Monday, November 12, 2012

Сэдэв. 2 Вирусын шалтгаант арьсны өвчин


Энгийн герпес-Herpes simplex
Энгийн герпес нь арьс, салст дээр цэврүүнцэрт тууралт гарах байдлаар эмнэлзүй нь илэрдэг, дахих шинжтэй, архаг явцтай, элбэг тохиолддог, заримдаа хүний амь насанд ч аюул учруулж болох хүндрэлд хүргэдэг өвчин юм. Энгийн герпесээр ямар ч насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс аль аль нь өвчилнө.
Герпес нь "мөлхөх, гэтэх" гэдэг грек үгнээс гаралтай. АНУ-ын халдварт өвчний хяналтын албаны мэдээнд дурдсанаар жил бүр 500 000 хүн герпесийн халдвараар шинээр өвчилдөг        бол Англид бэлгийн замаар дамждаг халдваруудын дунд бэлгийн герпес зонхилох байрыг эзэлдэг   байна.  Скандиновын орнуудад БЗХӨ-ний эмнэлэгт үзүүлж буй хүмүүсийн 8% нь бэлгийн герпестэй байжээ. Манай оронд энгийн герпесийн өвчлөлийг улсын хэмжээнд нэгтгэсэн дүн хараахан гараагүй байгаа хэдий ч сүүлийн жилүүдэд         бидний өдөр тутмын практикт герпесийн өвчлөл нилээд тохиолдох болсон юм.
Шалтгаан эмгэг жам. Энгийн герпесийн үүсгэгч энгийн герпес вирус (ЭГВ)-ийг анх 1912 онд Грутер туулайн нүдний эвэрлэгт гарсан цэврүүний шингэнийг шинжилж байхдаа тогтоожээ. Энгийн герпес нь herpesviridae омогт хамаарагдцаг вирус бөгөөд энэ нь ийлдэс судлалын 1 ба 2 гэсэн хэв шинжтэй болохыг 1962 онд тогтоосон байна. ЭГВ нь бөмбөлөг хэлбэртэй, 120-150 нм голчтой, нийлмэл бүтэцтэй, түүний төв хэсэгт 10 000 000 килодальтон молекул жинтэй ДНХ агуулагддаг. ДНХ-ийн гадна талаар липид бүхий уурган бүрхүүл байх бөгөөд түүний уурган бүрхүүлд олон төрлийн нүүрс- уст уураг байрладаг. Эдгээр нүүрс- уст уураг нь вирус эстэй харилцан үйлчлэх үед өөр өөр үүрэг гүйцэтгэдэг тул түүнийг ялган таних зорилгоор gpB, gpC, gpD, gpE гэх мэтээр тэмдэглэдэг байна. ЭГВ мэдрэлийн эсэд gpB-ийн тусламжтайгаар бэхлэгдэн, мэдрэлийн зангилаанд үржинэ.
Мэдрэлийн зангилаанд үржсэнийхээ дараа мэдрэлийн эсэд шилжин байрших явцад вирусийн ДНХ-ийн нуугдмал геном түүн дотор сул чөлөөтэй үлддэг. ЭГВ-1 хэв шинж нь төрснөөс хойш жил хагасын дараа агаар дуслын замаар халдварлагддаг гэж үздэг. Халдварласан ЭГВ-1 хэв шинж нь гурвалсан мэдрэлийн зангилаанд  далд хэлбэрээр удаан хугацаагаар хадгалагддаг. Зарим тохиолдолд хүний амьдралын насан туршид ч өвчин дуудахгүй байж болно. ЭГВ -2 хэв шинж нь бэлгийн бойжилтын дараа, бэлгийн хавьтлаар халдварлах бөгөөд ууцны мэдрэлийн зангилаанд мөн далд хэлбэрээр, удаан хугацаагаар хадгалагдана. ЭГВ-1, ЭГВ-2 хэв шинж аль аль нь даарах, халуурах, сэтгэл санааны хямрал, томуу, томуу төст өвчин, дархлал сулрах зэрэг олон тохиолдолд          идэвхижиж, өвчин дуудах шинжтэй болно. ЭГВ-1 нь уруул, амны хөндий, нүдний салстад, ЭГВ-2 нь бэлгийн герпесийг үүсгэнэ. ЭГВ, ялангуяа ЭГВ-2 хэв шинж нь хавдар үүсгэх магадлал өндөртэй гэж үзэж байна.
