Monday, November 12, 2012

Сэдэв 4. Хайрст үлд.Psoriasis vulgaris


Хайрст үлд
Хайрст үлд нь тархалт ихтэй, арьсны архаг өвчин бөгөөд энэ өвчний үед арьс төдийгүй хумс, үе мөч төдийгүй сүүлийн үед бөөр зэрэг дотор эрхтнүүд гэмтдэг гэж зарим судлаачид үзэж байна.
АНУ-д хийсэн судалгаагаар тус улсын нийт хүн амын 2 хувь нь хайрст үлд өвчнөөр өвчилсөн гэсэн дүгнэлт гарчээ. Хайрст үлд өвчнөөр ямар ч насны хүмүүс өвчлөх боловч ихэнхидээ 30 гаруй насандаа анх өвчилсөн тухай мэдээлжээ. Гэвч зарим эрдэмтдийн үзэж байгаагаар өвчний тохиолдлын анхны илрэл нь 22.5 насанд 2 дахь сэдрэл нь 55 насанд байдаг гэсэн байна.
Шалтгаан ба эмгэг жам. Хайрст үлдийн шалтгаан, эмгэг жам бүрэн тайлбарлагдаагүй байна. Түүний шалтгаан, эмгэг жамыг вирусийн, удамшлын,       халдвар-харшлын, дархлалын, бодисын солилцооны зэрэг олон онол, үзэл баримтлалаар тайлбарласан байдаг. Хайрст үлд нь удамших хандлагатай байдаг. Уг өвчнөөр өвчилсөн нийт хүмүүсийн гуравны нэг хувьд нь гэр бүлийн хүмүүс хайрст үлдээр өвчилсөн болох нь тогтоогджээ. Түүнээс гадна хайрст үлдтэй хүний эсийн доторхи HLA-B13, B17, Bw57 ба CW6 генүүд өөрчлөлттэй байгаа нь судалгаагаар батлагджээ.
Хайрст үлд өвчин үүсэх болон сэдрэхэд гадаад орчны хүчин зүйл үүд нөлөөлдөг. Зарим тохиолдолд халуун дулаан цаг агаар болон нарны гэрэл хайрст үлдийн явцад сайн нөлөө үзүүлдэг бол, хүйтэн цаг агаар эсрэг үр дүн өгдөг байна. Үүнээс гадна, арьсыг гэмтээхэд хайрст үлдийн тууралтууд шинээр гарч, ихэсдэг.
Хүний биед байгаа архаг халдвар удаан хугацааны турш хайрст үлдийг сэдрээдэг. Жишээ нь: амьсгалын замын халдварын дараа хайрст үлдтай хүүхдүүдийн 54 хувьд нь өвчин сэдэрдэг болох нь тогтоогджээ. Ялангуяа дусал хэлбэрийн хайрст үлд стрептококкийн халдварын дараа илрэх нь элбэг байна. Мөн хүний дархлал хомсдолын вирус ч түүнийг сэдрээх хүчин зүйл болдог.
Хайрст үлдтэй өвчтний барагцаалбал 30-40 орчим хувьд нь сэтгэл санааны таагүй байдал, хямрал түүнийг сэдрээх, дордуулах нөлөөг үзүүлдэг. Үүнээс гадна, архины төрлийн ундаа, зарим нэг эмийн бодисууд ч мөн хайрст үлдийн явцад таагүй нөлөөлдөг. Ялангуяа глюкокортикоидыг удаан хуга- цаагаар ууж, тарьж хэрэглэсний дараа хайрст үлд өвчин хүчтэй сэдрэх буюу улам хүндэрдэг. Хумхайн эсрэг бэлдмэлүүд, Р-адреноблокаторууд. ангиотензин-хувиргагч ферментийг дарангуйлагч эмүүд хайрст үлдэд сөргөөр нөлөөлдөг юм.
Дээрхи хүчин зүйлүүдийн нөлөөгөөр эсийн хэт ургалт болж, үрэвсэл явагдаж, арьсны зузаан 0.2 мм хэмжээнд хүрнэ. Арьсны энэхүү хэт ургалт нь хурдан боловч хяналттай байдгаараа хорт хавдраас ялгаатай байдаг. Өвчний эхэн үед өөрчлөлттэй өнгөн хөрс ба жинхэнэ арьсанд идэвхижсэн Т-эсүүд их хэмжээгээр хуралдаж дархлалын механизм идэвхиждэг билээ. Үүний дараагаар кератиноцит тогтвортойгоор хэт олширдог. Эдгээр өөрчлөлтүүд явагдсан арьсанд эмнэлзүйн шинж тэмдэг илэрч эхлэнэ.
