайвруудын өөрчлөлт гэх мэтээр тодорхойлдог. 
Папилломатоз - жинхэнэ арьсны хөхлөг уртсан, өнгөн хөрс жигд бусаар өргөгдөхийг папилломатоз гэнэ. Ургацагт цэврүүтэх өвчин, хайрст үлд зэрэг өвчний үед эдийн шинжилгээнд дээрх шинж илэрнэ.
Арьсны цусны эргэлтийн өөрчлөлт- арьсан дахь үрэвслийн процессийг дагалдан гардаг, хамгийн элбэг тохиолддог эмгэг эдийн өөрчлөлт бол цусны эргэлтийн өөрчлөлт юм. Ангиит ба арьсны цочмог үрэвслийн үед судасны үрэвслийн урвал хамгийн хүчтэй илэрдэг. Судас өргөсөх, хана нь хөөх, нэвчимтгий шинж чанар нь ихсэх, судас тойрч лимфоцит, гистоцит, эдийн базофил ба бусад эсээс тогтсон эсийн нэвчдэс бий болох зэрэг өөрчлөлтөөр гарна. Эсийн нэвчдэс нь гарал үүслийн хувьд өөр өөр байна. Түүнчлэн судас тойрсон байрлалтай, хөхлөг давхарт шигүү байрласан, жинхэнэ арьсыг бүхэлд нь хамарсан гэх мэтээр ялган тодорхойлж болно. Мөн үрэвслийн нэвчдэс нь гранулем хэлбэрээр (өвөрмөц эсийн нэвчдэс) ч хуралдаж болно.
Холбогч эдийн бүтцийн өөрчлөлт жинхэнэ арьсны холбогч эд ба судасны ханан дахь уургийн солилцоо алдагдсаны улмаас холбогч эд бүтцийн өөрчлөлтөд орно. Холбогч эдийн өөрчлөлтийн анхны шинж нь мукойд хаван бөгөөд энэ нь хүчиллэг мукополисахарид хуралдсаны улмаас үүснэ. Улмаар фибринойд хаван үүсч холбогч эд нэгэн төрлийн бүтэцтэй болно. Цаашдаа коллаген ширхгийн задрал болно. Энэ өөрчлөлт нь улаан чонон яр, арьс хатууран хатингирших өвчний үед илэрнэ.
Арьсны өвчний шинж тэмдэг
Арьсны өвчин нь нилээд өвөрмөц, олон төрлийн цогц шинж тэмдгээр илэрдэг. Иймээс арьсны өвчний үед илэрдэг шинж тэмдгийг объектив ба субъектив гэж ангилдаг. Субъектив гэдэг нь өвчтөний мэдэрч буй шинж байдаг бол объектив гэдэг нь арьс, салст дээр гарсан, эмч үзлэгийнхээ явцад харж, тэмтэрч үздэг шинж тэмдэг юм. Гэвч арьсан дээрх өөрчлөлт нь бүх биеийн өөрчлөлттэй холбоотой бөгөөд тууралт гарсан үед бие эвгүйцэх, ядрах, халуурах зэрэг шинжүүд тохиолдох нь элбэг.
Субъектив шинж
Арьсны өвчтнүүдэд загатнах, хорсох, халуун оргих, ирвэгнэх, өвдөх гэх зэрэг зовиур илэрнэ. Энэ илэрч буй субъектив шинж тэмдэг нь өвчний хүнд хөнгөнөөс бус харин тухайн өвчтний хувь хүний онцлог, мэдрэлийн тогтолцооны байдлаас хамаардаг. Тиймээс зарим өвчтнүүд үл ялих шинжийг маш их зовиуртайгаар хүлээн авдаг бол зарим нь хүнд өвчнийг ч тэсвэрлэж байдаг. Энэ нь ялангуяа загатнааг мэдэрч байгаа байдалд илүү тод мэдрэгддэг. Тухайлбал загатнааны илрэл нь зөвхөн өвчний бус өвчтний онцлогоос өөрөөр хэлбэл тухайн өвчтний бие мах бодийн урвалж чанараас ихээхэн хамааралтай байна.
Загатнаа бол арьсны өвчний үед илэрдэг гол зовиур юм. Арьсан дээр зулгархай-маажсан ул мөр үүсч, гарын хумсны ирмэг элэгдэн хумс гөлгөр болох нь загатнааны объектив шинж болно. Загатнаа байгаа эсэх нь арьсны өвчний оношлогоонд чухал ач холбогдолтой байдаг. Хамуу, голомтот болон тархмал нейродермит, арьсны маажуур, зангилаат маажуур, мөөгөн үлд, экзем зэрэг өвчний гол зовиур нь загатнаа байдаг.
Гэтэл арьсны зарим өвчин тухайлбал хайрст үлд, ягаан үлд, арьсны идээт өвчин, ягаан батга зэрэг өвчний үед загатнаа бага, огт загатнахгүй байж ч болно. Түүнчлэн загатнаа нь биеийн аль нэг хэсэгт голомтолсон буюу тархмал байдлаар үүсэхийн зэрэгцээ үе үе загатнах, шөнийн цагаар загатнаа ихсэх зэрэг олон янзаар тохиолдож болно.
Объектив шинж
Тууралт хэмээн нэрлэгдэж буй арьсан дээрх эмгэгийг үнэлж дүгнэхийн тулд арьсны эмч бүх биеийн арьсны өнгө, өнгөлөг байдал, уян чанар, чийглэг байдал, температур зэргийг бүхэлд нь үнэлэх хэрэгтэй. Эмчийн харааны чадамж, хүртэхүйн мэдрэмж арьсны эмгэгийг дүгнэхэд голлох үүрэг гүйцэтгэдэг. Арьсны өвчний эмнэлзүйн шинж болох арьсан дээрх тууралтын шинж чанар, байрлал нь оношлогоо, эмчилгээний үйл ажиллаганы салшгүй нэг хэсэг юм.
Үрэлт, даралт, холголт, өндөр нам температур, янз бүрийн долгионы урттай туяа, химийн нэгдлүүд зэрэг гадаад хүчин зүйлийн үйлчлэл болон лотор эрхтний тухайлбал мэдрэл, лотоод шүүрэл, хоол боловсруулах эрхтэн, амьсгалын зам, зүрх судасны тогтолцоо, дархлалын үйл ажиллагаа, бодисын солилцооны өөрчлөлт зэрэг дотоод шалтгааны улмаас арьс ба салстад үүсч буй өөрчлөлтийг тууралт (эффло- ресценци) гэнэ. Арьсан дээр гарсан тууралтыг экзантем, салстад гарсан тууралтыг энантем гэдэг. Гэвч тууралт нь зөвхөн арьсны өвчний шинж тэмдэг байдаггүй. Дотор эрхтэн, мэдрэл, дотоод шүүрэл болон хүний биеийн бусад олон эрхтэн тогтолцооны өвчний үед тууралт гардгийг санах хэрэгтэй. Тууралтыг бид үрэвслийн ба үрэвслийн бус шинжтэй гэж авч үздэг.
Арьс ба салст дээр гарч буй эмгэг өөрчлөлт болох тууралтыг анхдагч ба хоёрдогч гэж ангилдаг. Гадаад, дотоод хүчин зүйлийн үйлчлэлээр арьсан дээр үүсч буй өөрчлөлтийг анхдагч тууралт гэнэ. Толбо, бэлцрүү, гүвдрүү, товруу, зангилаа, цэврүү, цэврүүнцэр, идээт цэврүүнцэр нь анхдагч тууралт юм. Анхдагч тууралтыг хөндийт (цэврүү, цэврүүнцэр, идээт цэврүүнцэр) ба хөндийт бус (толбо, бэлцрүү, гүвдрүү, товруу, зангилаа) гэж ангилдаг. Мөн үрэвслийн нэвчдэст ба шүүдэст анхдагч тууралт гэж ангилж болно.
Анхдагч тууралт өөрийн хөгжлийнхөө явцад эсвэл эмчилгээний улмаас хувирч өөрчлөгдөн хоёрдогч тууралтыг үүсгэдэг. Тухайлбал: Цэврүү хагарч шалбархай үүсгэх бөгөөд шалбархай нь хатаж тавшин улмаар тав унаж хоёрдогч нөсөөт толбо үүсгэн эдгэрнэ. Энэ нь цэврүү хөгжлийнхөө явцад шалбархай, тав, хоёрдогч нөсөөт толбо хэмээх хоёрдогч тууралт үүсгэн эдгэрч буйг харуулж байна.
Хоёрдогч тууралтад хайрс, шарх, шалбархай, тав, хоёрдогч толбо, цууралт, зулгархай, сорви, ширшил, ургацаг орно.