Эмнэлзүй. Өвчтөнд тууралт гарах, тэр хэсэгт хорсох, ирвэгнэх, өвдөх зовиур илэрнэ. Заримдаа тууралтын тэр хэсэгт их хавагнаж болно.  Ерөнхий биеийн талаас их өөрчлөлт мэдэгдэхгүй. Гэвч чичрэх, бие эвгүйцэх, булчингаар өвдөх, 38- 39 хэм хүртэл халуурах зэрэг зовиур илэрч болно. Энгийн герпесийн үед тууралт гол төлөв амны булан, уруулын улаан, хамрын угалз, бэлэг эрхтэн дээр байрлана. Эхлээд тэр хэсэг газарт улайж, дээр нь шар будаа, жижиг вандуйн чинээ хэмжээтэй, жижиг цэврүүнцэрүүд гарна. Нэг голомтонд 2-10 хүртэл тооны цэврүүнцэр байна.
Цэврүүнцэр нь бүлгээрээ байрлана. Цэврүүнцэр тунгалаг шингэнтэй байх ба 2-3 хоноод булингартана. Заримдаа цэврүүнцэрүүд нь өөр хоорондоо нийлж 1-1.5см голчтой, тэгш биш зах хүрээтэй голомтыг үүсгэнэ.  Голомт арьсны үрэлт, даралттай хэсэгт байрласан ба салст дээрх цэврүүнцэрүүд хагарч тод улаан өнгөтэй, тэгш биш зах хүрээтэй шалбархайг үүсгэнэ. Харин үрэлт, даралтгүй хэсэгт байрласан арьсан дээрх голомт хатаж, шаргал саарал тав үүсч, 5-6 хоногийн дараа тав нь ховхорч бага зэргийн улайсан буюу нөсөөжсөн толбо үүсгэн эдгэрнэ. Өвчин 7-10 хоногийн дараа эдгэрнэ. Хэрвээ голомт хоёрдогч халдвараар халдварласан бол өвчний явц удааширна.
Герпесийн стоматит. Энгийн герпесийн эмнэл зүйн нэг хэлбэр нь герпесийн стоматит юм. Өвчтөн тууралт гарсан хэсэгт хөндүүрлэж өвдөх, шүлс их гоожих гэсэн зовиуртай байна. Цэврүүнцэр нь амны хөндийн салст (уруул, буйл, завьж, тагнай)-аар нилээд тархмал гардаг. Улайж, хавагнасан салст дээр бүлгээрээ байрласан цэв- рүүнцэр үүсч, удалгүй өөрөөр хэлбэл цэврүүнцэр үүссэнээс хойш цагийн дараа хагарна. Цэврүүнцэрүүд хагарсан хэсэгт зөв биш хэлбэртэй, шалбархай үүснэ. 2-4 хоногийн дараа шалбархай нь фиброзон бүрхүүлтэй болж, 6-14 хоногт нөхөн төлжинө.
Мөн герпесийн хурц стоматит гэж байна. Герпесийн хурц стоматит нь 6 хүртэл насны хүүхдэд тохиолдоно. Өндөр халуурах, бие сулрах зэрэг урьдал шинжээр өвчйн гэнэт эхэлдэг. Амны хөндийн улайж, хавагнасан салст дээр шархлаа гарна.Энэ тууралт нь төвдөө үхжил болсон байх ба үрэвслийн тод хүрээтэй байна. Голомт нь 0.5-1см орчим голчтой байна. Эхлээд голомт нь ганц нэгээрээ байх ба аажимдаа хоорондоо нийлж том хэмжээний шархлаат голомтыг үүсгэнэ. Хүүхдэд маш их хөндүүрлэж өвдөх, шүлс гоожих зовиур байна. Энгийн герпесийн бас нэг хэлбэр нь дахилтат герпес юм. Дахилтат хэлбэр жилийн 4 улирлын аль ч үед, янз бүрийн давтамжтайгаар тохиолдоно. Дахилтат герпес нь зарим өвчтөнд сард 3-4 удаа, заримдаа байнга тасралтгүйгээр түүнээс ч олон удаа дахилт өгнө. Эмнэлзүйн шинж нь энгийн герпестэй адил байна. Энгийн герпесийн дахилтат хэлбэр үүсэхэд даарах, халууцах, ханиад хүрэх, халдварт өвчнөөр өвчлөх, хорт хавдар зэрэг бие организмын эсийн дархлааг бууруулдаг олон хүчин зүйлүүд чухал үүрэгтэй байна. Мөн дахилтат герпес нь эмэгтэйчүүдэд "сарын тэмдэг" ирэхтэй холбоотойгоор тохиолддог.