Эмнэлзүй. Хайрст үлдтэй хүнд олон төрлийн зовиур илэрдэгээс гоо сайхан алдагдах, өөрийгөө үнэлэх үнэлэмж муудах, нийгмээс тусгаарлагдах байдал зэрэг сэтгэл зүйн сөрөг нөлөөлөл илүү элбэг тохиолддог байна.
Мөн зарим өвчтөнд загатнаа болон өвдөлт илэрдэг. Хайрст үлдийн хүнд хэлбэрийн үед дулаанаа хэт алдах, үе мөчөөр өвдөх зэрэг өөрчлөлтүүд гарч болно.
Хайрст үлдийн эмнэл зүйн олон хэлбэрүүд байдаг. Хамгийн элбэг тохиолддог хэлбэр нь ердийн хайрст үлд (psoriasis vulgaris) юм. Хайрст үлд өвчний үед анхдагч тууралт гүвдрүү, хоёрдогч тууралт хайрс гардаг. Гүвдрүү нь ягаан-улаан өнгөтэй, зөв дугуй хэлбэртэй, арьснаас бага зэрэг дээш өргөгдсөн байх ба дээрээ мөнгөлөг, хөвсгөр хайрстай байдаг.
Хайрсыг хусахад тодорч, цайрдаг нь "лааны зоргодосны шинж" гэгдэнэ. Цааш хусан хайрсыг ховхолж авбал гялалзсан ягаан гадаргуу харагдах нь "төгсгөлийн хальсны шинж" юм. Харин гялалзсан ялтасыг авсны дараа түүнийг ажиглахад цэгэн цусан дуслууд гарч хоорондоо үл нийлэх ба үүнийг "Аушпитцын шинж" гэнэ. "Лааны зоргодос", "Төгсгөлийн хальс", "Аушпитцын" шинжүүд нь хайрст үлдийн өвөрмөц гурвал шинж билээ.
Мөн арьсыг ямар нэг цочруулаар гэмтээхэд арьсны тухайн хэсэгт хайрст үлдийн шинэ тууралтууд гардаг. Үүнийг Кебнерын харийн урвал илэрч байна гэдэг.
Тууралтууд байрлах дуртай биеийн хэсэгт тохой, өвдөг, толгойн үстэй хэсэг, чихний ар, нуруу, бүсэлхий ба хүйсний орчмын хэсэг ордог юм. Тууралт нэг бүрийн хэмжээ нь жижиг цэгэн хэмжээнээс том хөрзөн хүртэл янз бүр байдаг. Жижиг гүвдрүүнүүд хоорондоо нийлж хөрзөнг үүсгэж болно.
Явц: Хайрст үлд өвчин давших, эмчлэгдэх буюу зогсонги, эдгэрэх буюу эргэн шимэгдэх гэсэн эмнэлзүйн 3 үе шатыг дамжин хөгждөг. Эхний, давших үед шинээр жижиг гүвдрүүнүүд олноор гарна. Тэдгээр нь төвөөсөө нимгэн цайвар хайрсаар хучигдаж эхэлнэ. Гүвдрүүнүүд хурдан томорч, хоорондоо нийлэх хандлагатай байна. Хайрст үлдийн гурвал шинж болон Кебнерын харийн урвал тод илэрч, өвчтөн зовиур ихтэй байдаг. 
Хоёр дахь буюу зогсонги үед шинээр тууралтууд гарахгүй, хуучин гүвдрүүнүүд цаашид үл томроно. Голомт бүхэлдээ хайрсаар хучигдаж, хайрст үлдийн гурвал шинж илэрч болно.
Гурав дахь буюу эргэн шимэгдэх үед хөрзөн ба гүвдрүүнүүд голоосоо ба захаасаа цагаан толбо үлдээн эдгэрч эхлэнэ. Түүнийг хуурамч цагаан толбо гэж нэрлэнэ. Энэ үед мөн шинэ тууралтууд гарахгүй, хуучин тууралтууд нь томрохгүй билээ.
Хайрст үлдийн тууралтууд янз бүрийн хэмжээтэй байдгийг зүйрлэж цэгэн, дуслан, хумсын чинээ, мөнгөн, хөрзөнт тууралтууд гэдэг. Эдгээрээс дусал хэлбэрийн гүвдрүү нь 0.5-1.5 см жижиг бөгөөд хүүхэд залуу насанд тохиолддог хайрст үлдийн ихэнхи хувийг эзэлдэг. Иймээс энэ хэлбэрийг дусал хэлбэрийн хайрст үлд гэнэ. Дуслан хайрст үлдийн тууралтууд биеийн дээд хэсэг, мөчдийн төгсгөл, гадна гадаргууд ихээр гардаг. 