Арьсны өвчний үед гарч буй тууралтыг нэгэн төрлийн буюу мономорф, олон төрлийн буюу полиморф гэж тодорхойлдог. Хайрст үлд, хавтгай улаан үлд, жинхэнэ цэврүүтэх өвчин, үү зэрэг олон өвчин нэгэн төрлийн анхдагч тууралтаар эмнэлзүйн шинж нь илэрнэ.
Харин хэд хэдэн анхдагч тууралт тухайн өвчний шинж тэмдэг болж байгаа бол жинхэнэ полиморфизм гэнэ. Энэ нь Дюрингийн дерматит, тэмбүүгийн хоёрдугаар үе, олон хэлбэрт шүүдэст улайрал, экзем, уяман зэрэг өвчний үед илэрнэ. Тууралт нь хэд хэдэн анхдагч тууралтад хувирч байгаа бол хуурамч полиморфизм гэнэ.
Анхдагч тууралт
Үрэвсэл нь улайх (ruber), хавагнах (tumor), өвдөх (dolor), халуу оргих (color), үйл ажиллагаа нь алдагдах (functiolaesa) гэсэн 5 сонгомол шинжтэй. Гэвч үрэвслийн урвал хир зэрэг өрнөснөөс хамаарч дээрх шинжүүд хурц ба хурц биш үрэвслийн шинжээр илэрнэ. Тод улайх, үрэвслийн улмаас хаван үүсэх, шүүдэст тууралт гарах, загатнах, голомтот хэсгийн температур ихсэх, заримдаа өвдөлт үүсэх, үйл ажиллагаа нь алдагдах зэрэг нь хурц үрэвслийг илтгэнэ. Үрэвслийн шинж тод бус, голомт нь хөхөлбөр, хүрэн бор зэрэг зогсонгишлын өнгөтэй, тод заагтай, өвдөх, хорсох зовиургүй боловч хүчтэй загатнаа илрэх зэрэг нь хурц биш үрэвслийн шинж юм.
Толбо Macula
Арьс ба салстын өнгө хэсэг газарт өөрчлөгдөхийг толбо гэнэ. Энэ нь анхдагч, хөндийт бус тууралт юм. Толбо нь арьснаас дээш өргөгдөхгүй, тогтоцын өөрчлөлтгүй тул гарт тэмтрэгдэхгүй, арьсны зураглал өөрчлөгдөхгүй бөгөөд хэлбэр, хэмжээний хувьд олон янз байна. Толбо үүсч буй шалтгаанаас хамааран улаан ягаан, цагаан, хүрэн бор, хөх, шар гэх мэт олон янзын өнгөтэй байдаг 
Судасны хананы нэвчимтгий чанар ихсэх ба бүрэн бүтэн байдал нь алдагдах, цусны судасны гаж хөгжил, арьсанд агуулагдах нөсөөний хэмжээ өөрчлөгдөх нь толбо үүсэх шалтгаан болно. Иймээс толбыг судаслаг толбо, нөсөө өөрчлөлтийн толбо гэж ангилдаг.
Арьсны цусан хангамжийн өнгөц сүлжээний судас өргөссөний улмаас судаслаг толбо үүснэ. Түүнийг үрэвслийн ба үрэвслийн бус гэж ангилна.
Гадаад, дотоод цочроогч хүчин зүйлийн нөлөөгөөр хэсэг газарт арьс улайхыг үрэвслийн судаслаг толбо гэнэ. Судас өргөссөний улмаас үүссэн толбыг шилээр буюу хуруугаараа дарж үзэхэд өнгө нь бүдгэрч, дарахаа болиход эргэн анхныхаа өнгөнд хувирдаг.
            Чигчий хурууны хумсны толион чинээ хүртэл хэмжээтэй үрэвслийн толбыг розеол гэнэ. Тэмбүүгийн хоёрдугаар үе, улаан бурхан, гэдэсний хижиг, улаанууд, эмийн хордлогын үед розеол туурдаг. Розеол нь тод улаан ягаан өнгөтэй, тодорхойгүй заагтай, өөр хоорондоо нийлэх, гуужих хандлагатай, хавагнах, загатнах зэрэг хурц үрэвслийн шинжтэй байхын зэрэгцээ боровтор туяатай цайвар ягаан өнгөтэй, тодорхой заагтай, загатнаа багатай, өөр хоорондоо нийлэх хандлагагүй зэрэг хурц биш үрэвслийн шинжийг ч агуулсан байж болно. Зонхилон хүүхдэд тохиолддог улаан бурхан, улаанууд зэрэг халдварт өвчин болон экзем, дерматит, ягаан үлд өвчний үед хурц үрэвслийн розеол, тэмбүүгийн хоёрдугаар үе, эритразм, олон өнгөт үлд зэрэг өвчний үед хурц биш үрэвслийн толбо тухайн өвчний шинж тэмдэг болон илэрнэ.
Алга ба түүнээс том хэмжээний судаслаг толбыг эритем гэнэ. Экзем, дерматит, түлэгдлийн нэгдүгээр зэрэг, ёлом төст үрэвсэл, олон хэлбэрт шүүдэст улайрал зэрэг эмгэгийн үед цусны судас цочмогоор өргөссөний улмаас үүссэн эритем загатнаатай, тод улаан өнгөтэй, зөв биш дүрстэй, хавагнасан байдаг.
Сэтгэл хөдлөл, мэдрэлийн хямралын улмаас арьсны өнгөц цусны судас богино хугацаанд өргөсч том хэмжээний, нийлсэн, гэхдээ субъектив зовиургүй, гуужилтгүй эритем үүсэхийг ичингүйрлийн (уур хилэнгийн) толбо гэж нэрлэдэг.
Арьсан дахь капилляр судас үрэвслийн бус шалтгааны улмаас тогтвортойгоор өргөссөж телеан- гиоэктази хэмээх толбыг үүсгэнэ. Телеангиоэктази нь олдмол толбо бөгөөд ягаан батга, сорвижилт эритематоз болон бусад арьсны өвчний шинж тэмдэг болж илрэх тохиолдол ч бас байдаг. Мэнгэ бол төрөлхийн үрэвслийн биш судаслаг толбо юм.
Судасны хананы нэвчммтгий чанар ихэссэнээс арьсанд цус хурж цусархаг толбо үүсдэг. Цусархаг толбо нь хөгжлийнхөө явцад гемоглобин гемосидерин, гематоидинд хувирах үйл явцтай холбоотойгоор улаан, хөх-улаан, хүрэн ягаан, ногоон, шар зэргээр өнгөө өөрчилдөг ба хуруугаараа буюу шилээр дарж үзэхэд өнгөний хувирал өгдөггүй онцлогтой.
Харшлын васкулит, ангиит, С витамины дутагдал, гэдэсний хижиг, улаанууд зэрэг өвчний үед цусархаг толбо гардаг. Цусархаг толбыг хэмжээгээр нь цэгэн цус харвалт буюу петехи, 1 сантиметр хүртэл хэмжээтэй цусархаг толбо буюу пурпур, том хэмжээний шугаман хэлбэртэй цус хуралт буюу вибицес, том хэмжээний зөв биш хэлбэртэй цус хуралт буюу экхимоз гэж нэрлэнэ. Их хэмжээний цус хуралдсаны улмаас арьс дээш овойсон цусархаг толбыг гематом гэнэ.
Меланин хэмээх  арьсны нөсөөний хэмжээ ихсэх буюу багасаж нөсөө өөрчлөлтийн толбыг үүсгэдэг. Нөсөө өөрчлөлтийн толбо төрөлхийн ба олдмол байна. Арьсан дахь нөсөөний хэмжээ ихэссэний улмаас нөсөөжилтийн толбо үүсдэг бол арьсны нөсөөжилт хэвийн хэмжээнээс багассанаар нөсөөгүйдлийн толбо үүснэ. Сэвх, нөсөөт мэнгэ (lentigo), хлоазм зэрэг өвчний үед нөсөөжилтийн толбо, арьс алаглах өвчин, альбинизм зэрэг өвчний үед нөсөөгүйдлийн толбо үүсдэг. Түүнчлэн нөсөө өөрчлөлтийн толбыг зохиомлоор ч үүсгэж болдог. Сүүлийн үед хүмүүс шивээс их хийлгэх болсон нь түүний тод жишээ юм.
Гүвдрүү Papula
Гүвдрүү нь арьснаас дээш овойсон, хөндийгүй, дугуй ба зуйван хэлбэртэй, барьж үзэхэд нягт хатуу тогтоцтой анхдагч тууралт юм Гүвдрүүг үүсгэж буй эмгэг өөрчлөлтийн байрлалаас хамаарч өнгөн хөрсний, жинхэнэ арьсны, өнгөн хөрс-жинхэнэ арьсны байрлалтай гүвдрүү гэнэ. Хавтгай үү нь өнгөн хөрсний, гүвдрүүт тэмбүүнцэр нь жинхэнэ арьсны,хавтгай улаан үлд нь өнгөн хөрс- жинхэнэ арьсны байрлалтай гүвдрүүт тууралтаар илэрдэг арьсны өвчнүүд юм.