Эмгэг эдийн өөрчлөлт. Арьсны өнгөн хөрсөнд хөндий үүсч улмаар өргөст давхрын эсүүд нь баллон маягийн дистрофийн өөрчлөлтөд орно. Өөрчлөлтөнд орсон эсүүд нь нэг буюу хэд хэдэн бөөмтэй болж, бөөмөнд эозинофилийн оршихуун бий болно. Арьсны холбогч эдэн давхрын дээд хэсэгт цусны ба тунгалагийн судас өргөсч, хавагнасан, цөөн тооны цагаан эсээс тогтсон эсийн нэвчдэс бий болно.
Оношлогоо. Эмнэлзүйн шинж нь тодорхой илэрсэн үед энгийн герпесийг оношлоход түвэггүй. Харин бэлэг эрхтэн дээр герпес гарсан тохиолдолд хатуу яртай андуурч болно. Гэвч улайж үрэвссэн суурин дээр өөр хоорондоо нийлсэн жижиг шалбархай, тэгш биш ирмэгтэй, суурь нь нэвчдэсгүй байгаа зэрэг нь хатуу яраас ялгагдах гол онцлог болно. Тэмбүү өвчнийг бодвол энгийн герпес нь хурц явцтай, дахих шинжтэй байдаг. Оношлоход эргэлзээтэй үед шалбархайнаас цайвар трепонемийг илрүүлэх шинжилгээг хийнэ. Герпесийн стоматитийг тууралт нь амны хөндийд гарсан олон хэлбэрт шүүдэст улайрал, энгийн цэврүүтэх өвчнүүдээс ялган оношлоно.
Олон хэлбэрт шүүдэст улайрал нь хавар, намрын улиралд ихэвчлэн дахилт өгдөг ба энэ үед улайж, хавагнасан амны хөндийн салст дээр том цэврүү гарч амархан хагарна. Хагарсан цэврүүний орон дээр зөв биш хэлбэртэй шалбархай үүсч, фиброзон өнгөр тогтоно. Шүлс их гарах, юм идэхэд хөндүүрлэж өвдөх зовиуртай байна. Энгийн цэврүүтэх өвчний үед ямар нэг өөрчлөлтгүй салст дээр шалбархай үүсэх ба нөхөн төлжих хандлагагүй, Никольскийн шинж эерэг илэрнэ. Мөн наацын шинжилгээнд акантолиз болсон эс илэрнэ. Энгийн герпесийн оношийг батлахын   тулд     цитологийн шинжилгээ       хийнэ.   Шинжилгээг цэврүүнцэр гарснаас 2-3 хоногийн дараа хийх нь тохиромжтой байдаг. Цэврүүний ёроолоос хусаж авсан шинжлэгдэхүүнийг Романовск- Гимзийн аргаар будаж, бичил харуураар харахад "аварга эс"  илэрнэ. Энэ нь бөөгнөрч байрласан 3-4 бөөмтэй, базофиль цитоплазмтай эс юм.  
Эмчилгээ. Хэсэг газарт аналины будаг, кастелланы ягаан, метилены хөх, брилиантын ногоон будгийн 1-3% спиртэн уусмалыг хэрэглэнэ. Мөн вирусийн эсрэг үйлчилгээтэй тосон түрхэц, 3% оксалин, 3-5% теброфены мазь, 5% зовиракс (ацикловир, виролекс)-ыг хоногт 5-6 удаа түрхэнэ. Мөн хүний цусны цагаан эсийн интерфероны уусмалыг хоногт 6-7 удаа голомтонд түрхэж хэрэглэнэ. Энгийн герпесийн дахилтат хэлбэрийн эмчилгээний асуудал нилээд түвэгтэй байдаг. Энэ үед юуны өмнө эсийн дархлаа сэргээх зорилгоор декарис, тималин, Т- идэвхилүүр, өндөр тунгаар аскорбины хүчил зэргийг хэрэглэнэ. Дибазол 0,01гp, хоногт 2 удаа, нэг cap уулгана. Дезоксирибонуклеазаг 10- 25мг, нэрмэл ус эсвэл натрихлорын изотоникуусмалд найруулж, булчинд тарьж болно. Тариаг өнжөөд, нийт 6-10 удаа хийнэ. Ацикловирыг 200мг, хоногт 5 удаа, нийт 5 өдөр уулгах, мөн тосон түрхлэгийг нь хоногт 5-6 удаа түрхэх нь эмчилгээний үр дүн сайтай байна.