Хайрст үлд өвчний үед хумс гэмтэнэ. Хумсан дээр олон жижиг, цэг маягийн хонхортой үүсч бий болох ба үүнийг “Хуруувчны шинж” гэнэ. Мөн хумсны доор жижиг хэмжээний толбо үүснэ. Энэ ХуХБӨАЙЫӨтолбо ихэнхдээ хумсны угийн эргэн тойронд байрласан байна.
Түүнчлэн хумс зузаарч, гадаргуу нь тэгш биш, овон товон, хүрэн шар өнгөтэй болно. Ийнхүү хайрст үлд өвчний үед хумсны өөрчлөлт дээрх гурван янзаар илэрдэг байна.
Зарим өвчтөнд хайрст үлд өвчний үед гарсан гүвдрүүт тууралт  шимэгдэж арилахгүй арьсан дээр хэдэн cap, жилээр ч байж болно. Үүнийг "жижүүрийн хөрзөн" гэж нэрлэдэг. "Жижүүрийн хөрзөн" их төлөв өвдөг, тохой, хуйханд байрласан байдаг. Мөн хайрст үлд өвчний сэдрэл улиралын шинжтэй, өөрөөр хэлбэл өвлийн эсвэл зуны улиралд  илүү тохиолдох хандлагатай байдаг.
Хэрвээ хүйтний улиралд өвчний сэдрэл зонхилон тохиолдож байвал түүнийг "өвлийн", зуны улиралд бол "зуны" хэлбэрийн хайрст үлд гэж үздэг. Гэхдээ жилийн 4 улиралын аль ч үед өвчин сэдэрч болно. Хайрст үлд нь эмнэлзүйн хэд хэдэн хэлбэрээр тохиолдоно. өнгийн хайрс-тав тогтоно. Биеийн том нугалаатай хэсэгт гарсан хайрст үлдийн голомт нь их улайсан, заримдаа шүүстэй нойтон болно. Загатнах, хорсох зовиуртай байна.
Хайрст үлдийн улайрал Psoriatic erytrodermia
Хайрст үлдийн энэ хэлбэрийн үед биеийн бүх хэсэг, тэр дундаа нүүр, алга, ул, хумс, их бие, мөчдийг хамарсан тархмал улайрал үүсдэг юм. Энэ үед хайрст үлдийн шинжүүд бүгд байх боловч улайрал хамгийн тод илэрдэг бөгөөд хайрс нь арай бага байдгаараа онцлог юм
Идээт цэвруунцэрт хайрст улд Psoriasis pustulosa Хайрст үлдийн нэг өвөрмөц хэлбэрт идээт цэврүүнцэрт хайрст үлд орох бөгөөд түүнийг тархмал ба хязгаарлагдмал гэж ангилдаг. Тархмал, идээт цэврүүнцэрт хайрст үлдийг Цумбушийн хайрст үлд гэж нэрлэдэг. Үүний онцлог нь 2-3 мм голчтой, идээт цэврүүнцэрүүд гарч, биеэр огцом тархана. Идээт цэврүүнцэр хатаж тавшин эдгэрэх бөгөөд энэ суурин дээр хайрст үлдийн гүвдрүү дахин гарна. Өвчтөн халуурахад идээт цэврүүнцэрүүд улам ихэсдэг байна.  Хязгаарлагдмал идээт цэв- рүүнцэрт хайрст үлдийг Барберийн хайрст үлд гэх бөгөөд энэ үед идээт цэврүүнцэрүүд улайж үрэвссэн гарын алга, хөлийн уланд хязгаарлагдмалаар гардаг онцлогтой.
Хайрст үлдийн артрит нь түүний хүнд хэлбэрт орно. Энэ хэлбэр нь ихэвчлэн 35-45 насанд тохиолддог юм. Арьсны хайрст үлд хүндрэх тусам артрит даамжирдаг. Энэ нь зөвхөн үеэнд өвдөлт өгөх байдлаар илрэх боловч түүнд ямар нэг бүтцийн өөрчлөлтгүй байгаа хөнгөн хэлбэрээс үенд бүтэц, үйл ажиллагааны өөрчлөлт, анкилоз илрэх хүртлэх хүнд хэлбэрээр тохиолдоно.
