Monday, November 12, 2012

Сэдэв 5. Мэдрэлийн гаралтай арьсны өвчин.



Загатнаа. Pruritis cutaneus
Арьсыг маажихад хүргэж буй тэр сэрлийг загатнаа гэнэ. Энэ нь арьсанд өвдөлтийг мэдэрдэг мэдрэхүйн ширхэг сул хүчээр цочирсны улмаас үүсдэг, өвдөлтийн мэдрэхүйн дүрсээ өөрчилсөн хэлбэр юм. Зарим судлаачид арьсанд загатнааг мэдэрдэг өвөрмөц рецептор байдаг үздэг. Шимэгчид хазуулах, хатгуулах, шимэгч бие дээгүүр явах зэрэгт физиологийн загатнаа үүсдэг бол мэдрэлийн тогтолцоо үйл ажиллагааны болон бүтцийн өөрчлөлтөнд орсны улмаас, хоол боловсруулах замын эмгэг, дотоод шүүрлийн булчирхайн өөрчлөлт (чихрийн шижин), бодисын солилцооны өөрчлөлт (атеросклероз), дотор эрхтэн ба цусны хорт хавдрууд, жирэмсний хордлого, гэдэсний шимэгч хорхойн халдвар зэрэг бие мах бодид өрнөж буй олон өөрчлөлтийн үед эмгэг загатнаа үүснэ.
Экзем, атопийн дерматит, хавтгай улаан үлд, хамуу зэрэг арьсны өвчний шинж тэмдэг болж мөн загатнаа илэрдэг. Гэсэн хэдий ч загатнаа үүсч буй эмгэг жам өнөөг хүртэл бүрэн тайлбар- лагдаагүй байна. Загатнаа үүсэхэд мэдрэл, шингэн, судасны зохицуулга ихээхэн үүрэгтэй нь тогтоогджээ. Зарим тохиолдолд загатнаа нь дан ганц арьсны өвчний шинж байдлаар архаг шинжтэй илэрнэ. Үүнийг нь арьсны загатнаа хэмээх бие даасан өвчин гэж авч үздэг.
Арьсны загатнаа нь тархмал ба хязгаарлагдмал байна. Арьсны тархмал загатнаа нь ялангуяа орой, шөнийн цагаар арьс хүчтэй загатнах байдлаар илэрдэг. Энэ загатнаа нь үе үе тэвчихийн аргагүй их хүчтэй хөдөлдөг. Өвчтөн хумсаараа маажаад зогсохгүй бусад, янз бүрийн зүйлээр арьсыг зулгартал мааждаг. Харин заримдаа загатнаа нь арьс ирвэгнэх төдийгээр байнга, тогтмол өвчтөнд мэдрэгдэнэ.
Тархмал загатнаа нь хөгшрөлтийн, өндрийн, нарны туяаны гэх мэт хэлбэрээр тохиолдоно. Хөгшрөлтийн загатнаа нь 60-аас дээш насны хүмүүст, бие организмын ялангуяа арьсан дахь эд эсийн хөгжлийн хувирал өөрчлөлтийн улмаас үүснэ. Далайн түвшингээс 7000 ба түүнээс дээш метр өндөрт гарсан үед барарецептор цочирсны улмаас үүсч буй загатнааг өндрийн загатнаа гэнэ.