Гүвдрүүг үрэвслийн ба үрэвслийн биш гэж ангилна. Хайрст үлд, хавтгай улаан үлд, намарс, шовх үү, нейродермит зэрэг өвчний үед үрэвслийн гүвдрүү үүсдэг. Энэ үед жинхэнэ арьсны хөхлөг давхарт эсийн нэвчдэс хуралдаж, цусны судас өргөсөн, хязгаарлагдмал хаван үүснэ. Үрэвслийн биш гүвдрүү нь арьсны өнгөн хөрсний эсийн хэт ургалтаас (тухайлбал үү), бодисын солилцооны бүтээгдэхүүн хуралдсанаас (тухайлбал ксантом), жинхэнэ арьсны ургалтаас (папилом) үүсдэг. Гүвдрүү нь шар будаа, цагаан будаа, зоосон мөнгө болон түүнээс ч том хэмжээтэй байна. Шар будаан чинээ хэмжээтэй (1-Змм голчтой) гүвдрүүг milium, сэвэг зарамын хэмжээтэй (0.5-0.7см голчтой) бол lenticula зоосон мөнгөний хэмжээтэй (1 -Зсм голчтой) бол nummus гэж нэрлэдэг. Заримдаа гүвдрүү хэт том хэмжээтэй байдаг бол заримдаа гүвдрүү өөр хоорондоо нийлж хөрзөнг үүсгэдэг Гүвдрүү ихэнхдээ тодорхой заагтай, дугуй, зуйван, хавтгай, олон өнцөгт, шовх, хүйс маягийн, бөмбөгөр гэх мэт янз бүрийн хэлбэр дүрстэй, гөлгөр эсвэл барзгар гадаргуутай байдаг. Түүнчлэн тогтоцын хувьд зөөлөн, зуурсан гурил шиг, нягт, хатуу, өнгөний хувьд хэвийн арьсны өнгөтэй, шаргал, ягаан, улаан, хүрэн бор байна. Гүвдрүүн тууралт эдгэрэхэд арьсан дээр ямар нэгэн ул мөр үлддэггүй. Гэсэн хэдий ч зарим тохиолдолд гүвдрүү эдгэрэхдээ түр хугацааны нөсөөжилт ба нөсөөгүйдлийн толбо үүсгэдэг.
Товруу Tuberculum
Товруу нь хурц үрэвслийн биш, хөндийгүй, арьснаас дээш өргөгдсөн үрэвслийн нэвчдэст тууралт юм. Товруу анх үүсч байх үедээ хэлбэр хэмжээ, гадаргуугийн байдал, тогтцоороо гүвдрүүнээс ялгагдахад нилээн түвэгтэй байдаг. Энэ үед жинхэнэ арьсны хөхлөг ба торлог давхарт эсийн нэвчдэс хуралдана.
Ихэнхдээ сүрьеэгийн чонон яр, тэмбүүгийн гуравдугаар үе, уяман, лейшманиоз зэрэг өвөрмөц үүсгэгчтэй өвчний үед товруу үүсдэг. Товруу хөгжлийнхөө явцад хуурай замаар эргэн шимэгдэх эсвэл нойтон замаар задарч шархлана. Эдгэрэлтэнд хүрч буй зам өөр өөр боловч заавал сорви, хатингиршил үүсгэнэ.
Товруу арьсны аль нэг хэсэгт үүсдэг боловч бүлэглэн байрлах, өөр хоорондоо нийлэх мөн тархмалаар байрлаж болно.
Зангилаа Nodus
Зангилаа нь хурц үрэвслийн шинжгүй, арьснаас дээш эрс өр- гөгдсөн, тодорхой хил хязгаартай, хөндийгүй тууралт юм  Эмгэг процесс арьсан доорх өөхлөг давхарт үүсдэг. Зангилаа анх үүсч байх үедээ арьсны гадаргуугаас дээш өргөгдөөгүй байдаг боловч тэмтрэгддэг онцлогтой. Харин цаашдын хөгжлийнхөө явцад хэм- жээгээр томорч арьсны гадаргуугаас дээш эрс өргөгдөнө. Түүний гадаргуу нь гөлгөр байх бөгөөд төвийн хэсгээс эхлэн зөөлрөн, задарч шархлан улмаар сорви үүсгэнэ. Лимфома, зангилаат улайрал, тэмбүүгийн гумм нь зангилаат тууралтаар илэрдэг эмгэгүүд юм. Мөн хортой ба хоргүй хавдар ч зангилаат өөрчлөлтөөр тохиолдоно.
Цэврүүнцэр Vesicula
Цэврүүнцэр нь жижиг хэмжээтэй, дотроо шингэн агуулсан хөндийт, шүүдэст тууралт юм Цэврүүнцэр нь ийлдэслэг ба ийлдэслэг - цусархаг шингэнтэй, бүрхүүл ба ёроол гэсэн хэсгүүдтэй. Цэврүүнцэр нь өнгөн хөрсний эвэрлэг давхрын дор, өнгөн хөрсний дунд, өнгөн хөрс ба жинхэнэ арьсны хооронд байрладаг. Цэврүүнцэрийн шингэн амархан булингартан идээрхэг болж идээт цэврүүнцэрт шилжиж болно. Цэврүүнцэр хагарч нойтон шалбархай үүсгэх ба түүний доторх шингэн хатаж тавшина. Цэврүүнцэр шар будаанаас сэвэг зармын хэмжээтэй байна. Цэврүүнцэрийн үед арьсны өнгөн хөрсний үржлийн давхрын эсүүдэд шингэн хуралдан, эс доторх болон эс хоорондын хаван үүсдэг. Цэврүүнцэр нь ихэнхдээ олноороо гарна. Энгийн герпес, бүслүүр үлд, олон хэлбэрт шүүдэст улайрал, Дюрингийн дерматит, харшлын дерматит, намарс гэх зэрэг олон өвчний шинж тэмдэг нь цэврүүнцэр байдаг.
Цэврүү Bulla
Цэврүү нь том хэмжээтэй, шингэн агуулагдхуунтай, хөндийт шүүдэст тууралт юм. Цэврүү нь цэврүүнцэрийн нэгэн адил ийлдэслэг ба ийлдэслэг-цусархаг шингэнтэй, бүрхүүл ба ёроол гэсэн хэсгүүдтэй байна. Цэврүү нь байрлалаараа эвэрлэгийн дор, өнгөн хөрсний дотор, өнгөн хөрсний дор гэсэн 3 төрөл байдаг.
Цэврүү нь дугуй, хагас бөмбөлөг, зуйван хэлбэртэй, тунгалаг, заримдаа шаргал булингартай агуулагдахуунтай. Зарим арьсны өвчний оношлогоонд цэврүүний шингэний цитологийн шинжилгээ чухал ач холбогдол өгдөг. Цэврүү үүсэхэд арьсны өнгөн хөрсний эсүүд ба өнгөн хөрс, жинхэнэ арьсны хоорондын холбоо тасарна. Цэврүүний бүрхүүл нимгэн амархан хагарна. Жинхэнэ цэврүүтэх өвчин, хордлого харшлын дерматит, түлэгдлийн үед цэврүү үүсдэг.
Идээт цэврүүнцэр Pustula
Идээрхэг агуулагдахуунтай, хөндийт, шүүдэст тууралтыг идээт цэврүүнцэр гэнэ. Идээлүүлэгч нян ихэнхдээ стафилококк, стрептококкийн нө- лөөгөөр хучуур эсийн үхжил болж идээт хөндийт тууралт үүснэ (Зураг 4-12). Идээт цэврүүнцэр арьсанд болон түүний дайвар эрхтний эргэн тойронд гардаг. Түүнийг өнгөц ба гүн, үсний хүүдийтэй холбоотой ба үсний хүүдийтэй холбоогүй идээт цэврүүнцэр гэж ангилна. Идээт цэврүүнцэр хавтгай, хагас бөмбөлөг, шовх оройтой гэх мэт олон хэлбэртэй байна.