Хайрст үлдийн үений гэмтэл нь арьсны гэмтэлтэй зэрэг, эсвэл арай хожуу илэрдэг. Гэхдээ хайрст үлд үений гэмтлээр ч эхэлж болохыг мартаж болохгүй. Энэ үед ихэвчлэн гар, хөлийн жижиг үенүүд гэмтэж, хумсны өөрчлөлт, үений хүүдийн үрэвсэл дагалддаг. Аажимдаа том үе, нугалам нурууны үе гэмтэж болно. Анкилоз, ясны хальс (периост) орчим шинэ ясны хэлбэршилт, ясны эрозий, остеолизис олон үеийг хамарч гарах нь хайрст үлдийн артритын онцлог юм. Рентгенд ясны сийрэгжил, үений зай нарийссан байх ба мөн бүтцийн өөрчлөлт илэрнэ.
Алга, улны хайрст үлд
Биеийн хүчний хөдөлмөр эрхэлдэг, 30-50 насны хүмүүс энэ хэлбэрээр өвчлөх нь элбэг байна. Алга, улны хайрст үлдийн үед биеийн бусад хэсэгт энэ өвчнийг илэрхийлэх тууралтууд байх нь цөөнгүй тохиолддог.
Алга, улны арьс улайж, нэвчдэс үүссэн, том том ялтсан хайрс гуужсан, цууралт үүссэн, тэгш биш хүрээтэй голомт байна.
Оношлогоо ба ялган оношлогоо. Хайрст үлдийг экзем, хавтгай улаан үлд, хажираст дерматит, кандидоз, мөөгөнцөр, тэмбүү, арьсны Т-эсийн хавдар, Боуэны өвчин, Педжетын өвчин зэргээс эмнэлзүй, эмгэг эсийн өөрчлөлт ба бусад шинжилгээгээр ялган оношлоно. Аль ч тохиолдолд хайрст үлдийн гурвал шинж эерэг байдгаараа ялгаатай байна.
Эмгэг эдийн өөрчлөлт: Арьсны өнгөн хөрсөнд паракератоз үүсч, үрлэг давхраа байхгүй болно. Акантоз, эс доторх ба эс хоорондын хаван үүссэн байна. Мунрогийн бичил буглаа үүсэх нь хайрст үлдийн үед илэрдэг эмгэг эдийн гол шинж юм. Жинхэнэ арьсны хөхлөгийн дээр байрлаж байгаа өнгөн хөрсний үржлийн давхрын эсийн тоо цөөрч, нимгэрсэн байна. Жинхэнэ арьсны хөхлөгт байгаа цусны судас өргөссөн, цусаар дүүрсэн байна. Хөхлөг ба хөхлөгийн доорх хэсэгт судас тойрсон лимфоцит, гистоцитийн хаван үүснэ.
Эмчилгээ. Хайрст үлдийн үед эмчилгээ нь өвчний хэлбэр, үе шатаас хамаарна. Энэ үед дагнасан ганц эмчилгээг хийж болох боловч хавсарсан эмчилгээ нь эдгэрэлтийг илүү хурдасгадаг. Тайвшруулах, гистамины эсрэг, шээс хөөх, стеройд биш үрэвслийн эсрэг эм, дархлаа сэргээх, витамин эмчилгээг өргөн хэрэглэдэг. Хавсарсан хэсэг газрын эмчилгээ өндөр ач холбогдолтой. Антралины паст, витамин D3-biH аналог болох кальципотриол, такальцитол, кальцитриол, мөн рентиноидын төрөл болох тазаротен, нүүрс болон модны давирхайн 2-5 хувийн бэлдмэлүүд, глюкокортикоидууд нь сүүлийн үед хэрэглэгдэж буй өндөр идэвхитэй хэсэг газрын эмчилгээнүүд юм. Үүнээс гадна псориалентай хэт ягаан А туяа (PUVA), нарийн судалт хэт ягаан В туяа (narrow band UYB), давсан банн болон нарны туяаг хослуулсан рашаан сувилал эмчилгээг өргөн хэрэглэж байна. Идээт цэврүүнцэрт хайрст үлдийн үед ерөнхий эмчилгээ хийнэ. Үүнд: иммуносуппрессантууд (метотрексат, циклоспорин, фумаратууд), витамин А-ийн гаралтай ретиноиууд (этретинат), фумарын хүчлийн эстерүүд, глюкокортикоидууд, имидазол агуулсан лиарозол, такролимус (FK506), анти-СВ4-ийн эсрэгбие, аскомицин зэрэг эмүүд орно.

No comments:

Post a Comment