Гэрэл, туяанд хэт мэдрэг хүмүүст нарны загатнаа үүснэ. Загатнааны объектив буюу нүдэнд харагдах бодит илрэл нь зулгархай юм. Зулгархай нь цэгэн буюу шугаман хэлбэртэй байх бөгөөд өвчтөний хумс нь гөлгөр, гялалзсан болдог. Арьсны голомтлог загатнаа нь ихэвчлэн шулуун гэдэсний амсар тойрч ба гадна бэлэг эрхтэн, эмэгтэй хүнд бэлийн уруул, эрэгтэй хүнд хуйхнаг орчмоор үүснэ. Бага аарцгийн хөндийн эрхтэн, түрүү булчирхай, өндгөвч, шулуун гэдэс, шулуун гэдэсний орчмын салстын архаг үрэвсэлт өвчнүүд, гэдэсний шимэгч хорхойн халдвар, трихомониаз зэрэг нь арьсанд голомтлог загатнаа үүсэх шалтгаан болно.
Хуйхны арьс архаг, удаан хугацаагаар хүчтэй загатнах нь лимфогрануломатозын эрт үеийн шинж бол, хэлүү загатнах нь бэлэг эрхтэний хорт хавдрын шинж байдаг. Удаан хугацаанд үргэлжилсэн загатнаа нь арьсны идээт өвчин ба кандидозоор хүндрэх нь цөөнгүй тохиолдоно. Түүнчлэн удаан үргэлжилсэн загатнаа нь өвчтөний сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж, өвчтөн цочимтгой болох, нойргүйдэх, хоолонд дургүй болох байдал ажиглагддаг.
Эмчилгээ:
Арьсны загатнааны үед шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.
Үүнд
·         валерианы ханд, транквилизатор зэрэг тайвшруулах бэлдмэл, фенкарол, диазолин, кларитин зэрэг гистамины эсрэг эм,
·         кальцийн бэлдмэл, тиосульфат натри зэрэг харшил эмзэгшлийг бууруулах эм,
·         0.5 хувийн новокайны уусмал, 1 хувийн тримекайны уусмал зэрэг мэдээ алдуулах эм, идэвхижсэн иүүрс, полифепан полисорб зэрэг энтеросорбент хэрэглэнэ.
Хөгшрөлтийн загатнааны үед судас хамгаалах эм, бэлгийн даавар хэрэглэх нь үр дүнтэй байна. Хоол хүнсэнд өндөгний уураг, махны шөл, зөөлөн чихэр, чихэрлэг зүйлс, амттан, архи, дарс, давс хязгаарлана.
Мөн 1.5 литр буцалсан юмуу эсвэл нэрмэл усаар цэвэрлэх клизм тавьсны дараа 1-2 хоног өлсгөлөн байх нь эмчилгээний ач холбогдолтой байна. Энэ процедурыг 2 долоо хоног тутамд давтан хийж байх нь зүйтэй. Итгүүлэн үнэмшүүлэх эмчилгээ, зүү эмчилгээ, лазер, соронзон эмчилгээ нь үр дүнтэй байна. Хэсэг газарт 1 хувийн ментол, 1-2 хувийн анестезин, 1-2 хувийн карболийн хүчилтэй кортикостеройд тосыг хольж түрхэнэ.
Улайрал-гүвдрүүт тууралтаар эхэлж энэ нь аажимдаа хоорондоо нийлж нэвчдэст гүвдрүү, ширшил үүсгэдэг, архаг явцтай арьсны өвчнийг нейродермит гэнэ. Нейродермит нь тархмал ба хязгаарлагдмал гэсэн 2 хэлбэрээр тохиолдоно.