Үсний хүүдийтэй холбоотой, өнгөц идээт цэврүүнцэр нь үсний хүүдийн дээд 1/3 хэсэг, арьсны өнгөн хөрс ба жинхэнэ арьсны хөхлөг давхрыг хамарсан байна. Энэ нь шовх хэлбэртэй, шар ногоон идээрхэг агуулагдахуунтай, 1-5мм голчтой байдаг. Идээт цэврүүнцэрийн идээ хатаж тавшин, сорвигүй эдгэрнэ. Остеофолликулит, фолликулит, сикозын үед үсний хүүдийтэй холбоотой, өнгөц идээт цэврүүнцэр гарна. Үсний хүүдийтэй холбоотой, гүн идээт цэврүүнцэр нь үсний хүүдийг бүхэлд нь хамарна. Гүн фолликулит, хатиг, мундас, гөгий зэрэг өвчний үед энэ төрлийн идээт цэврүүнцэр үүсч хөгждөг. Үсний хүүдийтэй холбоогүй, өнгөц идээт цэврүүнцрийг фликтен гэнэ. Энэ нь өнгөц түүхий өвчний үндсэн шинж юм. Фликтен нь булингартай агуулагдахуунтай, бага зэргийн үрэвслийн хүрээтэй, арьсны өнгөн хөрсөнд байрласан байна. Үсний хүүдийтэй холбоогүй, гүн идээт цэврүүнцэр нь гүн түүхийн үед тохиолдох бөгөөд арьсны бүх давхрыг хамарсан эмгэг өөрчлөлт бий болно. Энэ үед сорви үүснэ.
Апокрин хөлсний булчир- хайн шүүрэл ялгаруулах цоргоны эргэн тойронд үүсч байгаа идээт цэврүүнцэр нь идээт буглааг үүсгэн улмаар сорвижин эдгэрнэ.
Бэлцрүү-Urtica
Арьснаас дээш өргөгдсөн, хөндийгүй, анхдагч тууралтыг бэлцрүү гэнэ (Зураг 4-14). Жинхэнэ арьсны хөхлөг давхрын цусны судас гэнэт хавагнаж, цусны уураггүй хэсэг нь гадагшлан бэлцрүү үүсдэг.
 Бэлцрүүний хэлбэр дүрс, хэмжээ янз бүр байх бөгөөд богино хугацаанд үүсч хурдан алга болдог онцлогтой. Энэ тууралт чонон хөрвөс өвчний гол шинж тэмдэг болдог.
Бэлцрүү нь ялаа, шумуул, хорхой шавьжинд хазуулах, халгайд хүрэлцэх, хүйтний нөлөө зэрэг гадаад нөлөөллийн улмаас үүсэхийн зэрэгцээ бие организмын хордлого, хэт мэдрэгшил зэрэг дотоод шалтгааны улмаас ч мөн үүсдэг. Түүнчлэн хоол хүнс ба эмийн харшлын үед бэлцрүү гарч болно. Зарим үед арьсны зурчлаа хийхэд нилээд тогтвортой байдлаар бэлцрүү үүсдэг бөгөөд үүнийг бэлцрүүт зурчлаа (urticaria fastitia seu dermo- grafismus) гэж нэрлэдэг.
Хоёрдогч тууралт
Анхдагч тууралт өөрийн хөгжлийнхөө явцад эсвэл эмчил- гээний улмаас хувирч өөрчлөгдөн хоёрдогч тууралтыг үүсгэдэг. Хоёрдогч тууралтад хайрс, шарх, шалбархай, тав, хоёрдогч толбо, цууралт, зулгархай, сорви, ширшил, ургадаг орно.
Хоёрдогч толбо Pigmentatio
Толбо, гүвдрүү, цэврүү, цэврүүнцэр, шарх, шалбархай зэрэг тууралт гарсны дараа тэр хэсэгт арьсны өнгө өөрчлөгдөхийг хоёрдогч толбо гэнэ. Хэрвээ тухайн хэсэгт агуулагдах нөсөө ихэссэн бол нөсөөжилтийн хоёрдогч толбо буюу hyperpigmentatio, багассан бол нөсөөгүйдлийн хоёрдогч толбо буюу hypopigmentatio гэдэг.
Тухайлбал хайрст үлд өвчин эдгэрэхдээ хоёрдогч цагаан толбо үүсгэдэг бол цэврүүтэх өвчин эдгэрэхдээ нөсөөт толбыг үүсгэнэ.
Хайрс-Squama
Арьсны өнгөн хөрсний эвэрлэг давхар хөвсийн, ховхорч унаж буй эвэрлэг ялтсыг хайрс гэнэ
Арьс хүний нүдэнд үл үзэгдэх байдлаар хэвийн үед гууждаг. Мөн угаах, хувцас үрэхэд ч бага хэмжээний гуужилт явагдана. Харин эмгэг үед арьсны энэ гуужилт нүдэнд үзэгдэхүйц болно.
Гуужиж буй хайрс хэмжээгээрээ том бол ялтсан хайрс (desquama- tio lamelosa) гэх бөгөөд энэ нь нярайн гуужилтат улайрал, загасан хайрсжилт, хайрст үлд зэрэг өвчний үед тохиолддог. Харин жижиг хэмжээтэй бол хивгэн хайрс гэх бөгөөд энэ нь олон өнгөт үлд, хяргагч үлд, бужуу үлд зэрэг олон өвчний шинж тэмдэг болно.
Хайрсны өнгө цагаан, шаргал, хүрэн бор гэх мэт олон янз байна. Мөнгөлөг цагаан хайрс хайрст үлд, бараан өнгийн хайрс загасан хайрсжилт, тослог шаргал хайрс хажираст дерматит өвчний шинж болон илэрдэг тул хайрсны өнгө нь оношлогооны ач холбогдолтой төдийгүй хайрсны бусад шинж тухайлбал амархан ховхордог нь хайрст үлд, нягт суусан, амархан хусагддаггүй ба өвдөлттэй ховхрох нь улаан чонон яр өвчний шинж болно. Мөн ягаан үлдийн үед хайрс нь атираатай, нугалаа, хуниастай юм шиг, парапсориазын үед голомтын төвд, мөөгөнцөрт өвчний үед голомтын захын хэсмэгт хайрстай байдаг зэрэг олон онцлогийг дурьдаж болно.
Шалбархай-Erosia
Арьсны өнгөн хөрсний бүрэн бүтэн байдал алдагдахыг шалбархай гэнэ. Цэврүү, цэврүүн-цэр, идээт цэврүү хагарч үүссэн шалбархай нь анхдагч тууралтынхаа хэмжээ, хэлбэртэй адил байдаг. Шалбархай эдгэрэхдээ сорви үүсгэдэггүй харин хоёрдогчнөсөөттолбо түрхугацаанд үлдэнэ.
Энгийн герпес, бүслүүр үлд, намарс, харшлын дерматит зэрэг өвчний үед жижиг хэмжээтэй шалбархай үүсдэг бол жинхэнэ цэврүүтэх өвчний үед том хэмжээний шалбархай үүсдэг.
Шарх Ulcus
Өнгөн хөрс, жинхэнэ арьс ба арьсан доорх өөхлөг эдийг хамарч арьсны бүрэн бүтэн байдал алдагдахыг шарх гэнэ . Шарх нь сорвижиж эдгэрдэг. Товруу, зангилаа, гүн идээт цэврүүнцэрээс шарх үүснэ.            Шархны хүрээ тодорхой, түүний ёроол нь тэгш ба барзгар, шүүслэг, идээрхэг, цусархаг шингэнээр хучигдсан байдаг. Шархны ирмэг тэгш, өргөгдсөн, ндэгдсэн, хатуу, нягт гэх мэт олон янз оайна. Гүн түүхий, гүн фолликулит, хатиг, мундас, сүрьеэгийн чонон яр. зангилаат улайрал зэрэг өвчний үед шарх бий болно.
Зулгархай-Excoratio
Маажих болон бусад гадны гэмтлийн улмаас шулуун шугаман хэлбэрээр арьсны бүрэн бүтэн байдал алдагдахыг зулгархай гэнэ. Энэ үед арьсны өнгөн хөрс, жинхэнэ арьсны хөхлөг гэмтвэл сорви үүсэлгүй эдгэрнэ. Харин арьсны гүн хэсэг гэмтвэл сорви үүсгэнэ. Зулгархай нь арьсны загатнааны объектив шинж юм. Чонон хөрвөс, нейродермит, хавтгай улаан үлд, хамуу, мөөгөн үлд зэрэг олон өвчний үед зулгархай бий болно.
Цууралт-Fissura, Rhagades
Арьсны уян хатан чанар алдагдсаны улмаас түүний бүрэн бүтэн байдал шугаман хэлбэрээр алдагдахыг цууралт гэнэ. Цууралт арьсны өнгөн хөрсний түвшинд байвал өнгөц цууралт (Fissura), жинхэнэ арьс, арьсан дорх өөхлөг эдийг хамарсан бол гүн цууралт (Rhagades) гэдэг.
Архаг экзем, нейродермит, амны булангийн түүхий зэрэг өвчний үед өнгөц цууралт үүсдэг бол төрөлхийн тэмбүүгийн үед ам тойрч гүн цууралт үүснэ.