Урьдчилан сэргийлэлт: Энгийн герпесийн дахилтаас сэргийлэхэд бие организмыг чийрэгжүүлэх, эсийн дархлааг сайжруулах нь чухал ач холбогдолтой юм.


Бүслүүр үлд-Herpes zooster
Бүслүүр үлд нь мэдрэлийн гаралтай өвдөлт ба халууралтаар эхэлж, хэд хоногийн дараа арьсан дээр нь тууралт гардаг, хурц явцтай өвчин юм. Бүслүүр үлд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд адил тохиолдох ба ямар ч насны хүмүүс өвчлөх боловч 10 хүртэл насны хүүхдүүд цөөн өвчилнө.
Шалтгаан, эмгэг жам. Бүслүүр үлдийг үүсгэгч шүүгдэгч вирусийг Varicella zoster virus гэнэ.
Энэ вирус нь арьс, мэдрэлийн зангилааг гэмтээдэг байна. Varicella zoster virus нь энгийн герпес вирусийн бүлэгт багтдаг бөгөөд мөн салхин цэцэг өвчнийг үүсгэдэг. Өвчин үүсэхэд даарч хөрөх, архаг хордлого, цусны өвчин, хавдар, ХДХВ/ДОХ- ын халдвар зэрэг нөлөөлнө.
Эмнэлзүй. Бүслүүр үлд өвчин эхлэхийн өмнө хэсэг газарт загатнах, өвдөх, ирвэгнэх зэрэг урьдал шинж илэрнэ. Арьсан дээр хэсэг хэсэг голомтууд гарах ба тэдгээрийн хооронд эрүүл арьс байна. Нилээд эсвэл бага зэргийн улайж хавагнасан арьсан дээр бүлэг бүлэг, шар будаанаас вандуйн чинээ хэмжээтэй цэврүүнцэрүүд гарна. Цэврүүнцэрүүд нь зузаан бүрхүүлтэй, нилээд чинэрсэн байна. 3-4 7 хоногийн дотор цэврүүнцэрүүд шинээр нэмэгдэн гарна. Хэд хоногийн дараа цэврүүнцэрийн шингэн булингартаж, идээт цэврүүнцэр болно.
Цэврүүнцэрүүд хатаж, шаргал саарал тав үүсч, улмаар 5-10 хоногийн дараа ховхорч унахад улаан ягаан өнгийн хоёрдогч толбо үүсэх боловч удалгүй эрүүл арьсны өнгөтэй болно. Харин бүслүүр үлдийн үхжилт хэлбэрийн үед сорви үүсгэн эдгэрнэ. Бүслүүр үлдийн эмнэлзүйн нэг гол онцлог шинж нь тууралт мэдрэлийн судлын дагуу байрладагт оршино. Мөн тууралт гарсан хэсэгт мэдрэлийн судал дагаж өвдөх өвдөлт нь онцлог бөгөөд энэ нь ялангуяа настай хүмүүст тууралт эдгэрсний дараа ч хэдэн cap, жилээр үргэлжилнэ.
Гавал тархины VII хос мэдрэл гэмтсэн үед Хантын хам шинж илэрнэ. Хантын хам шинж нь нүүрний мэдрэлийн саажилт, чихээр өвдөх, сонсгол муудах байдлаар илэрнэ. Бүслүүр үлдийн үед гарсан тууралтанд хүрэх, хувцас шүргэхэд ч өвдөлт ихэсдэг байна. Өвчтөний зовиур нь эмнэлзүйн шинжтэй тэр бүр тохирохгүй байж болно. Зарим тохиолдолд, тухайлбал гурвалсан мэдрэлийн дээд салаа (нүдний мэдрэл) гэмтсэн үед өвдөлт хүчтэй байдаг. Түүнчлэн бүслүүр үлд нь хурц мухар олгойн үрэвсэл, цөсний хүүдийн үрэвсэл, зүрхний шигдээс зэрэг өвчний өвдөлтийг улам хүчтэй болгодог байна. Бүслүүр үлдийн үед нэг буюу зэргэлдээх хэд хэдэн мэдрэлийн судал гэмтдэг тул боловч тууралт нь биеийн аль нэг талд, харалдаа бус байрлалтай байдаг. Бүслүүр үлдийн тууралтын гарах дуртай байрлалд толгой, дух, нүдний ойролцоо, нүүрний бусад хэсэг, дагз, хүзүү, цээж, хэвлий, мөр, гуя, өгзөг зэрэг багтана.