Нейродермит Neurodermitis
Тархмал нейродермит өвчний эмгэг жамд мэдрэл-дотоод шүүрлийн тогтолцооны өөрчлөлт. харшлын шалтгаан голлох үүрэгтэй. Тохироогүй хоол хүнс, хордлого. элэг, ходоод, бөөр зэрэг дотор эрхтний үйл ажиллагаа алдагдах. архаг халдварын голомт нь бие организмд харшил эмзэгшил үүсэхэд нөлөөлнө. Төв ба вегетатив мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа алдагдах, ялангуяа симпатик мэдрэлийн тонус ихсэх, өнчин тархи, бөөрний дээд булчирхайн тогтолцооны өөрчлөлт нь нейродермитийн хөгжилд ихээхэн үүрэгтэй байна. Өвчин аль ч насанд үүсч хөгжиж болно.
Эмнэлзүй: 2-3 мм хэмжээний, бүдэг ягаан өнгийн, загатнаатай гүвдрүү үүсч улмаар хоорондоо нийлэн нийлээд том нэвчдэст голомтыг үүсгэн, улмаар ширшил болно. Голомт тохойн үений дотор  гадаргуу хэсэг, тахимын хонхор, шуу сарвууны үе, хүзүүний хажуу гадаргууд байрласан байна. Нүүр, цээж, нуруугаар хурц биш үрэвслийн шинжтэй, ягаан өнгийн эритем үүсч бага зэргийн гуужилт өгөх ба голомтын хил хязгаар нь тодорхойгүй байдаг.
Хэрвээ эмчилгээг зөв хийгээгүй буюу өөр бусад тааламжгүй үйлчлэлийн улмаас голомт тархаж, эритродермийг үүсгэнэ. Загатнаа ихтэй байдаг тул арьсан дээр цэгэн буюу шугаман зулгархай, цууралт, мөн нөсөөгүйжсэн толбо үүснэ. Ерөнхийдөө арьс хуурай, боровтор өнгөтэй болно. Арьсны зурчлаа цагаан илрэх ба хумс нь гялалзсан, мөлчийсөн байдаг. Өвчтөн хоолонд дургүй болж, нойргүй, цочимтгой, уйламтгай  болохын зэрэгцээ биеийн жин буурч, тамир тэнхээ муутай, амархан ядрамтгай болно. Мөн өвчтний даралт буурах, ходоодны шүүрэл багасах, сахар багасах, бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаа багасах зэрэг шинжүүд илэрнэ. Загатнан маажсан тэр хэсэгт идээт үрэвсэл идээт халдвартай хавсрах нь элбэг байна. Өвчин архаг удаан үргэлжлэх бөгөөд үе үе сэдэрч, дахилт илэрдэг. Харин зуны улиралд харьцангуй эрүүл байна.  
Хязгаарлагдмал нейродермит өвчний голомт хүзүүний ар ба хажуу гадаргуу, шагайн үе, бэлэг эрхтэний орчим гэх мэт арьсны тодорхой хэсгүүдэд, голомтолсон байдлаар илэрнэ. Хязгаарлагдмал нейродермитийн үед голомтыг 3 бүс болгон авч үздэг. Үүнд: төвийн бүс буюу ширшил, завсрын бүс буюу олон тооны, жижиг, гялалзсан гүвдрүү, захын бүс буюу арьс нөсөөжсөн хэсэг.
Оношлогоо: Нейродермит өвчнийг анамнез, эмнэлзүйн шинжид үндэслэн оношлоно. Тархмал нейодермитийг атопийн дерматитаас ялган оношлох нь нилээн түвэгтэй байдаг. Учир нь энэ 2 эмгэгт эмнэлзүйн ижил төстэй шинжүүд нилээд бий. Атопийн дерматитийн үед удамшлын ужиг өгүүлэл, ринит, гуурсан хоолойн багтраа зэрэг харшлын өвчнүүдээр өвчлөмтгий байх, дархлаа өөрчлөлт, IgE ихсэн, Т эсийн дархлаа сулрах, хоол боловсруулах үйл ажиллагааны алдагдал, хүүхэд байхдаа экземээр өвчилж байсан эсэх зэрэг нь чухал юм.
Эмчилгээ: Харшил төрүүлэх шинж чанар багатай хоол хүнс хэрэглэх (хурц хоол, халуун ногоо, дарсан, давшилсан хүнсний бүтээгдэхүүн, махан хоол, архи, шокалад г.м), ариун цэвэр эрүүл ахуйн дэглэм, ажил амралтын зөв горим баримтлах, архаг халдварын голомтыг эрүүлжүүлэх, хоол боловсруулах үйл ажиллагаанд анхаарах, синтетик цагаан хэрэглэл, ялангуяа будганд оруулсан нэхий. ноосон эдлэл, хувцас арьсан дээр шууд хүрэлцэж өмсөхийг хориглоно.
Тайвшруулах үйлчилгээтэй эм валерианы ханд, триоксазин.мебикар, оксилидин, амизил, левомепромазин, тиоридазин, амитриптилин зэргийг хэрэглэнэ. Тавегил, фенкарол, диазолин, кларитин, циметидин, перитол зэрэг гистамины эсрэг эм, кальцийн бэлдмэл, тиосульфат натри зэрэг харшил эмзэгшлийг бууруулах эм, гистаглобулин, витамин А,С,В бүлэг витамин, судас хамгаалах доксиум, теоникол зэрэг эм бэлдмэлийг хэрэглэж болно.
Эмгэг процесс их тархаж, арьс нэлэнхүйдээ улайсан бол кортикостеройд эмийг хоногт 20- З0мг байхаар тооцон цөөн хоног уулгах буюу тарина. Бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг идэвхижүүлэх зорилгоор корти- котропиныг хэрэглэнэ.
Хэсэг газрын    эмчилгээнд давирхайтай тосон түрхэц, папаверины крем, витамин A агуулсан тэжээлийн тос, Унна крем зэргийг түрхэх нь үр дүнтэй байна. Түүнчлэн УФО, УВЧ шарлага, зүү эмчилгээ, хүхэрт устөрөгч, радоны банн, шавар эмчилгээ үр дүнтэй байдаг.
Уръдчилан сэргийлэлт: Хоолны дэглэм баримтлан, нейродермит үүсэхэд хүргэж буй хүчин зүйлүүдийг устгах хэрэгтэй.