Тав-Crusta
Арьсан дээрх хөндийт шүүдэст тууралтын шингэн хатаж тав үүсдэг  Иймээс тав нь тухайн хөндийт тууралтын агуулагдахууны шинж чанараас хамаарч шаргал, хүрэн шар, улаан хүрэн өнгөтэй байна. Үүнийг цусархаг, идээрхэг, ийлдэслэг, холимог тав гэж нэрлэж ч болно.
Цэврүү, цэврүүнцэр, идээт цэврүү хатах үед ба товруу, зангилаа задарч шархлан тавшдаг. Хейлит, түүхий, энгийн герпес, цэврүүтэх өвчин экзем, дерматит зэрэг олон өвчний үед тав тогтоно. Хажираст дерматит, шүүдэст хайрст үлд зэрэг арьсны зарим өвчний үед хайрс ба тавнаас тогтсон холимог гуужилт үүсдэг бөгөөд үүнийг хайрс-тав гэнэ.
Сорви-Cicatrix
Арьсны гүн давхрыг хамарсан эмгэг өөрчлөлтийн улмаас хучуур эд холбогч эдээр солигдон сорви үүснэ. Энэ үед арьсны хөхлөг тэнийж, хөхлөг хоорондох өнгөн хөрсний сэртэн үгүй болж, өнгөн хөрс, жинхэнэ арьсны хооронд дагуу шугам бий болно. Арьсны зураглал, үс, тос, хөлсний булчирхайн нүх сүв сорви үүссэн хэсэгт тодорхойлогдохгүй. Улаан чонон яр, сүрьеэгийн чонон яр, гүн түүхий, хатиг, жингэрийн хөх зэрэг олон өвчин эдгэрэхдээ сорви үүсгэдэг. Шинэ үүссэн сорви улаан, улаан ягаан өнгөтэй байх бөгөөд удах тусмаа сорвины өнгө бүдгэрнэ. Хэрвээ сорвин дээр фиброзон эд ет хэмжээгээр үүссэн бол сорви нь арьсны түвшнээс дээш эрс овойх ба үүнийг келойд сорви гэнэ. Харин сорвинд холбогч эд бага хэмжээгэзр үүссэн бол хатингиршсан сорви гэнэ. Энэ үед арьсны хэвийн зураглал алдагдсан, гэмтсэн хэсгийн арьс арьсны түвшнээс бага зэрэг доош хонхойсон, арьс нимгэрсэн байдаг. Хатингиршил нь голомт хуурай замаар эдгэрэх үед өөрөөр хэлбэл задарч шархлаагүй үед үүснэ. Гүвдрүүт үхжилт сүрьеэгийн үед тамгалсан юм шиг өнгөц сорви, товруут тэмбүүнцэрийн үед шигтгэмэл шиг алаг эрээн цоохор сорви, сүрьеэгийн чонон ярын үед нимгэн, гөлгөр, гялалзсан хатин- гиршил үүснэ.
Бэлцрүү-Urtica
Арьс зузаарч, нягтарч, зураглал нь тодорч, хуурай, ширүүн болж, нөсөөжхийг ширшил гэнэ.Намарс, хайрст үлд, нейродермитийн үед гүвдрүүт тууралтыг байнга маажсанаас тэдгээр нь хоорондоо нийлж, мөн ширшил үүснэ.
Ургацаг Vegetationes
Удаан хугацаагаар үргэлжилсэн үрэвслийн үед өнгөн хөрсний өргөст давхар хэт олширч, ургасны улмаас арьсан дээр цэцэгт байцаа, тахианы залааг санагдуулам, арьснаас дээш овойж гарсан, зөөлөн тогтоцтой, тэгш биш гадаргуутай тууралтыг ургацаг гэнэ. Хэрвээ ургацгийн гадаргуу дахь эвэрлэг давхар зузаан бол хуурай, бүүдгэр бор өнгөтэй, ширүүн байна. Харин ургацаг шалбарсан бол зөөлөн тогтоцтой, улаан ягаан өнгөтэй, амархан цус гарамтгай байна.
Шалбарсан ургацаг хоёрдогч халдварт амархан өртөж, захаараа улайж, өвчин эмзэглэлтэй болно. Ургацагт цэврүүтэх өвчний үед шалбархайн дээр ургацаг үүсдэг.



Арьсны өвчтөнг үзэж шинжлэх.
Арьсны өвчний оношлогоонд өвчтний өгүүлэл чухал байрыг эзэлнэ. Иймээс өвчтний зовиурыг сайн сонсож өвчтний өгүүллээс өвчний шалтгаан болон үргэлжилсэн хугацаа (сэтгэл санааны ямар нэгэн дарамт, цочрол байсан эсэх, даарч хөрсөн эсэх, хэрэглэсэн эм, хоол хүнс, химийн бодис, нарны гэрлийн нөлөө байсан эсэх) зэргийг тодруулна. Өвчтөн өмнө нь эмчилгээ хийлгэж байсан бол ямар эмчилгээ хийлгэж байсан, түүний үр дүн зэргийг тодруулна.
Тухайн өвчтөнд өвчин үүсэхэд гадаад орчны нөлөөлөл байгаа эсэхийг лавлан судлахын тулд ажил, амьдралын нөхцөл, урьд өвчилж байсан өвчин, гэр бүл цусан төрлийн хүмүүс нь арьсны өвчтэй эсэх, архи тамхи хэрэглэдэг эсэхийг тодруулна.
Арьсны өвчтөнг үзэх арга нь бусад эрхтэн тогтолцооны үзлэгийн аргуудаас жишээ нь дотрын өвчтөнг үзэх аргаас өвөрмөц онцлогтой байдаг. Арьсны эмч өвчтнөөс юунд зовиурлаж байгаа, ямар шалтгаанаас эмчид хандах болсныг асуухаас илүү нүдээр (ялангуяа амбулаторт үзүүлж буй нөхцөлд) харж оношлох нь чухал байдаг.
Зөвхөн хэсэгхэн газарт тууралт гарсан байлаа ч гэсэн биеийн бүх хэсгийг хамруулан нүцгэн биеийн үзлэг зайлшгүй хийх ёстой. Тууралтыг анхааралтай үзэж, бүх биеэр битүү туурсан эсэх, эсвэл тархмал болон голомтолсон, харалдаа, харалдаа бус байрласан зэрэг тархалтын байдлыг тодорхойлдог. Арьс салстан дээрхи тууралт нэгэн төрлийн (мономорф) юмуу олон төрлийн (полиморф), өөр хоорондоо нийлсэн юмуу тус, тусдаа эсвэл бүлэглэж байрласан, мөн цагираг, нум, шугаман хэлбэр үүсгэсэн эсэхийг тогтоох нь оношийн ач холбогдолтой.
Тууралтыг судлахдаа түүний өнгө, дүрс, хэлбэрийг тодорхойлхоос гадна арьс салстан дээр хир зэрэг овойж, төвийсөн байна гэдгийг тэмтэрч үзэх хэрэгтэй. Мөн түүний тогтоц нь хатуу ба зөөлөн, арьсны гэмтэл нь хир өнгөц ба гүн гэдгийг үзнэ. Өвчтнөөс тууралтын байдлыг асуухдаа тууралт болгоны явцыг анхаарч, тууралт нь тогтмол байна уу, үе үе гарч байна уу гэдгийг лавлан, түүний эдгэрэлт хэрхэн явагдаж байгаад анхаарч (шимэгдэх, гуужих, шархлах, хатингарших гэх мэт), сорви үлдээсэн эсэх, хэрвээ сорвижсон бол түүний шинж чанарыг тодорхойлох нь зүйтэй.
Тухайн өвчний үед арьс салстан дээр ямар нэгэн гадны хүчин зүйлийн нөлөөгөөр (маажих, урах, үрэх, түлэх, нарны туяа зэрэгт) цочрооход шинээр анхдагч тууралтууд илэрч байхыг Кебнерийн харь урвал гэнэ. Зарим үед тууралтын шинж чанарыг   тодорхойлохын тулд үзлэгийн тусгай аргуудыг ашигладаг. Тухайлбал цагны шил буюу шилэн  шпателаар тууралтан дээр дарж (диаскопии) тууралтын өнгө, шинж чанарыг, үечилсэн хусалт хийж гуужилтын шинжийг тодорхойлно.
Халдварын шалтгаантай арьс- ны өвчин гэж сэжиглэж буй тохиолдолд хайрс, үс, хумс, идээт цэврүү, цэврүүнцэр, шалбархай, шарх ба өвчтний цуснаас сорьц авч бактероскоп болон бактерологийн шинжилгээг хийнэ. Цэврүүний шингэнд ямар эс байгааг тодорхойлохын тулд шалбархайн ёроолоос дардсын наац авч Тцанкийн эс (акантолитик эс)-ийг илрүүлнэ. Цусны ерөнхий шинжилгээ ч арьсны зарим өвчний оношлогоонд чухал байдаг.