Ийнхүү бүслүүр үлдийн үед ямар ч мэдрэлийн судал гэмтэж болох тул тууралт нь биеийн аль ч хэсэгт байрлаж болно. Амны хөндийн салст бүрхүүл дээр бүслүүр үлд гарах тохиолдол маш ховор байна. Энэ үед тууралт амны хөндийн нэг талд гарах ба мэдрэлийн өвдөлтөөр өвчин эхэлдгээрээ энгийн гер-песээс ялгаатай байдаг. Цэврүүнцэрүүд нь тагнай, завьж, уруул, хэлэн дээр гарна. Бүслүүр үлдийн үед нэг буюу зэргэлдээх хэд хэдэн мэдрэлийн судал гэмтдэг тул тууралт нь биеийн аль нэг талд, харалдаа бус байрлалтай байдаг. Харин хэлэн дээр гарсан цэврүүнцэрүүд нь хэлний хоёр талд бараг 2/3 хэсгийг хамарч байрлана. Энэ нь гурвалсан мэдрэлийн доод салаа нь хэлний урд 2/3 хэсгийг мэдрэлжүүлэхдээ хоорондоо анастомоз үүсгэдэг онцлогтой холбоотой юм. Энэ үед улайж хавагнасан суурин дээр үүссэн цэврүүнцэрүүд амархан хагарч, тэгш биш ирмэгтэй шалбархайг үүсгэх ба энэ нь 2-3 хоноод фибринэн өнгөрөөр хучигдана. Өвчний явц удаан, 4-5 долоо хоног үргэлжилнэ.
Биеийн эсэргүүцэл султай буюу хүнд өвчтэй хүмүүст бүслүүр үлдийн үхжилт хэлбэр үүсэх бөгөөд тууралт гарсан хэсэгт шарх үүсч, сорвижиж эдгэрнэ. Бүслүүр үлдээр өвчилсний дараа хүний биед дархлаа тогтож, дахин өвчилдөггүй байна. Гэвч биеийн дархлааг эрс сулруулдаг хорт хавдар, лейкоз, ДОХ-ын үед бүслүүр үлд дахилт өгөх, тархмал хэлбэрээр өвчлөх байдал ажиглагдаж байна. Зарим өвчтөнүүдэд өвчин эдгэрсний дараа мэдрэлиин өвдөлт удаан хугацаагаар хадгалагдаж болно.
Оношлогоо. Улайсан суурин дээр бүлгээрээ байрласан цэврүүнцэрүүд аль нэг мэдрэлийн судлыг дагаж байрласан энэ эмнэлзүйн шинж нь бүслүүр үлдийн оношлогооны үндэс болно. Гэхдээ цэврүүний ёроолоос шинжлэгдэхүүн авч цитологийн шинжилгээг хийж, "аварга эс" илрүүлэх нь зүйтэй.
Эмчилгээ. Эмчилгээг хийхдээ шалтгаан, жам, арьсны гэмтэл, мэдрэлийн болон бусад эрхтэн тогтолцооны байдлыг харгалзан цогц арга хэмжээг авах нь зүйтэй. Ацикловир 200мг, хоногт 5 удаа, ацетилсалицилийн хүчил, амидо- пириныг 0.5 гр, хоногт 3-4 удаа, рифампицин 0.Згр, хоногт 2 удаа, 5-7 хоног уулгана. Өвдөлтийн үед пахикарпин 0.05, хоногт 3 удаа уух, ганглерон 1мл, булчинд 6-8 удаа тарих, новокайны хориг хийх, новокайнтай электрофорез хийх, анальгин уулгаж болно. Биеийн хамгаалах чанарыг сайжруулахын тулд иммуноглобулин, витамин В6 В12 С зэргийг 10-15 удаа, булчинд тарина. Мөн хэт ягаан туяагаар шарах эмчилгээг хийнэ. Хэсэг газарт аналины будгийн спиртэн уусмал, ацикловирын тосон түрхэцийг хэрэглэнэ. 

No comments:

Post a Comment