МААЖУУР PRURIGO
Маажуур нь гүвдрүүт (заримдаа орой дээрээ жижиг цэврүүнцэртэй байна) тууралтаар илэрдэг архаг явцтай арьсны өвчин юм. Маажуур нь нилээд элбэг тархсан арьсны өвчинд багтана.
Маажуурыг хүүхдийн (строфулюс), насанд хүрэгчдийн ба зангилаат маажуур гэж ангилна. Хүүхдийн маажуур өвчний өвчлөл ихэнхдээ удамшлын, харшлын өгүүлэлтэй хүүхдэд 5 сартайгаас эхлэн 3-5 насанд үүсч бий болно. Хүүхдийн маажуурын шалтгаан, эмгэг жам бүрэн судлагдаагүй байна. Хүүхэд нэмэлт хоолонд орох үед эсвэл тэжээвэр хооллолттой хүүхдэд тохиолдох нь элбэг байдаг. Өвчний эмгэг жамд хоол тэжээл, эмийн бодис, туузан хорхой, хоол боловсруулах замын эмгэгүүд, архаг халдварын голомт чухал үүрэгтэй гэж тайлбарлаж байна.
Эмнэлзүй: Их бие, 4 мөч ба нүүрээр тархмал, тод улаан ягаан өнгөтэй, бэлцрүү маягийн тууралт гарч эхлэх бөгөөд удалгүй тэр нь гүвдрүүт-цэврүүнцэрт тууралт болон хувирна. Тууралт хэдийгээр тархмалаар гарах боловч хоорондоо нийлэх хандлагагүй байна. Маажсаны улмаас гүвдрүүт- цэврүүнцэрт тууралт дээр шалбархай үүсч, цусархаг тав тогтоно. Гарсан тууралтын ихэнх нь төвдөө цэг маягийн цусархаг тавтай, 3-5мм голчтой, нягт гүвдрүү байна. Хүчтэй загатнаатай байдаг тул хүүхэд тайван биш, уйламтгай, нойрондоо муу, хоолонд дургүй болно.
Хүүхдийн маажуурын явц нь архаг удаан, дахимтгай байдаг. Гэвч ихэнхдээ хүүхэд 5-6 нас хүрэхэд эдгэрдэг байна. Эмнэл зүйн шинжид тулгуурлан оношлох бөгөөд хамуу, чонон хөрвөс, хордлого харшлын дерматиттаас ялган оношлоно. Насанд хүрэгчдийн маажуур дунд эргэм ба ахимаг насны эмэгтэйчүүдэд тохиолдох нь элбэг өвчин. Хоол боловсруулах замын эмгэг, мэдрэл- сэтгэц, дотоод шүүрлийн булчирхайн өөрч-лөлттэй холбоотойгоор үүсэх бөгөөд мөн дотор эрхтний хорт хавдрын шинж тэмдэг байдлаар илрэх ч тохиолдол байдаг. Түүний сэдрэлтэнд хоол хүнсний харшил төрүүлэгч шинж нөлөөлдөг байна.
Эмнэлзүй: Гүвдрүүт-цэврүүнцэрт тууралт, тархмалаар, зонхилон мөчдийн гадна гадаргуугаар гарна. Гэхдээ эдгээр тууралт нь хоорондоо нийлэх хандлагагүй байна. Нягт, хатуу, 3-5мм, улаан хүрэн өнгийн гүвдрүү нь төвдөө цусархаг тавтай болно. Хүүхдийн маажуурыг бодвол энэ үед бэлцрүүт тууралт байдаггүйгээрээ онцлог юм. Насанд хүрэгчдийн маажуур өвчний явц нь архаг удаан, хэдэн cap, жилийн турш дахимтгай байна.
Зангилаат маажуур нь маажуур өвчний бусад хэлбэрүүдтэй харьцуулахад өвчлөл нь арай цөөн тохиолддог. Энэ үед гарч буй гүвдрүү нь зангилааг санагдуулам том хэмжээтэй байх бөгөөд хүчтэй загатнаатай байна. 40-өөс дээш насны, тогтвортой бус мэдрэлийн тогтолцоотой, эмэгтэйчүүд өвчлөх нь элбэг байна.  Элэг, цөсний хүүдий, мэдрэл-дотоод шүүрлийн булчирхайн өөрчлөлт нь уг өвчнийг үүсэхэд нөлөөлж байна гэж тайлбарлаж байна. Харин стресс ба шимэгчид хатгуулах, хазуулах нь энэ өвчнийг сэдрэх хүчин зүйлс болдог.