Арьсны үрэвсэлт өвчнийг оношлоход   тодорхой нэмэлт шинжилгээ шаардлагагүй бөгөөд энэ тохиолдолд эмч өвчтний өгүүллийг сайтар цуглуулж өвчтний ажил, амьдралын нөхцөл, дотор эрхтэн, мэдрэлийн тогтолцоо, бусад эрхтэнүүдийн үйл ажиллагааг судласны үндсэн дээр эмчилгээний оновчтой арга барил, цаашдын урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зөв авч чадах юм.
Хэдий чинээ чадмаг арьсны эмч байна, төдий чинээ эмнэл зүйн туршлага, харааны тогтоолттой байж эмгэг тууралтын шинж чанарыг (тууралтын төрөл, тархалт, байрлал, хэлбэр хэмжээ, зах хязгаар, гадаргуу, тогтоц) зөв оношлож чадна. Гэхдээ арьсны өвчний эмнэл зүйн явц, шинж тэмдэг тэр бүр тодорхой байдаггүйг анхаарах хэрэгтэй.
Эмчийн ажилласан жил, дадлага туршлага нь арьсны өвчнийг оношлоход шууд утгаараа нөлөөлдөг ч хатиг, мундас, гидраденит, гүн түүхий, олон өнгөт үлд, эритразм, улны мөөгөнцөрт өвчин, руброфитии, хожгор үлд, герпес, бүслүүр үлд, арьсны улайрал, арьсны хатингаршил, чонон хөрвөс, хайрст үлд, хавтгай улаан үлд зэрэг арьсны өвчнүүдийн сонгомол хэлбэрийг оношлоход хялбар байдаг.
Зарим тохиолдолд харахад арьсны зарим өвчнүүдийн тууралтууд нь төстэй байдгаас гадна эмнэл зүй, явцын хувьд ердийн бус хэлбэрээр тохиолдох нь оношлогоонд төвөг учруулдаг. Иймээс эмч онош зөв тавихын тулд тууралтын харагдаж байгаа гадаад байдлаас гадна нэмэлт шинжилгээ хийх, өвчтний өгүүллийг гүйцэд цуглуулж өвчтний зовиурыг тодруулах шаардлагатай.
Шаардлагатай тохиолдолд дотор эрхтэн, мэдрэлийн тогтолцоог судалж, цус, шээсний ерөнхий шинжилгээ, арьсны өвчний үед хийгдэх өвөрмөц үзлэг, шинжилгээнүүдийг (эд, эсийн шинжилгээ хийх, мөөгөнцрийн шинжилгээ, сүрьеэгийн микобактери, уямангийн савханцар. аврага эс илрүүлэх шинжилгээ, харшил, дархлалын шинжилгээ ба бусад) хийх нь тухайн өвчний шалтгаан эмгэг жамыг тогтоож, төгсгөлийн оношийг гүйцэд тавихад ихээхэн ач холбогдолтой болно.
Арьсны өвчтнийг зөв оношлоход өвчтөнтэй уйгагүй ажиллаж, цуглуулсан анамнез чухал ач холбогдолтой. Мэргэжлийн шалтгаантай арьсны өвчин гэж үзэж буй тохиолдолд өвчтөний ажлын байдлаас хамааран тухайлбал мал нядалгаанд ажилладаг хүмүүс, лаазалсан махны үйлдвэрлэл эрхл эгчид, загас, түүхий мах (ялангуяа гахайн мах) боловсруулагчид, саальчдад ёлом, арьс шир, мах боловсруулагчдын дотор сибирийн шарх өвчин, адуучин, малын эмч нарт ям өвчин, нүүрс устай их харьцан ажилладаг хүмүүст хийн газ, газрын тос олборлогчдод хордлогот меланодерм тохиолдох нь элбэг байдгийг анхаарах хэрэгтэй.
Арьсны лейшманиоз, уяман гэж сэжиглэж буй тохиолдолд өвчтнөөс ойрын үед богино хугацаагаар ч хамаагүй тус өвчний тархалт ихтэй бүс нутгаар явсан эсэхийг (тухайлбал лейшманиоз гэж үзэж буй тохиолдолд дундад Ази, Кавказ) тодруулан асууна.
Арьсны заримөвчнийгоношлоход улирлын байдал нөлөөлдгийг мөн тооцон үзнэ. Хавар намрын улиралд олон хэлбэрт шүүдэст улайрал, ягаан үлд, зангилаат улайрал, бүслүүр үлд өвчнүүдийг өвчлөл тохиолдох нь элбэг байна. Гэтэл гэрлийн шалтгаант арьсны үрэвсэл, улны мөөгөнцөрт өвчин нь хавар, зуны улиралд илүү дахимтгай байдаг.
Зарим арьсны өвчнүүд (экзем, хайрст үлд, улны эпидермофитии, Дюрингийн дерматит, энгийн герпес) дахин дахин сэдрэх дуртай байхад зарим нь (ягаан үлд, бүслүүр үлд) дахин өвчилдөггүй. Өвчтөний өгүүлэл цуглуулахдаа өвчтөн ямар нэгэн эм хэрэглэж байгаа эсэхийг тодруулан, хэрэв тууралт нь тодорхой эм уусны дараа эсвэл ямар нэгэн хоол хүнсний зүйл идсэний дараа үүсч байгаа эсэхийг лавлан эмийн ба хоол хүнсний хордлого байгааг тодруулах юмуу үгүйсгэн нотолно. Зарим өвчтөнд шоколад, гүзээлзгэнэ бусад хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхэд хордлого харшлын дерматит буюу чонон хөрвөс үүсч болно.
Урьд өвчилж байсан сүрьеэ, тэмбүү, элэг, ходоод-гэдэсний өвчлөл, цус, мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт, дотоод шүүрлийн булчирхайн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан эсэхийг тодруулан батлах нь цаашид онош тавихад хялбар болно.
Хамуу, арьсны идээт өвчин, удамшлын болон төрөлхийн (кератозын зарим хэлбэрүүд, Дарьегийн өвчин) өвчнүүдийг оношлоход гэр бүлийн шинж чанартай байгаа эсэх, арьс загатнаж байгаа эсэх, түүний хүч, байрлал, цаг хугацааг тодруулах нь чухал.
Мөн зарим өвчнүүд өвчтний хүйснээс шалтгаална. Тухайлбал зангилаат маажуур, архаг хяргагч үлд, арьс хатингарших, зангилаат улайрал нь эмэгтэйчүүдэд, харин ринофима, келойд, сорвижилтот батга нь эрэгтэйчүүдэд тохиолдох нь элбэг байна.
Ийнхүү өвчтний анамнезаар бид уг өвчин хэзээ эхэлсэн, анхны шинж тэмдэг нь юу байсан, хир удаан үргэлжилж байгаа, уг процессийн давтамж, дахилт, эдгэрэлт, тууралт нь хоол хүнс бусад хэрэглэж буй зүйлтэй холбоотой эсэх, эмийн бодисийн нөлөө зэргийг тодруулна.
Өвчтний амьдралын түүхийг (Anamnesis vitae) дотрын өвчтөнг асууж судлахтай адил судлана. Дараа нь өвчтний биеийн ерөнхий байдал, эрхтэн тогтолцооны үзлэгийг хийнэ. Биеийн ерөнхий байдлыг эрхтэн тогтолцоогоор тодорхойлон бичих Хүний эрүүл мэндийн ерөнхий байдлыг нас, хүйс, гадаад байдалд нь тохируулан сэтгэхүй болон биеийн хөгжлийн байдлаар тодорхойлдог. Бүх стационарт хүрэлцэн ирэгс- дэд ерөнхий дүрмийн дагуу системтэйгээр доорхи үзлэгүүдийг хийж гүйцэтгэнэ.
Тунгалагийн зангилааг тэм- тэрч үзэхдээ хэмжээ, нягтрал, хөдөлгөөн, өвчин эмзэглэл байгаа эсэхийг тодруулна. Яс-булчингийн тогтолцоог, булчингийн чангаралыг үзнэ. Амьсгалын замын эрхтэнүүдийн зовиурыг асуухын зэрэгцээ хамар, хамрын хөндийг үзэж, амьсгалын эрхтнүүдийг тогшиж, чагнаж судална. Цусны эргэлтийн эрхтэнүүдийн ямар нэгэн зовиур байгааг тодруулан, зүрхний хил хязгаарыг тодорхойлж, зүрхний авиаг чагнан, артерийн даралт, судасны цохилтыг үзнэ.