Эмнэлзүй: мөчдийн гадна гадаргуугаар, нягт, хатуу, хагас бөмбөлөг хэлбэртэй, 1см хүртэл хэмжээтэй, арьснаас дээш эрс өргөгдсөн, улаан хүрэн өнгийн зангилааг санагдуулам гүвдрүү гарна. Их хүчтэй загатнааны улмаас гүвдрүүний төв хэсэг зулгарч. цусархаг тав тогтоно.  Гарсан гүвдрүү нь удаан хугацаагаар, жилээр хадгалагдан үлдэнэ. Гүвдрүү нь хоорондоо нийлэх хандлагагүй байна. Эмнэл зүйн шинжид тулгуурлан оношлох бөгөөд хавтгай улаан үлд өвчний ургацагт хэлбэрээс ялган оношлоно.
Эмчилгээ: Харшил төрүүлэх шинж чанар багатай хоол хүнс хэрэглэх (хурц хоол, халуун ногоо, дарсан, давшилсан хүнсний бүтээгдэхүүн, махан хоол, архи, шокалад г.м), өвчинд нөлөөлж буй хүчин зүйлийг устгах арга хэмжээг авна.
Супрастин, задитен, тавегил, фенкарол, диазолин, кларитин, перитол зэрэг гистамины эсрэг эм, валерианы ханд, триоксазин, мебикар, оксилидин, амизил, левомепромазин,     тиоридазин, амитриптилин зэрэг тайвшруулах үйлчилгээтэй эм, кальцийн бэлдмэл, тиосульфат натри зэрэг харшил эмзэгшлийг бууруулах эм бэлдмэлийг хэрэглэж болно.
Эмгэг процесс их тархаж, арьсны түгээмэл эритродермийг үүсгэсэн бол кортикостеройд эмийг хоногт 20-30мг байхаар тооцон цөөн хоног уулгах буюу тарина. Бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг идэвхижүүлэх зорилгоор кортикотропиныг хэрэглэнэ.
Гадуур эмчилгээнд ментол агуулсан зайлмаг, анестезин, кортикостеройдтой тос түрхэх, хлор этил ба шингэн азотоор хөлдөөх эмчилгээг хийнэ. Түүнчлэн УФО шарлага, зүү, лазер эмчилгээ үр дүнтэй байдаг.
Урьдчилан сэргийлэлт: Өвчин үүсэхэд хүргэж буй хүчин зүйлүүдийг илрүүлж, түүний эсрэг арга хэмжээг авах хэрэгтэй.

5 comments:

  1. Сайн байна уу. Энэ талаар хаана, ямар эмчид үзүүлвэл зүгээр вэ. Олон эмнэлэгээр явсан боловч үр дүнгүй байгаад байна. Хэлж өгч туслана уу

    ReplyDelete
  2. Сайн байна уу? Зангилаат маажуур гэдэг ѳвчнийг бүрэн эмчилсэн тохиолдол байна уу? Хаана хагдах вэ? Их олон жид ѳвдѳж ужиг болсон болохоор ямар ч эичилгээ нэмэр болохгүй юмаа. Энэ ѳвчний тууралтыг харуулах зураг байвал оруулж ѳгѳѳч.

    ReplyDelete
    Replies
    1. Hurts ued n yamar emchilgee hiisen be.zunduu ih em taria heregleed namdahgui tesehiin argagui zagatnah yum aa

      Delete
  3. Сайн уу. Хөгшин хүний арьс гуужсан хаг шиг болоод час час хийгээд загатнаад байна. Яах вэ туслаарай

    ReplyDelete
  4. Buh bie tesehiin argagui zagatnaad 20 d honoj bna.zunduu olon harshliin emnelgeer ybaad namdahgui bna aa.

    ReplyDelete