Хоол боловс-руулах эрхтнүүдийн зовиур байгаа эсэхийг асууж, үзлэг (амны хөндийгөөс эхлэн), тэмтрэлтийг (хэвлий, элэг дэлүү) хийнэ. Шээс бэлгийн замын эрхтнүүдийг анхааралтай үзэж шээсний гарц, өнгө, хэмжээ, Пастернацийн шинж, бэлэг эрхтний хөгжил, сарын тэмдгийн мөчлөг, сарын тэмдгийн шинж байдлыг тодруулж үзнэ. Дотоод шүүрлийн булчирхай болон мэдрэл сэтгэхүйн (сэтгэл хөдлөлийн байдал, ажлын чадвар, нойр, тархи- нугасны мэдрэлийн үйл ажиллагаа, арьс ба шөрмөсний рефлекс) байдлыг тодорхойлно.

Арьсны үзлэг
Эрүүл арьс, салст, түүний дайвар эрхтний байдалд дүгнэлт өгч улмаар гэмтсэн арьсыг судална. Тууралтыг сайн тодорхойлохын тулд хангалттай байгалийн буюу өдрийн, цахилгаан гэрэлд үзлэгийг хийх хэрэгтэй. Арьс ба салстын өнгийг тодорхойлж, арьсны уян хатан чанар, булчин, арьсан доорхи өөхөн эд, хөлс тосны булчирхай, хумс, үсний байдалд үнэлгээ өгч, сорви, хавдар бусад өөрчлөлт байгаа эсэхийг үзнэ.
Эрүүл арьс нь цайвар ягаан боровтор өнгөтэй байна. Бусад эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны өөрчлөлтийн улмаас арьсны өнгө өөрчлөгдөж болдог. Тухайлбал Адиссоны өвчин, хордлогот меланодермийн үед хар өнгөтэй, халдварт шар өвчин, акрихинийг удаан хугацаагаар хэрэглэсэн үед шар өнгөтэй. цусны эргэлтийн зогсонгишлийн үед хөхөлбөр өнгөтэй болсон байдаг.
Арьсыг чимхэж нугалаас үүсч байгаа байдлаар нь уян хатан чанарыг үзнэ. Арьсанд зурчлаа (дермографизм) хийх нь арьсны өвчнийг оношлоход багагүй ач холбогдолтой. Дермографизм нь механик цочролын хариуд арьсан дээр үүсч байгаа мэдрэл-судасны хариу урвал юм. Дермографизмийг үзэхдээ цээж буюу нурууны арьсан дээр хэл дарагч эсвэл ямар нэгэн мохоо ирмэгтэй зүйлээр 2-3 эгнээ чагтан зураас гаргана.
Хэвийн үед 5-20 секундийн дараа ягаан улаан өнгийн зурлага үүсч 2 минутийн дараа ул мөргүй алга болно. Нейродермит, арьсны маажуур өвчний үед цагаан дермографизм, экзем, хайрст үлд өвчний үед улаан дермографизм илэрнэ. Харин бэлцрүүт дермографизм гэдэг нь зурчлаа хийсэн газарт арьсны түвшингээс эрс өргөгдсөн улаан, хавагнасан зурлага үүсэхийг хэлэх бөгөөд энэ нь 30-40 минут үргэлжилнэ. Бэлцрүүт зурчлаа чонон хөрвөс өвчтэй хүмүүст илэрнэ. Түүнчлэн холимог дермографизм гэж байна. Энэ нь улаан цагаан зурчлаа холимог байх буюу улаан зурлагын захаар нь цагаан зураас үүсэхийг хэлнэ.
Үс булчингийн рефлексийг ("Арьс хөрзийх") үзэхдээ хүйтэн зүйлийг арьсны тодорхой хэсэгт тавихад арьс барзайж, үсийг нь зумалсан галууны арьс шиг болно. Энэ байдал хэвийн үед 5-10 секунд орчим болоод ул мөргүй арилна. Ихтиоз, Гебрийн маажуур өвчний үед симпатик мэдрэлжүүлэлт алдагдсантай холбоотой үс булчингийн рефлекс үүсэхгүй болно. Харин төв мэдрэлийн систем болон вегетатив мэдрэлийн системийн үйл ажиллагаа алдагдсантай холбоотой атопийн дерматит өвчтэй хүмүүст хэвийн үед үс булчингийн рефлекс илэрсэн байдаг.
Уяман ба сирингомиелии гэж сэжиглэж буй тохиолдолд арьсны өнгөц мэдрэхүй, өвдөлтийн болон температурын мэдрэхүйг шалгах хэрэгтэй.
Тусгайлсан узлэг, Status localis буюу гэмтсэн арьс салстын үзлэгийг тодорхой дарааллаар хийж, бичиж тэмдэглэх шаардлагатай. Хамгийн түрүүн тууралт нь үрэвслийн шинж чанартай байна уу, үрэвслийн бус шинж чанартай байна уу гэдгийг тодорхойлно. Ихэнхи арьс, бэлгийн замын халдварт өвчнүүдийн үед илэрдэг тууралт үрэвслийн шинж чанартай байдаг.
Дараа нь үрэвслийн ямар хэлбэр өөрөөр хэлбэл хурц үрэвслийн (ихэнхдээ шүүдэст үрэвслийн), хурц биш үрэвслийн (ихэнхдээ нэвчдэст үрэвслийн) байгааг тогтооно.
Тууралтын        байрлалын хувьд арьсны олон өвчнүүд өөрийн сонгомол байрлалыг    олж авсан байдаг ч энэ нь оношлогоонд тодорхой үүрэгтэй.         
Тухайлбал: хайрст үлд, арьсны гүвдрүүт-нэвчдэст сүрьеэ, Гебрийн маажуур зэрэг нь мөчнүүдийн тэнийлгэгч гадаргуугаар, сүрьеэгийн чонон яр, улаан чонон яр, батга зэрэг нь нүүрээр, нянгийн буюу варикозын экзем, зангилаат улайрал (Базены улайрал),       тэжээлийн дутагдлаас үүссэн архаг явтай идээт шарх хөлийн шилбэн дээр, арьсны цэврүүтэх өвчин, сүрьеэгийн шарх нь амны хөндийд гэх мэтээр өөр өөрийн өвөрмөц байрлалтай байдаг. Арьсыг хамарсан талбайнаас хамаарч голомтыг хязгаарлагдмал, тархмал, түгээмэл гэж тодорхойлохоос гадна харалдаа ба харалдаа бус байрлалтай гэж тодорхойлно.
Дараа нь тухайн өвчтөнд ямар анхдагч ба хоёрдогч тууралт байна, түүний өнгө, хил хязгаар, хэлбэр, гадаргуу, тогтоц зэргийг үзнэ. Туршлагатай арьс өнгөний эмч зөвхөн тууралтын өнгийг ялгаад зогсохгүй, туяаг нь ялган тогтоох чадвартай байдаг. Тууралтын хил хязгаар нь тодорхой, тодорхой бус байхаас гадна хэлбэрээрээ дугуй, зууван, олон өнцөгтэй, том, жижиг хуниас нугалаастай, тэгш бус гэх мэт олон янз байна.
Тууралт нь хатуу мод шиг, хатуувтар-зөөлөн буюу мөгөөрс шиг, зөөлөн, зуурсан гурил шиг гэх мэт тогтоцтой байна. Гадаргуу нь гөлгөр, барзгар, овон товон байхаас гадна хоорондоо нийлсэн, эсвэл тус тусдаа байгаа зэргийг тогтооно. Хэрвээ дугуй, хагас дугуй, зуйван, цагираг, нум зэргийг үүсгэсэн бол зөв бөөгнөрсөн тууралт, тодорхой нэгэн газар геометрийн хэлбэр дүрсгүй бол буруу бөөгнөрсөн хэлбэр гэнэ. Зарим тохиолдолд тууралт цусны судас, мэдрэлийн судлыг (бүслүүр үлд) дагаж байрласан байдаг.
Арьсны өвчнийг оношлох өвөрмөц арга ба лабораторийн шинжилгээ
Арьсны өвчнийг оношлох өвөрмөц арга гэдэг нь хусах, тэмтрэх, диаскопи - шилээр дарж үзэх, Кебнерийн харийн урвал, арьсны зурчлаа - дермографизм, үс-булчингийн рефлексийг үзэх, арьсанд сорил хийх зэрэг юм.
Лабораторийн шинжилгээнд арьс өнгөний өвчнийг тодруулах ерөнхий шинжилгээг (цус, шээс, ходоодны шүүсний шинжилгээ, өтгөнд цагаан хорхойн өндөг илрүүлэх, цээжний хөндийг гэрэлд харах) хийхээс гадна өвөрмөц (ийлдсийн, бичил харуурын, гэмтсэн голомтоос гистологи, гистохимийн) шинжилгээг хийнэ.
Арьсны практикт хусалтын аргыг хайрст үлд, парапсориаз өвчнийг оношлоход голлон хэрэглэдэг. Хусалтыг хийхдээ шинэхэн гүвдрүүний оройг тавиур шил болон, мэс заслын хутгаар хөнгөн хусна. Хайрст үлд өвчний үед өвөрмөц гурвал шинж тэмдэг илэрнэ. Эхний хусалтаар мөнгөлөг цайвар өнгийн их хэмжээтэй хайрсууд лааны зоргодосыг санагдуулам хуурч ирнэ. Энэ шинжийг "лааны зоргодосны шинж" гэнэ. Цааш хусахад гялгар нимгэн хальс хуурах бөгөөд үүнийг "төгсгөлийн хальсны шинж" гэнэ. Төгсгөлд нь хоорондоо нийлээгүй цусан дуслууд харагдана. Энэ шинжийг "Auspitz-ийн шинж" буюу "цусан шүүдрийн шинж" гэнэ. Харин парапсориазын үед "далд хогжрох" шинж ажиглагдана.
Улаан чонон яр өвчний үед хайрсыг хуулахад "өргөс"-ний шинж илрэхээс гадна хайрсыг хуулахад өвдөлттэй байдаг. Үүнийг Беньегийн шинж гэнэ.
Тууралтыг диаскопи буюу витропрессийн арга гэдэг нь тавиур шил эсвэл шилэн савхаар тууралтан дээр дарж үзэх арга юм. Диаскопийн арга нь тууралтын жинхэнэ өнгийг тодорхойлдог. Мөн судас өргөссөж үүссэн толбон тууралтыг нөсөөт болон цусархаг толбоос ялгана. Сүрьеэгийн чонон яр өвчний үед диаскопи нь оношийн их чухал ач холбогдолтой байдаг. Сүрьеэгийн чонон ярын товруут тууралт дээр дарахад хүрэн шаргал өнгөтэй болно. Энэ шинжийг "алимын нухашны шинж" гэнэ.
Зарим арьсны өвчнүүдийн үед эрүүл арьсан дээр гадны цочруул үйлчлэхэд тухайн өвчний шинж тэмдэг илэрдэг. Энэ урвалыг Кебнерын харийн урвал гэж нэрлэх бөгөөд ялангуяа хайрст үлдийн давших үе ба хавтгай улаан үлдийн үед энэ шинж тод ажиглагдана. Арьсанд үүссэн ямар нэгэн механик гэмтэл (үрэгдэх, зурагдах, хатгагдах, мэс засал хийх, түлэгдэх г.м) эсвэл физикийн хүчин зүйл (хэт ягаан туяаны үйлчлэл)-ийн нөлөөнөөс тухайн арьсны өвчний тууралт шинээр туурна. Чонон хөрвөс өвчний үед илэрч байгаа бэлцрүүт дермографизм нь Кебнерийн харийн урвалын нэг жишээ юм.
"Уикхемийн тор" хэмээх шинж нь хавтгай улаан үлд өвчний шинж юм. Гарсан гүвдрүүн тууралтыг тос эсвэл усаар арчихад гадаргууд нь саарал гялгар торлог зураглал харагдана. Энэ нь арьсны өнгөн хөрсний мөхлөгт давхраа харилцан адилгүй зузаарснаас үүснэ. Ялангуяа эвэрлэг давхрага байхгүй салст бүрхэвч дээр "Уикхемийн тор" хэмээх энэхүү шинж тод ажиглагдана.
Арьсны янз бүрийн харшлын болон мэргэжлийн шалтгаант өвчин, зарим нэгэн халдварт өвчин тухайлбал арьсны сүрьеэ өвчний үед арьсны сорилыг өргөн ашиглана. Сорилыг арьсан дээр наах, зурах, арьсан дотор хийх мөн Ядассоны аргаар бигнүүрэн сорил, дуслан сорил гэх мэт олон аргаар хийнэ. Мөн эдгээр аргуудыг хамтран хэрэглэж ч болно. Сүрьеэтэй өвчтөнд туберкулины сорилыг (Пирке, Манту, Натан-Колласа) арьсан дотор хийж оношийг тодруулдаг. Зарим өвчний үед өвөрмөц антигенийг ашиглан уяман, бэлэгсийн дөрөв дэх өвчин, туулайн халууралт (Франсисийн өвчин, туляреми), ям зэргийг оношлоно.
Мэргэжлийн     шалтгаантай арьсны өвчний шалтгааныг тодруулахын тулд янз бүрийн химийн бодисуудыг ашиглана. Эмийн бодисын нөлөөнөөс үүсч буй дерматит (ихэвчлэн антибиотик, сульфаниламидийн эмүүд байдаг) гэж үзвэл маш бага хэмжээгээр уулгах буюу тарьж хэрэв уг эмийн нөлөөнөөс үүсч байгаа нь нотлогдвол дахин хэзээ ч хэрэглэхгүй байхыг сануулна.
Сүүлийн үед харшлын өвчнийг оношлохын тулд арьсны сорилыг маш цөөн хэрэглэдэг болсон. Учир нь энэ сорилууд ялангуяа харшлын байдалтай өвчтөнд ерөнхий болон хэсэг газарт маш хүнд хүндрэлийг өгдөг. Үүнээс гадна арьсны сорил нь уг өвчний улмаас хүний биед өрнөж буй дархлалын урвалыг улам идэвхижүүлж, биологийн идэвхит бодисыг ялгаруулан, харшил эмзэгшлийг улам ихэсгэдэг. Иймд сүүлийн үед харшлыг оношлох шууд бус аргуудыг хэрэглэдэг болсон.
Үүнд: цус, амьсгалын дээд замын шүүрлүүдэд эозинофил, бета, гамма глобулины хэмжээг тодорхойлох, ийлдсийн урвал (Кумбса, цус наалдуулах, Фельнера, Берийн наалдуулах, тунадасжуулах болон хавсрага холбох урвалууд), эсийн шинжилгээнүүдийг (лейкоцитийн агломерацийн Флекийн урвал, базофил мөхлөггүйжүүлэх Шеллийн урвал, лейкоцит хайлуулах урвал, лейкопенийн сорил, тромбопенийн индексийг тодорхойлох г.м.) тавина.
Дюрингийн дерматитийн цэврүүт хэлбэр гэж сэжиглэж буй тохиолдолд цус болон цэврүүний шингэнд эозинофилийг тодорхойлж арьсны цэврүүтэх өвчнөөс ялган оношлоно.
Бичил харуурын тусламжтайгаар мөөгөнцөр, цайвар трепонем, гонококк, трихомонус, хамууны хачиг зэргийг тодорхойлж мөн тэжээлт орчинд ургуулна. Тэмбүү гэж сэжиглэж буй тохиолдолд серологийн урвалуудыг тавина. Заримдаа шалтгааныг бүрэн тодруулахын тулд усан гахай, цагаан хулгана зэрэг туршлагын амьтдыг ашигладаг.
Гэмтсэн арьс, салст буюу эмгэг тууралтаас биопси авч эдийн шинжилгээ хийх нь оношлогоонд чухал ач холбогдолтой. Ялангуяа хавтгай улаан үлд, цагираг хэлбэрийн гранулем, уяман, нөсөөт чонон хөрвөс, арьсны хавдар болон бусад өвчний үед эдийн шинжилгээгээр оношлоход харыдангуй хялбар байдаг.
Сүүлийн жилүүдэд арьсны цэврүүтэх өвчнийг оношлохдоо цэврүүний шингэнд дардсын аргаар "Тцанкийн эс" буюу "акантолитик эс"-ийг илрүүлэх, улаан чонон яр өвчний үед цусанд "улаан чонон ярын эс" буюу "LE" эсийг илрүүлэх шинжилгээг өргөн хэрэглэх боллоо. Түүнчлэн шууд ба шууд бус дархан гэрэлтүүлгийн аргаар дархлалын шинжилгээг ч өргөн хэрэглэж байна. Шууд аргаар цусанд эргэлдэж байгаа A, М, G эсрэгбиеийг илрүүлэх, шууд бус аргаар эдэд бэхлэгдсэн дархан бүрдэл, иммуноглобулинууд, хавсрага, фибрины бүлэглэлүүдийг тодорхойлно.
Арьсны өвчтэй хүнд зөвхөн арьс салстыг бус, бүх бие мах бодийг, төв болон захын мэдрэлийн систем, өвдөлтийн болон халуун хүйтний мэдрэхүй, дотор эрхтэн, цус төлжүүлэх эрхтэн, дотоод шүүрэлийн булчирхайн үйл ажиллагаа, зүрх- судасны системийг хамруулан үзлэг хийх нь тэдгээр эрхтэн тогтолцооны эмгэгүүд арьсны өвчний эмгэг жамд чухал ач холбогдолтой болохыг бидэнд сануулна.

No comments:

Post a Comment